Яагаад “Социализм” гэж ?!
2012 оны 9 сарын 18
Венесуэлийн Уго Чавес социализм байгуулна гээд түүнийг нь томоос АНУ, жижгээс Монголд ганц л хүн хараах. Уго Чавес солиотой хүн үү, ухаантай хүн үү ?! Яг нарийн үзэх юм бол Венесуэлийн үйл явдал нийгмийн баялгийн хуваарилалтын мөнхийн асуудлыг хөндөж байгаагаараа онолын ч, практикийн ч ач холбогдолтой юм. Ингээд бүгдээрээ шүүн хэлэлцэхэд зориулж зарим талаар нэлээд “өдөөн хатгасан” эрэгцүүллээ толилуулж байна. Харин битгий л нэг их онол монол яриад хадуураад балайраад алга болж үзээрэй. Баялаг “хуваарилдаг онол” байхгүй гэдгийг онцлон анхааруулж байна. Уг нь хараадаг баялаг гэж байхгүй, харалган эзэн гэж л байдаг юм ш дээ…

Баялаг хэрхэн бүтээдэг, хуваарилдаг тухай
Энэ асуултад бүх онол, бүх хүн хариулж чадах боловч сайн мэддэггүй юм. Баялаг бүтээх, олох хоёр л зам бий. Нэг нь дотооддоо бол үйлдвэрлэл буюу эдийн засгийн аргаар хүний хөдөлмөрийг “шулж” олох ёстой. Энэ талаар К.Марксын хамгийн сайн онол бий. Үүнийг хэн ч бүрэн няцаагаагүй. Нөгөө нь бусад улс орныг дээрэмдэх арга. Үүнийг колоничлол гэх. Одоо бол шинэ колоничлол. Үүнээс өөр ямар ч арга байхгүй. Энэ хоёр арга зэрэгцэн оршиж, үндэстэн дамжиж, хөгжиж ирсэн боловч мөн чанар нь огт өөрчлөгдөөгүй.
Ямар орныг колоничлох вэ, мэдээж ядуу буурай жижиг орныг. Энэ бол одоо болтол явж ирсэн зүй тогтол, жам ёс. Энэ дундаас сөрөн зогсож, цойлж гарч ирсэн улс орон тун цөөн. Нефтээр баян арабын орнууд, азийн хэдэн бар, сүүлийн үед латин америкийн хэдэн орон. Энэ жагсаалт арван хэдээс нэг их хэтрэхгүй.
Уго Чавес “социализмд хурдасгасан шилжилт хийнэ” гэж байгаа. Яагаад ЗХУ болон социалист бусад орны гашуун туршлагыг харсаар мэдсээр байж энэ рүү зүтгэнэ вэ ? Энэ бол баялгийн хуваарилалт юм байна. Энд бэлэн баялгийг хуваарилах асуудал гарч байна.

Венесуэльд сүүлийн хэдэн жил нефтийн асар их нөөц олжээ. Тэнд дэлхийн нөөцийн 19 хувь олдоод байна. Энэ бол Орос болон АПЕК-ийн орнуудаас хамаагүй илүү гэсэн хэрэг.
Ингээд бараг гүн ухааны асуудал үүсч байна. Энэ “мангар” их баялгийг “цөөхүүлээ идэх үү, олуулаа идэх үү”. Цөөхүүлээ иднэ гэвэл “капитализм” болох ба миний ойлгосноор ядуу Венесуэлийн капиталистууд “иднэ ууна” гэдгийг ёстой үзүүлээд өгсөн байна. Ердөө л 3000 гаруйхан “иддэг” нөхдүүд байжээ. Ийм л “капитализм” байж. Их түгээмэл сонгодог жишээ л дээ. Харин Уго Чавес “олуулаа иднэ” гэжээ. Ингээд “социализм” болчихож байгаа юм. Ямар ч гэсэн төрийн мэдлийн нефть хийн “Петролеос де Венесуэла” концернид хяналт тавихийн төлөө улс төрийн ширүүн тэмцэл болжээ. Ингээд Уго Чавес түүнийгээ мэдэлдээ авах нь тэр. Бусад эдийн засаг нь “туслах” шинж чанартай юм.

Өнгөрсөн онд венесуэлийн нефть 101 доллар байж эдийн засгийн өсөлт нь 4,2 хувь болж нефть хийнээс 127,977 млрд долларын ашиг олжээ. “Петролеос де Венесуэла” дэлхийн хамгийн том, тэгээд санхүүгийн хувьд хамгийн тогтвортой компани болж чадсан байна. Гэхдээ Венесуэлийн асар их баялгийг ашиглахын тулд бас л асар их нэмэлт хөрөнгө оруулалт хэрэгтэй юм байна.

Социализмын “зовлон” тэр дороо л гараад иржээ. Сүүлийн 4 жилд “Петролеос де Венесуэла”-ын ажилчдын тоо 27 хувь өссөн боловч нефть олборлолтод нэг их нөлөөлсөнгүй. Бас гадаад өр ихээхэн өсчээ. Засгийн Газрын өр 94,6 миллиард доллар хүрч, өнгөрсөн жилээс 21 хувь өсч, ДНБ-ий 54 хувь болжээ. Энэ үед нь Хятад, Япон, Орос гэж “найзууд” гараад ирэх нь тэр. Тэд хөрөнгө оруулалтаар тусалж гарч. Ийм байхад Америк уурлаад яадгийм.

Венесуэлийн социализм
Хуучин 617 мянган компани байсан бол одоо тэдний 170 мянга нь хаагдсан байна. Лавлаад үзсэн чинь барууныхантай их холбоотой, тэдэнтэй “нийлж иддэг” байсан нөхдүүдийг хаагаад хаяж. Харин ч гайгүй өнгөрч.
Сөрөг хүчин Уго Чавесыг 131 миллиард доллар гадагш алдсан гэж шүүмжилдэг байна. Венесуэль өнгөрсөн жил 5,3 миллиард долларын хөрөнгө оруулалт татаж чадсан нь бага гэж үздэг байна. Үнэхээр ч тийм юм байна. Учир нь Латин Америкийн бусад орнууд үүнээс ихийг татаж чаджээ. Жишээ Бразиль гайхалтай хөгжлийн жишээ болж байна. Энэ нь эсрэг сайн жишээ хэдий ч их өртэй хөгжсөн учраас тэнд уналт эхэлж байна. Ер нь бол сайн удирдвал хөгжил капитализм, социализмаасаа үл хамаардаг байна.

Өнөөдөр Венесуэль нь Хятад, Орос, Куба, Вьетнам, Бразиль, Испанитай ярина уу гэхээс биш бусадтай нь “тоож” ярихаа байжээ. Хамгийн сайн найз нь Куба юм байна. Кубын 25.000 эмч, багш голдуу мэргэжилтэн тэнд ажиллаж байна. Тэд үзэл санаа, ёс суртахууны үлгэр жишээ болдог байна.
Уго Чавес ёстой гандан буурахгүй байна. Тэр саяхан нийгмийн хөтөлбөрт 120 миллиард (27,9 млрд долл.) боливар зарцуулна гэж амлажээ. Тухайлбал “Венесуэлийн хүүхдүүд” хөтөлбөрт эцэггүй 1,2 сая хүүхэд, өмнө тэтгэвэр авдаггүй байсан 1,1 сая ахмад хүмүүс тэтгэвэр нэмж авах аж.

“Орон сууцны агуу их үүрэг” хөтөлбөр нь манайхтай адил 100 мянган орон сууцны хөтөлбөр аж. 2019 онд гэхэд орон сууцгүй нэг ч гэр бүл байхгүй болгоно гэнэ. Харин энэ бол тодорхой шалгуур бөгөөд орон сууц эдийн засгийн “хоёр дахь мотор” болсон гэж дүгнэж байна. Энэ нь тэд эдийн засгийн ямар нэг механизм олсон гэсэн хэрэг юм. Учир нь барилгын материалын үйлдвэрлэл их дутмаг хөгжилтэй байсныг засч чаджээ.
Чавес доод цалинг 32 хувь өсгөнө гэжээ. Энэ нь нийт 4 сая хүнийг хамрах юм байна. Өнгөрсөн жил тариачдын хоршоололд 1 сая га 32.000 эзэмшил газар тараажээ. Чавесын засаглалын жилүүдэд нийт 3,6 сая га газрыг тариачдад олгожээ. Хулгайлсан зүйлийг нь буцаан өгч байгаа нь тэр гэнэ. Энэ бол үнэн л дээ.

Энэ жил “шударга үнийн” тухай хууль гаргаж дамын наймаатай тэмцэж эхэлжээ. Зайлшгүй хэрэгцээт 19 төрлийн бараанд хатуу үнэ тогтоож үүнд хяналт тавих төрийн байгууллага байгуулжээ. Энэ оны 4 дүгээр сараас эдгээр барааны үнийг 5-25 хувь бууруулахаас гадна “шударга үнийн” барааны нэр төрлийг олон болгох аж.

Үүнийгээ Уго Чавес: “Чөлөөт зах зээл бол ард түмнээс хулгайлах, хөдөлмөрчдөөс хулгайлах замаар баяжих гэсэн хөрөнгөтөнд л хэрэгтэй. Ямар ч чөлөөт зах зээл байж болохгүй” гэж тайлбарласан байна. “Шударга үнийн” хуулийг зөрчсөн компанийг үндэсний болгон оронд нь Хятад, Орос болон Бразил, Аргентины компаниудыг оруулж ирнэ гэдгээ Уго Чавес шуудхан хэлжээ.
Уго Чавесын засгийн үед 3,4 сая ажлын байр бий болжээ. Түүний засгийн газар төсвийнхөө 61 хувийг нийгмийн хэрэгцээнд зарцуулдаг байна. 14 жилийн хугацаанд туйлын ядуу венесуэльчууд 12 хувиас 7 хувь болтлоо буурч одоо 2,5 сая хүн байгаа юм байна. Нийт хүн ам нь 30 сая гэхэд их амжилт л даа.
Венесуэльчуудын 90 % гар утас, 80 % угаалгын машин, 75 % төлбөрт телевизор, 64 % суурин телефон, 56 % компьютер, 51 % интертетэд холбогдсон, 64 % богино долгионы зуух, 64 % дискен тоглуулагч, 83 % дискен видео тоглуулагчтай байгаа аж.

Энэ нь “Сайн төхөөрөмжтэй байр” гэсэн Уго Чавесын хөтөлбөрийн үр дүн гэнэ. Их ухаантай байна аа. Латин америкуудыг эхлээд хөгжмөөр хангахаа мэдэж байна. Бүжиглэхээс өөр олон хүсдэггүй шахам “гарууд” л даа. Гэхдээ зовлон их байна лээ. Инфляци ихтэй, дотоод өр ихэссэн гэх мэт. Гэхдээ л удахгүй Оросоос 4 дэх үеийн нисэх онгоц авна, Хятадтай нийлж хоёр дахь хиймэл хиймэл дагуулаа хөөргөнө гэдгээ мэдэгдэж томорч өгч байна.

Их баялгийн асуудал
Одоо Чавес яагаад ингээд зүтгээд байгаагийн учрыг тулхтай бодоод үзье.
Сүүлийн 200 жилд хөгжингүй орнуудын зөрчил дунд тэдний аль нэгний нөлөөнд орж, стратегийн хувьд тэднийг дагаж өөрийн боломжийг ашиглаж хослуулсан нь хөгжиж ирсэн. Ийм орны тоонд АНУ-ыг “дагаж” хөгжсөн Япон орно. Мөн ЗХУ-ыг дагаж хөгжсөн Монголыг оруулж болно, харин манай энэ хөгжил түр зуурын байсан. Гэх мэтчилэн бусад орнуудыг дурдаж болно. Гэхдээ энэ тоо нэг их олон биш. Энэ хөгжлийг капитализм, социализм болон түүний зөрчлөөр тайлбарлаж болно. Цаг үе нь ч тийм юм.

Тэгвэл улс орон асар их баялагтай бол яахав ?! Энэ хөгжил их зовлонтой. Учир нь бэлэн юмыг хуваарилах асуудал үүсдэг. Бүтээх тухай асуудал энд бага яригдана. Жишээ нь Венесуэль. Тэр “мангар” их баялгийг яаж хуваарилах юм ?! Дэлхийн нефтийн 19 хувийг хөгжил багатай 30-хан сая хүнд яаж хуваарилах ёстой юм ?! Тэд дээр дурдсан байдлаар хуваарилж байна.
Энэ бол бидний “сайн мэдэх” капитализм, социализм ангилалд орохгүй, багтахгүй шууд практикийн асуудал юм.

Эхлээд тэнд урсгал байдлаар капитализм тогтжээ. Тэр дороо л капиталистууд төрж гадаадын капиталистуудтай нийлээд баялгийг ёстой “идэж” өгч. Өөрөөр хэлбэл 3000 орчим “олигархи” гарч ирээд улс орныг хөгжүүлэх биш, баялгийг гадаад руу зөөдөг ажилтай болж.
Өөрөөр хэлбэл үндэсний капиталистууд төрсөнгүй, харин компрадор буюу гадаадын эрх ашгийг хамгаалсан хөрөнгөтөн анги бий болж. Яг “онолын” утгаар энэ бол капитализм ч бас биш юм аа. Учир нь капиталист ч гэсэн үндэсний эрх ашгийг илэрхийлэх ёстой. Гэтэл ингэсэнгүй. Улс үндэстнээ бодох нүнжиггүй гадаадтай нийлж байгаад шулан мөлжигч, хамаг юмыг нь гадагш зөөгчид бий болж.

Ингэхээр мэдээж хэрэг түүний эсрэг тал “социализм” хар аяндаа гараад ирж байгаа юм. Уго Чавест тэр 3000 нөхөртэй нийлээд “цөөхүүлээ идэх” боломж мэдээж байсан. Гэвч “идээд идээд” барагдахгүй тэр их юмыг “цөөхүүлээ идэж” ард түмний хараал хүлээж суухыг буруу гэж тэр үзсэн байна. Ингээд тэр “бүгдээрээ иднэ” гэжээ. Үүгээрээ тэр хамаагүй илүү эх оронч гэдгээ харуулж чадсан.
Нэгэнт хэт буруу явсан зүйлийг засахын тулд нөгөө тийш нь нэлээд “чанга мушгих” хэрэг гарч. Энэ нь “хамт идэлцэж” байсан гадаадын, ялангуяа америкийн баячуудад таалагдаагүй. Ингээд Уго Чавесын “социализмын” домог үүсэх нь тэр. Тэр өөрөө ч гэсэн үүнийгээ социализм гэж ойлгож нэрлэдэг, тэгж ч үзэж байгаа. Гэтэл үүнийг нь нарийн аваад үзвэл яг социализм хараахан биш юм. Учир нь социализм бол ямар нэг хэмжээгээр бүтээдэг. Энд зүгээр л хуваах тухай ярьж байна.

Гэхдээ түүний дээрх үйлдэл хэрээс хэтэрвэл ихээхэн аюултайг дурдах нь шударга хэрэг болно. Аюулын зарим нэг шинж тэмдэг ажиглагдаж л байна. Одоохондоо “капитализмын” аюулаас илүү гарч чадаагүйдээ л байх шиг байна. Ер нь аюулгүй нийгэм гэж байхгүй л дээ.
Ингэхээр гол асуудал үндэснээ хөгжүүлэх үзэл санаа гаргаж чадсан эсэх, түүнийгээ хэрэгжүүлсэн бодит үр үр дүнгээр л хэмжиж шалгах хэрэг болж таарна байх.

Ер нь энэ бол капитализм, социализмын тухай асуудал биш, харин байгалийн асар их баялагтай, хөгжиж эхэлж буй ядуу орон түүнийгээ хэрхэн хуваарилах тухай зарчмын асуудал юм.
Ухаандаа манайх шиг уул уурхайн баялгаар дэлхийд эхний аравт орж байгаа улс орон үүнийгээ 2,7 сая хүн амдаа яаж хуваарилах тухай асуудал бол одоогийн улс төр, эдийн засгийн ямар ч онол номд байхгүй гэдгийг би баталгаатай хэлэх байна.

Манай сүүлийн хорин жилийн нийгмийг бодвол капитализм л гэдэг байх даа. Хүн болгон л “капитализм” л гэдэг ш дээ. Гэтэл энэ жилүүдэд бүтээн байгуулсан юм юу ч байхгүй. Энэ нь монголчуудын “залхуугаас” болсон л байх. Гэхдээ гадаад капиталистуудын ашиг сонирхлоос болсон. Учир нь саяхан болтол тэд Монголыг байгалийн асар их баялагтай гэдгийг “мэдээгүй” байсан. Энэ нь 2000 оны эхэн болтол гэсэн үг. Энэ болтол тэд биднийг тоож байгаагүй. Хувхай хоосон улсыг чинь хэн тоохийм ?!
Одоо бол тоож эхэлж байна аа. Харин хэтэрхий их тоож байна. Тэгэхдээ манай эрх баригч олигархуудтай нийлж байгаад “идэх” нь ойлгомжтой. Үүнийгээ тэд чөлөөт зах зээл болон либерал ардчилал гэж нэрлэнэ. Үүнийг нь шүүмжилбэл “социализм” болж байгаа юм.

Энд их том зовлон бий. Олигархууд идсэн юмныхаа үртсийг “тарааж амсуулах” адгийн аргыг бас “социализм” гэнэ. Энэ хоёр чинь их ялгаатай л даа. Энэ хоёрыг холиод загнаад байвал монголын “ардчилсан онол” гарч ирнэ. “Цэвэр капиталист” онол байгаа юм. Үзэл сурталчийг нь бүгдээрээ сайн мэднэ.
Би бол “үртсээ тараах” социализмыг нь шүүмжлээд “баялаг хуваарилах” тухай ярих гэдэг юм. Тэхээр “социалист, коммунист” нэр хаяг зүүх нь мэдээж хэрэг. Уг нь бол нийгмийн баялгийн хуваарилалтын мөнхийн асуудлыг хөндөж байгаагаараа зарчмын ялгаатай юм.

Дотоод капиталистын хувьд манайд үндэсний хөрөнгөтөн гэж үндсэндээ байхгүй. Учир нь өмнөх нийгмийн баялгийг хулгайлагсад, мөн байгалийн баялгийг зүгээр завшигчид гэж л байгаа. Нийлбэр дүнгээрээ гаднын эрх ашгийг илэрхийлэгч компрадор хөрөнгөтөн буюу олигархи гэж л байгаа.
Гадаадын эрх ашгийг шууд илэрхийлж байж үндэсний гэсэн нэр хаяг зүүх эрх хэнд ч байхгүй, тэр тусмаа хувийн өмчийн халдашгүй байдлын онолоор халхавчлах ямар ч үндэслэл байхгүй. Уг нь олигархи, хувийн өмчтөн хоёр чинь тэс өөр ойлголт. Олигархийг шүүмжлэхээр саяхан өмчтэй болсон нийт хувийн өмчтөнгүүдийг Та нарын өмчийг хураах гэж байна гэж “айлгана”. Олигархууд урсгалаараа бий болсон хувийн өмчтөний ард удаан нуугдах боломжгүй. Энэ үзэл суртал чинь явцгүй, америкаас ирсэн профессорууд ч үүнд тусалж чадахгүй.

“Олуулаа идэх үү, цөөхүүлээ идэх үү” гэсэн асуулт нь цаашаа хэн хэнтэй хамт идэхэв, яаж өөртөө аюул багатай идэхэв, монгол үндэстэн яаж зөв идэхэв гэхчлэн зарчмын олон чухал асуудал болон салаалахаас биш, капитализм, социализмын асуудал огт биш гэж баттай дүгнэж болно.
Онолын хувьд ч, практикийн хувьд ч “найзан дундаа хуваадаг” социализм, “цөөхүүлээ булагнаж иддэг” капитализм хоёрын аль аль нь болж өгдөггүй нь тодорхой байгаа. Харин бүтээсэн биш, бэлэн байгаа асар их баялгийг ямар нэг байдлаар хуваарилах гарцаагүй шаардлага манайд үүсээд байна.
Харин зүгээр тарааж л болохгүй байх. Гэхдээ хуваарилалт нь алсын үр ашигтай байх ёстой. Үүнийг улс үндэстнээ бодсон олон янзийн загварчлалаар хийж болно.

Ард түмэнд “үртэс” өгч дасгах бол тэднийг зүгээр суух залхуу өвчтэй болгож байгаа хамгийн адгийн хорлогчинт арга юм. Ингэж үртэс тараахыг манайд “социализм” гэж харааж байна, гэвч энэ бол “социализм” биш, ард түмнийг алгуур хөнөөж буй аллага юм. Хэрэв социализм байсан бол ард түмнийг хуаранд суулгаж байгаад ажил хийлгэдэг юм. Нарийн аваад үзэхэд “социалист амлалтыг” АН дандаа эхлэн санаачилж, харин дараа нь “шүүмжилж” байгаа. МАН нь уулгамч юм шиг “хуваана”. Энийг “феокапсоц жонхуу” гэдэг юм…
Ер нь Монгол төрийн нэг гарт буяны аяга, нөгөө гарт нь хуулийн ташуур байж л хөгжиж чадна гэдэгт эргэлзэх зүйл огт үгүй.

“Ташуурдаж” ч чадахгүй, “хоол тарааж” ч чадахгүй арчаагүй төрийг социализм гэх нь хэт хүндэтгэсэн хэрэг мөн. Яагаад гэвэл социалист төр ажил хийж, хийлгэж чаддаг байсан юм. Үгүй ядаж 5 жилийн цаадахыг харж бүтээж чаддаг байсан юм. Үүнийг социализмыг магтсан гэж хэн ч хэлэхгүй л байх. Үнэн нь ийм юм чинь…

Венесуэль болон Монголын тохиолдолд байгалийн “бэлэн” баялгийг хуваарилах тухай ярьж байгаа болохоор энд капитализм, социализм ямар ч хамаагүй.
Нэг зүйлийг онцлон дурдаж байна. Энд “хуваарилах” гэсэн үг хэрэглэж байгаа. Энэ бол нийгмийн баялгийг нийгмийн ашиг тусын тулд үр ашигтайгаар бүтээн байгуулах, үр ашгаа өгөх, ирээдүйтэй зүйлд зарцуулах тухай ярьж байна. Харин үүнийг манайхны ихэд таашаадаг идэж уугаад дуусгадаг “хуваах” гэснээс огт өөр үг гэж бодож байна.

Би бол зарим нэг хэтрүүлгийг эс тооцвол Уго Чавесын зөв гэж л хэлнэ. Тэгээд тэр хэдхэн олигархуудтай нийлж “цөөхүүлээ идэх” байсан юм уу. Учир нь цаад баялаг нь хэдэн үеэрээ идээд ч барахааргүй асар их юм.
Бэлэн баялгийг зөв хуваарилахын тулд онол биш, зүгээр л ёс суртахууны зарчим, хэм хэмжээ хэрэгтэй. Бараг сайхан сэтгэлтэй эмээ байсан ч “хуваачихаж” чадах юман дээр нэг их онол монол болох хэрэггүй л байхгүй юу. Зүгээр л өм цөм хулгай хийхээ болих хэрэгтэй…
Өөрсдөө чадахгүй хэвтэж америк профессорууд авчирч яаж “зөв хуваах”, яаж “шууд ардчилсан” болохыг заалгаж байвал төр барихаа болих л хэрэгтэй ш дээ. Хорин жил явж явчихаад онол монолыг нь сурж хэвтэхгүй одоо заалгаж үхснээ хийнэ…

ЭХ ОРНОО ГЭСЭН СЭТГЭЛ ЗҮТГЭЛ БАЙХГҮЙ БОЛ ЯАГААД Ч СУРАХГҮЙ Л ДЭЭ…
Одоо баялгийн хуваарилалтын болон төр барих монгол онол гаргах хэрэгтэй. Харин хулгай хийхээ ардчиллын “шинэ онолоор” халхлах гэж байгаа бол тэрийг чинь би хийлгэхгүй…

Судлаач Д.Ганхуяг
2012 оны 9 дүгээр сарын 16.
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...