Хотын дарга Шувуун фабрик, Биокомбинатын иргэдтэй уулзлаа
2012 оны 9 сарын 17
Хотын дарга Шувуун фабрик, Биокомбинатын иргэдтэй уулзлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл өнгөрсөн бямба гарагт Биокомбинат, Шувуун фабрикийн иргэдтэй уулзав. Мөн Таван толгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд зочилж Цэргийн анхан шатны сургалтын явцтай танилцлаа. Хотын мэртэй нийслэлийн Барилга хот байгуулалт, дэд бүтцийн асуудал эрхэлсэн орлогч Н.Гантөмөр, Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун, Авто замын газрын дарга Ц.Нанзаддорж зэрэг албаны хүмүүс дагалдан ажилласан юм.
Нийслэл хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөгөөр Шувуун фабрик нь нийслэлийн хөдөө аж ахуйн бүс нутаг болох ёстой. Гэтэл өнөөдөр энэ төлөвлөгөөнөөсөө эсрэгээр явж байна. Шувуун фабрик нь хөдөө аж ахуйн бус нутаг биш бус харин байгаль орчин нь сүйдсэн, оршин суугчид нь эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхээр хангагдаж чадахгүй, өлөн тоос бужигнасан барилгын материалын бүс болсон. Тиймээс тус хорооны иргэд хотын мэрээс карьерын үйл ажиллагаа явуулж байгаа 100 гаруй аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоож, Шувуун фабрикт дахин төлөвлөлт хийж хөгжлийн зөв замд нь оруулахыг хүсэж байлаа. Үүнээс гадна Нисэхээс Шувуун фабрик хүртэлх замыг карьерын том машинууд эвдсэн байна. Эвдэрсэн замыг нэн яаралтай засах шаардлагатай. Засаж засварласан замаар дахиж карьерын том машинуудыг явуулахгүй байх хэрэгтэй гэсэн саналын иргэд хэлж байв. Хотын мэр “Байгаль орчин сүйтгэж, нийслэлчүүдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхэнд халдаж байгаа карьеруудыг хаах талаар аж ахуйн нэгжүүдтэй хэлэлцээ хийнэ, Ер нь цаашдаа нүүлгэн шилжүүлэх, хаах хүртэл арга хэмжээ авна” гэдгээ  энэ үеэр хэллээ. Нисэхээс Шувуун фабрик хүртэлх замыг энэ жилдээ багтаан нөхөөсийн хэлбэрээр бүрэн засна. 2014 он гэхэд 100 хувь ашиглалтад хүлээлгэн өгөх талаар холбогдох албан тушаалтнуудад үүрэг өгсөн юм. Харин гэр хорооллыг дахин төлөвлөх замаар амины тохиолог орон сууц барих тал дээр иргэдийн оролцоог хангах замаар шуурхай шийдвэр гаргах шаардлагатай байгааг хотын удирдлагууд хэлж байв. Инженерийн шугам сүлжээг хаагуур татах, яаж холбох зэрэгт оршин суугчдын өөрсдийнх нь санаа бодол чухал учраас энэ чиглэлээр санаа бодлоо нэгтгэхийг Засаг дарга Э.Бат-Үүл иргэдээс хүслээ. Иргэдээс тавьсан хүсэлтийн дагуу түргэн тусламжийн машинаар хангах асуудлыг яаралтай шийднэ гэдгээ Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун мэдэгдэв
 
Сүүлийн 20 гаруй жил Биокомбинатын иргэд өвөл болгон л халаалтын хүндхэн асуудалтай нүүр тулж иржээ. Тиймээс халаалтын зуухны асуудлыг шийдэж өгөхийг иргэд хотын мээрээс хүссэн юм.
Биокобинатын иргэд Сонгины гүүрийг шинэчлэх, хогийн цэгийг хаах, Нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах, бага ангийн сурагчдыг автобусаар зөөдөг болох зэрэг олон ажил хэрэгч санал хэлж байв. Харин нийслэлийн Засаг дарга хогийн цэгийг хаах асуудлыг судлах, нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах, маршрутыг шинэчлэх ажлыг ойрын хугацаанд хийнэ гэдгээ амлалаа. Үүнээс гадна ОХУ-ын зохих албаны хүмүүстэй төмөр замын автобусыг нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрүүлэх чиглэлээр яриа хэлэлцээ хийж байгаа гэдгээ хотын дарга хэлсэн. Хэрэв талууд ойлголцолд хүрч чадвал суугаагаараа 250, босоогоороо 500 хүн багтах хүчин чадалтай төмөр замын автобусыг хоёр сарын хугацаанд Нарантуул, Барс, Хархорин зэрэг газарт зогсоодог байдлаар туршиж үзэх юм. Улаанбаатар хотын удирдлагуудын зүгээс эхний ээлжинд алслагдсан хороо, тосгоны хүүхдүүдийг зөөдөг тусгай автобустай болох бодлого баримталж байгаа бөгөөд нийслэлийн Боловсролын газраас судлагаа хийж байгаа юм байна. Цаашдаа бага сугуулийг тусад нь байгуулах бодлого баримтална гэдгээ хотын мэр онцолсон. Орон сууцны оршин суугчдын халаалтын зуухны асуудлыг хүйтрэхээс өмнө  шийдэж өгөхийг мэрэгжлийн хүмүүст нь үүрэг болгов. Гэхдээ оршин суугчид халаалтынхаа мөнгийг цаг тухайд нь төлдөг болох, СӨХ-ныхоо хурлыг яаралтай хийж, даргаа шинээр сонгохыг Биокомбинатынханд хотын удирдлагууд зөвлөв.  

Эх сурвалж http://www.info.mn
Хотын дарга Шувуун фабрик, Биокомбинатын иргэдтэй уулзлаа
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ