Орон нутгийн сонгуульд цахим үнэмлэх садаа болох уу
2012 оны 8 сарын 31
Орон нутгийн сонгуульд цахим үнэмлэх садаа болох уу
Аймаг, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын сонгууль өвөрмөц хэлбэрээр явагдана. Анх удаа иргэд цахим үнэмлэхээр сонгуульд оролцоно. Автомат машинаар саналын хуудсыг тоолно. Холимог тогтолцоогоор аймаг, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийг өгүүлэхээр хуулийн төсөл өргөн барьсан гээд онцлог бөгөөд сонирхол татахаар олон зүйл байна. Үүн дээр улс төрийн намуудын хооронд маргаан, зөрчилдөөн үүсэж, сүүлдээ ширүүсэх хандлагатай байна. Энэ нь өчигдрийн УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх, Г.Баярсайхан нарын нэг, нэгнийхээ үгийг хүлээж аваагүй, эцэстээ бие биедээ гар хүрсэн асуудал илэрхий.

“Аймаг, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн хуулийн төслийг харж үзэх, санал оруулах зүйл байна” хэмээн МАН-ынхан үзэл бодлоо илэрхийлсэн ч, олонхи болсон гэдгээрээ түрий барьсан АН-ынхан өөрсдийгөө “бүгдийг мэдэгч” хэмээх нэр өгснөөс болж энэ хоёр намын хооронд сонгуулиас болж олон зөрчил, маргаан үүсэх нь тодорхой болоод байгаа юм. Энэ мэтчилэн нэг нь нөгөөгөө эсэргүүцсэн байдлаас болж хоёр гишүүн хоорондоо нударга зөрүүлээд àвсан юм. Цаашид ч энэ байдал хэрхэн үргэлжлэх нь МАНАН-ын хэрэг болоод байгаа. Нөгөөтэйгүүр улс төрийн амьдрал тоглоомтой бөгөөд адармаатай гэдгийг тод жишээ бол энэ. Харин энэ тоглоомын дүрмийг хэн өөрчлөх вэ гэдгийг харж суухаас өөр аргагүй. Гэхдээ дайны хажуугаар дажин гэгчээр аймаг, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын сонгууль амар хялбар аргаар явчихгүй нь нэгэнт тодорхой боллоо.

Аль эртнээс цахим үнэмлэхийг хэвлэж дуусгаад УИХ-ын сонгууль өгүүлэхээр дээр, доргүй ярилцаж байсан. Үнэн хэрэгтээ ярьсан, хэлсэн нь хэрэгжиж чадалгүй УИХ-ын 2012 оны сонгуулийг цахим үнэмлэхээр өгүүлээгүй. Ингээд наадмын дараагаас Улсын бүртгэлийн ерөнхий газрынхан цахим үнэмлэх хэвлэх ажилдээ жирийтэл оров. Одоо харин аймаг, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг явуулахаар хуулийн төслөө өргөн барьтал хэвлэж дуусаагүй гэдэг шалтгаанаар цаг, хугацааг оройтуулсаар байна. Тэд энэ ажлаа аравдугаар сарын 25 гэхэд яг дуусгахаа амлаж. Харин саналын хуудсыг цахим үнэмлэхийн тоогоор хэвлэх ч энэ ажил будлиан хутгах нь.

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн Р.Бурмаа “Улсын бүртгэлийн ерөнхий газарт Р.Бурмаа гэдэг хүний бүртгэл гурав явж байх юм. Тэгэхээр иргэдийнхээ бүртгэлийг үнэн зөв хийгээгүй байхад саналын хуудас хэвлэх асуудал дээр хүндрэл гарах нь” гэж ярив. Үнэн хэрэгтээ “Улсын хэмжээнд шинэчилсэн бүртгэлийг  явуулахад тухайн иргэний овог зөрчилтэй, нэр нь буруу орсон байна” гэсэн олон зөрчил гарсан. Тус газрынхан иргэдийн бүртгэлийг шинэчилж оруулахдаа өмнөхийг нь устгадаггүй байдлаас энэ бүхэн үүсэж байгаа юм. Тиймээс замбараагүй бүртгэлийг цэгцлээгүй, дээр нь цахим үнэмлэхээ хэвлэж дуусаагүй цагт аймаг, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын сонгууль цагтаа болно гэхэд эргэлзээтэй байсаар байна.

Дээр нь арваннэгдүгээр сарын дундуур сонгууль явуулахаар хүйтний улиралтай зэрэгцээд сонгууль өгөх иргэдийн идэвх бага байх нь гарцаагүй гэдгийг улс төрийн нам, эвслүүд үзэж байгаа. Энэ нь үнэний ортой байж болох. Харамсалтай нь суманд ганцхан тойргийн хороо байгуулж, дээр нь нэг хүний нэр дээр гурван саналын хуудас хэвлэгдээд ирэхийг үгүйсгэх газаргүй байна. Иймээс аймаг, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын сонгууль хэл ам дагуулсан, дээр нь улстөржилтийн жинхэнэ гор гарах нь.

С.МӨНХБАЯСГАЛАН
    Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив