Эвслийнхэн Н.Энхбаяргүйгээр эвсэх үү
2012 оны 8 сарын 7
Эвслийнхэн Н.Энхбаяргүйгээр эвсэх үү
Ардчилсан намынхан өнгөрсөн баасан гарагт Ерөнхий сайд С.Батболдыг Лондонд хийх айлчлалаа түр хойшлуулахыг хүслээ. Ерөнхий сайд ч тэдний хүсэлтийг хүлээн авсан. Учир нь энэ долоо хоногт Ерөнхий сайдын нэрийг Ерөнхийлөгчид өргөн барихтай холбоотой гэнэ. Сонирхолтой нь Ардчилсан намтай хамтарч Засгийн газар байгуулах гэж байгаа МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн тэргүүн Н.Энхбаярт дөрвөн жилийн ял эдлүүлэх шүүхийн шийдвэр гарчихсан. Энэ нь Ардчилсан нам “Шударга ёс” эвсэлтэй хамтарч Засгийн газар байгуулахад ихээхэн тээг болох зүйл юм. Ардчилсан намынхан дүрэмгүй тоглолт хийж, эвслийнхэн Н.Энхбаяргүйгээр хамтарсан Засгийн газарт ордог юм гэхэд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үүнийг хүлээн зөвшөөрөх үү.

Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг УИХ-ын 2012 оны сонгуулийн дараахан МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэлтэй хамтарч Засгийн газар байгуулна гэж мэдэгдсэн. Энэ нь Н.Алтанхуяг тэргүүтэй “Алтангадас”-чууд Засгийн газрыг авна гэсэн үг. Гэтэл Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бол Ардчилсан хүчний холбоо, МоАХ талын хүн. Н.Алтанхуягийг Ерөнхий сайд болгох “Алтангадас”-ынхныг Засгийн газар байгуулах асуудалд Ц.Элбэгдорж эсрэг байр суурьтай байгаа.
Угтаа Ц.Элбэгдорж өнгөрсөн жил Н.Энхбаярт МАХН гэдэг нэрийг “бэлэг”-лэж МАН-ыг задлахдаа түүнд УИХ-д 11 суудал бас “бэлэг”-лэчихсэн. Үүнээс үүдэн одоо Ардчилсан нам тэр дотроо “Алтангадас”-ынхан Н.Энхбаярын удирддаг эвсэлтэй нэг “хөнжил”-д ороход хүрсэн.

Энэ нь Ц.Элбэгдоржийн бодож байснаас эсрэгээр эргэсэн гэх хүмүүс ч байна. Ингэхээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Н.Алтанхуягаар тэргүүлүүлсэн “Алтангадас”, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийнхнийг хүлээн зөвшөөрлөө гэхэд хэр хурдан бэ гэдэг нь сонирхол татсан асуудлын нэг болоод байгаа юм.

Үндсэн хуулийн 22.2-т “Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын Ерөнхий сайдыг  томилох саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлснээс хойш дөчин тав хоногийн дотор Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэж чадаагүй бол  өөрөө тарах буюу эсхүл Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хурлыг тараах тухай шийдвэр гаргана” хэмээн заасан байдаг. УИХ-ын гишүүд тангараг өргөснөөс хойш өдгөө яг нэг сар болж байна. Тиймээс Засгийн газар байгуулахад ердөө 15 хоног үлдсэн гэсэн үг. Ерөнхийлөгч Ерөнхий сайдыг хүлээн зөвшөөрлөө гэхэд УИХ-аар Засгийн газрын бүрэлдэхүүнд орж байгаа гишүүн тус бүрийг авч хэлэлцэнэ. Үүнд багагүй хугацаа шаардах тул Ардчилсан намынханы хувьд шинэ Засгийн газраа байгуулах асуудал “Хоолойд тулгасан хутга” шиг болчихоод байна. Гэтэл “Шударга ёс” эвслийн тэргүүн Н.Энхбаярыг шүүх хурал болохын өмнөх өдөр буюу долдугаар сарын 30-нд эвслийн Удирдах зөвлөлөөс мэдэгдэл гаргасан. Уг мэдэгдэлд “Засгийн газар байгуулахад болон түүний үйл ажиллагаа явж байх хугацаанд төр засгийн аливаа институцийн зүгээс улс төрийн хэлмэгдүүлэлтийг гаргах аваас МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвсэл нь хамтарсан Засгийн газар байгуулах талаар явагдаж буй хэлэлцээг зогсоох бөгөөд хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааг дэмжихгүй байх, түүнээс гарах болно гэдгээ ил тод мэдэгдсүгэй” гэсэн байлаа. Энэ мэдэгдэл хийсний маргааш өдрөөс эхлэн эвслийн тэргүүн Н.Энхбаярыг шүүх хурал гурав хоног үргэлжилж түүнд дөрвөн жилийн ял оноосон.

Үүнийг МАХН-ын гишүүд төдийгүй эвслийнхэн ч улс төрийн хэлмэгдүүлэлт гэж үзэж байгаа. Түүнчлэн Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын гэргий О.Цолмон “Энэ бол Ц.Элбэгдоржийн захиалгаар хийж байгаа ажил. Ирэх жил Ерөнхийлөгчийн сонгууль болно. Тиймээс миний нөхрийг улс төрийн зорилгоор хэлмэгдүүллээ” хэмээн телевизээр зарласан. Үүнийг зүгээр нэг нөхөр нь шийтгүүлсэн эхнэрийн үг гэж ойлгож бас болохгүй юм. Тэрбээр “Би олон жил улс төрд оролцож явсан” гэдгээ ч хэлсэн. Тэгэхээр энэ үг Н.Энхбаярын эхнэрийн төдийгүй намын нөхдийнх нь үзэл бодол гэж ойлгож болох талтай. Тиймээс Н.Энхбаяр улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртлөө гэдгийг намын нөхөд нь илэрхийлсээр байгаа учир хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааг дэмжихгүй гэсэн үгээ биелүүлэхэд хүрч байна.

Ардчилсан намын зарим гишүүдээс “Н.Энхбаяргүйгээр эвслийнхэн та нартай эвсэнэ гэж үү” хэмээн асуухад “Бид эвслийнхэнтэй тохиролцчихсон” гэсэн байгаа. Тэгэхээр МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл Н.Энхбаяргүйгээр эвсэнэ гэсэн үг үү. Ингэхэд тэд эвслийг Н.Энхбаяраас нь салгачихсан юм биш үү. Угтаа хамтарсан Засгийн газар байгуулахаар хэлэлцэхэд эвслийнхэн Шадар сайдын суудлын асуудлыг хөндсөн байдаг. Хэрвээ "Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг Ерөнхий сайд болбол эвслийн тэргүүн Н.Энхбаярыг Шадар сайд болгоно" гэж. МАХН-ынхан өнгөрсөн баасан гарагт буюу наймдугаар сарын 3-нд “Засгийн газарт орж ажиллах эсэхийг зарлах болоогүй байна” гэсэн. Гэтэл өчигдөр МҮАН-аас “Улс орны эрх ашгийг урьтал болгоно” хэмээн мэдэгдчихлээ. Энэ нь “Шударга ёс” эвслийн дотоод зөрчил ил болж байгааг харуулах мэт.

Тэгэхээр Ардчилсан намын хэсэг нөхдийн хэлсэнээр тэд үнэхээр эвслийнхэнтэй тохиролцчихсон бололтой. Зарим улс төр судлаачдын хэлж байсанчлан Ардчилсан намынхан “Шударга ёс” эвслийг задалж, АН угшилтай нөхдийг салган авч Засгийн газраа байгуулна гэдэг нь оргүй ч зүйл биш бололтой. Гэхдээ намаасаа хөөгдөх шахам явсан М.Энхсайхан, Н.Батцэрэг, Ц.Цолмон, М.Сономпил нар тийм хурдан Ардчилсан намтай нэгдэнэ гэж үү. Тэд намаасаа салан тусгаарлаад үнэндээ “Үнсэнд хаясан шалз” шиг байхад Н.Энхбаяр тэдэнтэй нэгдсэнээр өнөөгийн өндөрлөгт гарчихаад байгаа. Түүнчлэн тэд хүний ач мэддэггүй юм аа гэхэд тэднийг АН-ынхан ямар янзтай намаасаа гаргасан билээ гэдгийг мартаагүй л байх. Тэгэхээр Засгийн газраа байгуулах гэж барьц алдаж байгаа энэ үед л шантааж хийн өөрсдийгөө хэн бэ гэдгийг харуулах магадлал ч бий.

Эвслийн тэргүүн Шадар сайд байна хэмээн АН-ынхантай зөвшилцсөн тэд одоо яах бол. УИХ-ын 2012 оны сонгуульд “Шударга ёс” эвслийг Н.Энхбаяр биш М.Энхсайхан удирдаж оролцсон. Тэгэхээр М.Энхсайхан энэ удаад Н.Энхбаярыг орлож, Н.Энхбаяргүйгээр эвсэнэ гэсэн үг үү.

Н.БУДСҮРЭН
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив