Оросын хувьсгалчдын музейг сүйтгэсэн Бамбар инж ХХК-ийнханд ямар ял үүрүүлэх вэ
2012 оны 9 сарын 7
Оросын хувьсгалчдын музейг сүйтгэсэн Бамбар инж ХХК-ийнханд ямар ял үүрүүлэх вэ
Нийслэлийн түүхэн дурсгалтай барилгууд өдөр ирэх тусам байхгүй болж байна. Үүний нэг тод жишээ нь Оросын хувьсгалчдын музей гэж нэрлэгдэж ирсэн Чингэлтэй дүүргийн тавдугаар хороонд буюу хуучнаар Лениний музейн ард талын хоёр давхар дүнзэн хүрэн байшин нэг л өдөр алга болсон явдал. Тус байшинг нураагаад жил гаруй хугацаа өнгөрч байгаа юм. Одоогоор барилга байсан газрыг хүрээлүүлж хашаа татаад, дотор нь хамгаалалтын гэр бариулж, үүдэнд нь нохой гинжлэн уясан байдалтай байгаа юм. Харин хамгаалагчид түүхэн дурсгалтай ямар барилга байсан, одоо аль компани үйл ажиллагаа явуулах гэж байгааг ч мэдэхгүй харуулын үүрэг гүйцэтгэгч гэх нэрийдлээр байх нь хачирхалтай.
Хашааны баруун хойд буланд нь дүнзэн байшингийн шургааг өрсөн, голд нь нүх ухсан байдалтай байна. Хашааны үүдэнд ““Бамбар инж” ХХК тус барилгыг түрээсээр эзэмшиж байгаад барилгын даац алдагдаж, хаалга нь нурсан учир буулгахаас өөр аргагүйд хүрсэн. Иймээс барилгыг цаашид түүхэн дурсгалт өнгө, төрхийг хадгалж үлдээхээр шинэчлэн барихаар болсон” гэжээ. Үүнээс үзэхэд тус барилгыг шинэчилж барихдаа өмнөх өнгө, төрхийг хадгална гэсэн нь тодорхой байв. Гэвч нийслэлийн Хот төлөвлөлтийн газарт өөр мэдээлэл байгаа нь улам их сонирхол татлаа. Учир нь тус барилгыг “Бамбар инж” ХХК нь конторын зориулалтаар ашиглахаар 2007 оны тавдугаар сарын 24-ны 248 тоот тушаалаар захирамж гаруулсан байв. Тэгэхээр иргэдийн нүдийг хуурсан далд үйл ажиллагаа явуулж байгаа нь үүнээс тодорхой болж байгаа юм. Түүхэн дурсгалт барилгын өнгө, төрхийг хадгалсан барилга барина гэж хашааныхаа үүдэнд тодоос тод биччихээд далдуур өөрсдийнхөө үйл ажиллагаанд зориулсан орд харш барих гэж байгаа нь нэгэнт тодорхой юм шиг ээ. Гэхдээ энэ барилгыг бариулахгүй гэж иргэд нэлээд хөөцөлдсөний эцэст, үйл ажиллагааг нь эхлүүлээгүй байгаа юм байна. Хашаа татсан газар нь ард талынхаа тавдугаар хорооны есөн давхар байртай хэтэрхий ойрхон байдаг байна. Тиймээс иргэд барилга бариулахгүй гэж “зүтгэснээр” нийслэлийн Газрын албаныхан үйл ажиллагаа явуулахыг нь түр зогсоогоод байгаа аж. Гэвч газрын наймаа ид цэцэглэсэн энэ үед тэрхүү заалт хамааралгүй, нэг л шөнө барилгынхаа ажлыг эхлүүлэхийг хэн ч үгүйсгэхгүй. Харамсалтай нь Монгол Улсын түүхэн дурсгалтай барилга “Бамбар инж” хэмээх ХХК-ийн хүмүүсийн гарт сүйтгэгдэж “хэлмэгдлээ”. Үүнийг одоо яах вэ.
    Оросын хувьсгалчдын музей гэж нэрлэгдэж байсан хоёр давхар дүнзэн байшин нь хуучнаар Нийслэл Хүрээнд Хятадын есөн гудамжны хоёр дахь гудамжинд  баригджээ. Уг нь байшинд цагаач оросууд байдаг байсан тул Д.Сүхбаатар жанжин уулзалт, хэлэлцээр хийдэг байсан гэх нь бий. Энэ байшин нь 104 жилийн түүхтэй бөгөөд одоо үүнийг гэрчлэх нэг ч зүйл байхгүй боллоо. “Бамбар инж” ХХК нь байшинг нурааж үгүй хийчихээд одоо юу бодож суудаг бол оо. Сүүлд тус байшинд номын фонд хадгалж байгаад Улсын хамгаалтад авсан гэдэг. Харин 1992 оноос “Бамбар инж” ХХК нь түрээслэх болсон байна. Нөгөөтэйгүүр Оросын хувьсгалчдын музей байсан гэх энэ байшинг нурааж, оронд нь өөр барилга барих ажилд нэрт нийтлэлч Баабарын нэр багтдаг гэх нь бий. Харин энэ газарт иргэд барилга бариулахгүй гэхээр нь тэрбээр Оросын хувьсгалчдын музейн урдхан талд нь буюу хуучнаар Лениний музейн арын машины зогсоолыг авах гэж санаархжээ. Машины зогсоолд барилга бариулах зөвшөөрөл хүсэж, нийслэлийн Газрын албаар нэлээд авсан ч тэд үүнийг зөвшөөрөөгүй гэдэг юм билээ.
    Мөнгөтэй нэг нь дуртай газартаа барилга барьж, хотын түүх дурсгалыг илтгэх байшингуудыг дуртай нэг нь нурааж байгаа нь зүйд нийцэх үү.

Б.БӨРТЭ
Эх сурвалж http://www.info.mn
Оросын хувьсгалчдын музейг сүйтгэсэн Бамбар инж ХХК-ийнханд ямар ял үүрүүлэх вэ
Оросын хувьсгалчдын музейг сүйтгэсэн Бамбар инж ХХК-ийнханд ямар ял үүрүүлэх вэ
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ