Б.Ганхуяг: С.Батболдыг Ө.Энхтүвшинээр сольсноор Ардын нам шинэчлэгдэхгүй
2012 оны 9 сарын 11
Б.Ганхуяг: С.Батболдыг Ө.Энхтүвшинээр сольсноор Ардын нам шинэчлэгдэхгүй
Ардын намд жигүүр байгуулагдаад сар гаруй болж байна. МАН-ын анхны жигүүрийг үүсгэн байгуулагч, Ардын намын бодлого, шинэчлэлийн хөтөлбөрийг санаачлагч, Бага хурлын гишүүн Б.Ганхуяг жигүүрээ төлөөлж хэвлэлд анх удаа ярилцлага өглөө. Тэд намаа шинэчлэхийн тулд  “Намын бодлого, шинэчлэлийн хөтөлбөр” боловсруулжээ.

-Ардын намд жигүүр байгуулагдаад багагүй хугацаа өнгөрлөө. Жигүүр байгуулагдах шалтгааны талаар ярилцлагаа эхлэе?
-УИХ болон Иргэдийн хурлын сонгуулийн үр дүн гарлаа. Манай нам ялалт байгуулж чадсангүй. Намын удирдлага тухайн сонгуульд орсон үр дүнгээс үүдэн ажлын хариуцлага хүлээх ёстой гэсэн заалт манай намын дүрмэнд байдаг. Үүний дагуу хариуцлага хүлээ, Бага хурлаа хуралдуул, намын Их хурлаа хуралдуул, түүнээс өмнө юунаас болж нам сонгуульд унав гэдэг шалтгааныг нь тодруулж, намын нийт анхан шатны байгууллага, гишүүдээр хэлэлцүүлэг явуулж, Их хурлаа хуралдуулж нийт гишүүдийнхээ үзэл бодол байр суурийг сонсох ёстой гэдэг шаардлага тавьсан. Бид өнөөдрийн байдлаар албан ёсоор жигүүр гэж нэрлэгдээгүй байгаа. Учир нь намын дүрмээр Бага хурлын нийт гишүүдийн дөрөвний нэг хувийн дэмжлэгтэйгээр жигүүр байгуулах эрхтэй байдаг. Үүнийг би болон надтай үзэл бодол нэг байгаа хүмүүс ардчиллын нэг зарчмыг бүдүүлгээр зөрчсөн үзүүлэлт гэж үзэж байгаа. Бид тав, арвуулаа тодорхой хөтөлбөр, зорилт дор үзэл бодол нэгдэж болно шүү дээ. Тэгээд бага хурлаараа оруулаад хэлэлцүүлж батлуулж болно. Гэтэл заавал Бага хурлын гишүүдийн дөрөвний нэг хувийн дэмжлэг авах ёстой гэдэг бол энэ ардчилалгүй, дотоод ил тод нээлттэй байдлыг үгүйсгэсэн ийм л заалт. Ийм учраас жигүүр байгуулах асуудлыг өнгөрсөн Бага хурлаар хэлэлцүүлээгүй. Гэхдээ бид саяын Бага хурлаар тавьсан асуудлынхаа хоёрыг нь шийдүүлж авсан. Нэгдүгээрт, Бага хурал хуралдсан.  Хоёрдугаарт, Бага хурлаар намын удирдлагууд улс төрийн хариуцлагаа хүлээсэн.
-Бага хурлаар намын шинэ дарга тодорсон. Намын даргын асуудал Их хурлаар хэлэлцэгдэх ёстой байсан юм биш үү?
-Шинэ удирдлага гарч ирсэн. Шинэ намын дарга манай дүрмээр мэдээж Их хурлаар батлагдах ёстой. Их хурал хүртэл энэ ажлыг хийх эрхтэй байгаа. Бидний тавьсан шаардлагын нэг бол Их хурлаа зарла. Үгүй бол дарга солигдсоноор энэ намын шинэчлэгдсэн гэх асуудал байхгүй. Мэдээж дарга таалагдах, таалагдахгүй нь гол асуудал биш юм. Ө.Энхтүвшин даргын хувьд улс төрийн өндөр туршлагатай, хариуцлагатай хүн. Бид энэ хүнд эргэлзэхгүй байгаа. Гэхдээ юу хийх гэж байгаа нь тодорхой биш байна. Ямар хөтөлбөр дэвшүүлсэн, намыг ямар болгох юм. Сонгуульд яаж оролцох, бодлого хөтөлбөрийн хувьд, үзэл баримтлалын хувьд яаж өөрчлөгдөх юм гэдэг нь бүрхэг байна. Намын гишүүд маань яг амьдрал дээр С.Батболдыг Ө.Энхтүвшинээр сольсоноор нам шинэчлэгдлээ гэж үзэж байгаа юм уу, үгүй юу гэх зэрэг олон тодорхойгүй, хариултаа хүлээж байгаа асуултууд байгаа. Гэсэн ч сая хуралдсан Бага хурлаар Их хурлаа зарлаагүй.
-Бага хурлын өмнөхөн жигүүр байгуулагдсан нь олны анхаарлыг нэлээд татсан. Жигүүр байгуулагдсанаар намын дотоод зөрчил илэрлээ гэх хүн ч байсан...
-Бид тухайн үед Бага хурал дээр маш хатуу шүүмжлэлийг тавьсан. Ер нь энэ бол болохгүй байна. Өнөөдөр бид нар Их хурал, Орон нутгийн сонгуульд ялагдлаа. Ялагдахдаа мэдээж хэвлэл мэдээлэл, ялангуяа мэдээллийн технологийн салбарт ялагдлаа. Үүний дээр намын нэр сольсон процесстой холбоотой ялагдал хүлээлээ. Түүнчлэн намын зарим гишүүд нэр сольсон нам руу шилжсэн нь бас том цохилт боллоо. Дээрээс нь намын нэр дэвшиж байгаа хүмүүс хоорондоо хамтарч ажиллаж чадаагүй. Хамгийн гол нь нам доторхи фракцийн зохион байгуулалтын асуудал. Дандаа далд байдаг. Үнэндээ гурав, дөрвөн фракци амь бөхтэй оршиж байгаа. Тэгэхдээ бүгд нуудаг. Нуухдаа манайд фракци байдаггүй ээ гэдэг. Тэгсэн мөртлөө цаагуураа фракци, бүлэглэлийн зарчмаар асуудлаа шийдээд яваад байдаг. Үүнээс үүдээд шинэчлэл хийхэд маш удаан хугацаа ордог. Зүгээр л нэг хүмүүсээр үг хэлүүлчихээд тэрийг нь хүлээж авдаг ч юм уу, авдаггүй ч юм уу. Ер нь бол зүгээр хэлээд сонсдоггүй юм байна. Зүгээр шүүмжлээд ойлгодоггүй юм байна. Хүлээж авдаггүй юм байна. Үнэндээ манай намын дээд, дунд, анхан, доод шатанд системийн хямрал явагдаж байна. Доод шатанд байгаа намын идэвхтэй залуус, ахмадууд бүгд бухимдалтай байна. Яагаад нам шинэчлэгдэхгүй байна. Яагаад бид нарын үгийг сонсохгүй байна. Яагаад орон нутаг болон УИХ-д унасан үйлдэлдээ дүгнэлт хийхгүй байна. Яагаад үүндээ зүгээр л хариуцлагаа хүлээгээд өнгөрч байна. Гарч ирээд миний буруу гээд хэлчихгүй байна гэх зэрэг маш олон бухимдалтай зөрчилтэй асуудлууд байна.
Тиймээс бид нар “Намын бодлого, шинэчлэлийн хөтөлбөр” гэдэг зүйлийг боловсрууллаа. Үүнд манай намын үзэл баримтлал, хичээн эрмэлзэх зүйл, дүрэмд ямар өөрчлөлт оруулах. Доороосоо дээд шат хүртлээ зөв, эрүүл гольдролоор явах ямар систем байж болох ямар тогтолцоо байж болох вэ гэдэг утгаар нь дүрмийн заалт бүрээр тусгасан. Үүний дээр дүрмийн хэрэгжүүлэх үе шат, үр дүнгийн талаар тусгаж боловсруулсан байгаа. Энэ хөтөлбөр маань нэлээд өндөр төвшинд, нарийн судалгаатай боловсруулагдсан.
-Намын удирдлагууд солигдчихлоо. Хариуцлагаа хүлээчихлээ. Гэтэл жигүүрийнхэн Их хурал хуралдуулахыг шаардаж байна. Одоо юу хэлэлцэх ёстой вэ гээд байгаа?
-Тэгэхээр одоо хөтөлбөр хэлэлцэх ёстой. Энэ бол сайн хүн гээд нэг дарга тавьснаар нам шинэчлэгддэггүй. Үүнийг үзэл баримтлалын төвшинд, хөтөлбөрийн төвшинд эрмэлзэх зүйлийн төвшинд, дүрмийн төвшинд энэ намын үйл ажиллагаанд салхи оруулах ёстой. Ялангуяа гишүүд, эмэгтэйчүүд, намын анхан шатны байгууллага буюу намын суурь бүтцийн оролцоог нэмэгдүүлж байж шинэчлэгдэхгүй бол нам одоо түгжрэлийн байдалд орчихсон. Зөвхөн тархи толгой буюу дарга нарын төвшинд бүх асуудал явагддаг. Энэ дотроо л ажиллаад байдаг. Үнэндээ манай нам ялзарчихаад байна. Тэр ялзрал нь толгойгоороо биш улс төрийн үйлдлээр биш, улс төрийн шийдвэрээр биш, асуудлыг цохиж унагааж шийдвэрлэхэд хүргэж байгаа нь өөрөө системийн хямрал юм. Эр зориг байж болно. Тэр бол хувь хүний асуудал түүнийгээ өөр газар очиж шийдэж байх ёстой.
-Ардын намыг МАХН нэртэй байхад хэд хэдэн жигүүр байгуулагдаж байсан. Тэд эхэндээ та нар шиг л намын шинэчлэл ярьж байлаа. Гэхдээ бүгдээрээ албан тушаалд очоод дуугаа хураасан мэт харагддаг. Танай жигүүр ч гэсэн тэгэх болов уу гэсэн хар төрж байна?
-Урьд нь гурваас дөрвөн жигүүр үйл ажиллагаа явуулж байсан. Манай намын дүрэм XXVI Их хурлаар өөрчлөгдөөд Бага хурлын гишүүдийн дөрөвний нэг хувийн дэмжлэгтэйгээр жигүүр байгуулагдана гэдэг асуудал орж ирсэн. Үйл ажиллагаанд нь хязгаарлалт тавьсан. Тиймээс бүх жигүүрүүдийг татан буулгасан. Мэдээж жигүүр, бүлэглэл, фракци бол өөрийнхөө үйл ажиллагааны чиглэлийг тавиад нэг л зорилготой байгаа. Зорилго нь биелэгдсэн тохиолдолд татан буулгадаг. Энэ бол угаасаа бүх газар явагддаг процесс. Бидний хувьд ямар нэгэн албан тушаалын зорилго тавиагүй. Хөтөлбөрийн шинэчлэл буюу Их хурлыг хуралдуулах зорилго тавьсан. Ингээд дөрвөн зорилго тавьсны хоёр нь биеллээ. Одоо 15-наас анхан шатны байгууллагууд дээр орон нутгийн сонгууль болон сонгуулийн үр дүнтэй холбоотой хэлэлцүүлэг эхлэх гэж байна. Ингэхээр гурав дахь нь биелэж байна гэсэн үг. Их хурал хуралдсанаар бидний зорилго биелэнэ. Албан тушаалтай холбоотой асуудлаар гэвэл ер нь улс төрийн нам чинь өөрөө төрийн эрх мэдлийн төлөө үйл ажиллагаа явуулдаг. Угаасаа л тийм. Онол, практик аль алинд нь байгаа. Тийм учраас үүний ард нэг л зорилго байдаг. Аль ч бүлэг, фракци, жигүүр, намын хувьд бид үүнийг ингэж хийнэ. Үүний үр дүнд улс орны эрх ашиг ингэнэ гэсэн зорилготой байдаг.
Миний болон бид нарын хувьд бол ямар нэгэн албан тушаал авахгүй. Ажлыг бол хийнэ. Харин XXVII их хурлаар байгуулагдах Бага хурлын тухайд гэвэл бид санаачилсан зүйлээ хэрэгжүүлэхийн тулд албан тушаалд очиход бэлэн. Энэ бол залуу хүнийхээ хувьд миний бодол. Худлаа нуух хэрэггүй байх. Миний ард ахмад болон дунд үеийнхэн байгаа. Тэднийг төлөөлж энэ үгийг хэлэх эрх бол надад байхгүй. Намайг хэн нэгэн дарга лифтэнд суулгаж гаргаж ирээд Б.Ганхуяг бол ийм дарга юм гээд тавиагүй. Тавихгүй байгаа. Харин би өөрөө үзэл бодол, хөтөлбөр хийх ажилтай, зорилттой, түүнийг хийх аргачиллаа хүртэл биччихсэн ийм тохиолдолд хэрвээ үүнийхээ төлөө явъя гэж бодож байгаа бол хийхэд бэлэн байх ёстой. Гэхдээ ажлын төлөө шүү. Хэн нэгэн хүний төлөө биш. Тэгэхээр ялгаа нь бага юм шиг мөртлөө зарчмын хувьд шал ондоо зүйл гэж би хувьдаа ойлгодог.
-МАН-ынхан Бага хурлаа нэгдүгээрт тавьсан учраас бүлэггүй хоцорлоо гэж байгаа. Та Бага хурлын гишүүн хүний хувьд үүнд ямар байр сууринаас хандаж байна вэ?
-Би үүнд хатуу байр суурьтай байгаа. Яагаад гэвэл тэр З.Энхболд байна уу. Дорж байна уу, Бат байна уу хэнд ч хамаагүй. Мэдээж манай намын удирдлагууд ч гэх юм уу тэр хүний үзэл бодол, улс төрийн байр суурь таалагддагүй байж болно. Гэхдээ хуулинд цагаан дээр хараар 24 цагийн дотор гээд заачихсан байгаа. Түүнийгээ биелүүлэх л хэрэгтэй. Ер нь бол заавал манай намд таалагдах албагүй шүү дээ.
-Энэ нь сонгуулийн ялагдал дээр намынхаа нэр хүндийг унагаж байна гэх нь бий. Энэ талаар...
-Шууд хэлэхэд улс төрийн маш том хариуцлагагүй алхам болсон. Манай намд улстөрч, бизнесмэн, хуульчид, эдийн засагчид ч байгаа. Тэгэхдээ эд нараас нам бүрддэг боловч намын дотоод зохион байгуулалт бүтэц гэж байгаа. Өдөр тутмын ажил нь тасралтгүй явагдаж байна. Төрийн ажил, хууль хэрэгжиж байх ёстой. Үүнийг бид нар хэрэгжүүлж байх үүрэгтэй. Энэ хуулийг манай намын гишүүд өөрсдөө батлалцсан. Хуулиа мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Монголын урдаа барьдаг хуульчид манай намд байгаа. Тэгсэн мөртлөө улс төрийн ийм хариуцлагагүй алхам хийсэн нь намын удирдлага зохион байгуулалт, зохион байгуулалтын дотоод асуудал алдагдсан л гэсэн ойлголт шүү дээ. Одоо нийгэмд Ардын намтай, намгүй төрийн ажил явдаг юм байна гэдгийг баталгаажуулах гээд байна шүү дээ. Үүн дээр яагаад тайлбар хийхгүй байгаа юм. Намын бүлэг яагаад сул байгаа юм. Үнэхээр үлбэгэр, дорой харагдаж байгаа. Тэгвэл ийм тохиолдолд улс төрийн ямар бодлого барьж, ямар тэмцэл хийж явах ёстой юм. Бүгдийг нь дагуулж гарч ирээд зодоод байх юм уу. Үнэхээр өөр улс төрийн арга зам байгаа юм уу, үгүй юу. Үүнийгээ мэдэж байгаа юм уу. Эсвэл асуудалд эерэгээр хандаж, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт намын мөрийн хөтөлбөрт байгаа зүйлээ тусгаад биелүүлэх талаас нь дэмжээд явах ёстой юу гэх мэтчилэн намын жирийн гишүүдийн дунд байгаа үл ойлголцолд очиж хариулт өгөх байх гэж би найдаж байгаа. Мэдээж манай нам олонхи болоогүй, Засгийн газрын бүрэлдэхүүнд багтаагүй тохиолдолд мөрийн хөтөлбөр хэрэгжих боломжгүй. Гэсэн ч бүх намууд Монгол Улсын эрх ашиг сайн сайхны төлөө, монгол хүний төлөө мөрийн хөтөлбөр боловсруулсан учраас манай намын мөрийн хөтөлбөрөөс аваад хэрэгжүүлчих боломжтой зүйлүүд олон л байгаа. Үүнийг хэрэгжүүлэхийн төлөө явах ёстой.
-МАН-аас сонгогдсон 25 гишүүн огцрох өргөдлөө өгөх гэнэ гэсэн шуугиан гараад байгаа?
-Үнэндээ бол чадахгүй шүү дээ. Би бол чадахгүй байх л гэж бодож байна. Нэг талаасаа тэдний талаас илүү хувь нь иргэдийн дундаас сонгогдсон. Тэр иргэдийн эрх ашгийг төлөөлж байгаа. Сонгогдохдоо намын нэрээр сонгогдсон. Өөрийн болон намын нэр үзэл баримтлалтай холбоотой иргэдийн итгэлийг авч гарч ирсэн учраас ингээд хэлчих ч бас нэг талаас эвгүй. Нөгөө талаас намын жагсаалтаар орсон хүмүүст нэрээ татах тийм зориг, хүч байна уу, үгүй юу гэдэг чинь бас л эрсдэлтэй алхам. Би энэ хүмүүсээс тэгж чадах хүн цөөхөн байгаа л гэж харж байна.
-Намын Их хурлыг хэзээ хуралдуулахаар шаардаж байгаа вэ?
-Орон нутгийн сонгуулиас өмнө хэлэлцүүлэг явагдаж байгаа. Их хурлыг бид орон нутгийн сонгуулийн өмнө хийх гэж яарахгүй байна. Яагаад гэвэл орон нутгийн сонгууль гэдэг бол төрийн ажил. Төрийн ажилтай намын ажлыг хутгаад байна гэдэг бол зүй ёсны зүйл мөн үү биш үү гэдгийг бодох ёстой байх. Орон нутгийн бие даасан байдал, орон нутгийн онцлог зэргийг ардчилсан нам хутгаж байгаа шиг манайхан хутгаж болохгүй. Нөгөөтэйгүүр цаг хугацаа зохион байгуулалт, зардал мөнгөний хувьд Их хурал хүнд байгаа учраас бид заавал тэгж шахахгүй. Бид байгаа нөхцөл байдлыг ойлгож байгаа. Тэгэхдээ өмнө нь Их хурлын товыг зарлах ажлын хэсэг байгуулчихсан байх ёстой.
-Ярилцсанд баярлалаа.

Н.БУДСҮРЭН
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ