Би айж байна
2012 оны 9 сарын 18
Би айж байна
Манай сэтгүүлч С.Мөнхбаясгалангийн бичсэн “Би айж байна” нийтлэл өнгөрсөн бямба гарагт нийтлэгдсэн юм. Энэ нийтлэлийг уншигчдын хүсэлтээр дахин хүргэж байна.

Намайг Мөнхбаясгалан гэдэг. Би Улаанбаатар хотын иргэн. Амьдардаг газар гэр хороолол. Хэдийгээр их хотын амьдрал үргэлжилж буй ч сүүлийн үед гарсан аймшигтай осол, амиа алдсан явдал намайг тайван суулгахгүй байна. Барилгын кран зам руу унаж, сургуулиасаа тараад явж байсан дүүгээс минь ялгаагүй хүүхдийн алтан амийг аваад одлоо. Тиймээс би замаар гарахаас айж байна. Гоёмсог барилгын хажуугаар явахдаа хүртэл эмээх юм. Яагаад гэвэл дээрээс минь ундааны саваа чулуудах нь хэвийн үзэгдэл. Мөлжсөн ясаа шидсэнээс нэгэн найз минь түүнд оногдож, мэс засалд орсон удаатай. Тиймээс би гоёмсог болоод хээнцэр барилгын дэргэдүүр явахаас айж байна.

Миний үе тэнгийн нэгэн эмэгтэйг хүчирхийлж, хоолойг боож амийг нь хөнөөгөөд, цогцсыг нь шуудайд хийн жорлондоо нуусан жигшүүрт хэрэг хамаг биеийг минь хүйт дааруулж байна. Үүнээс болж би жорлонд орохоосоо хүртэл айж байгаагаа нуухгүй. Гэр хорооллын харанхуй гудамжаар алхахаас хүртэл айдастай явах юм. Оюутнуудад сар бүр 70 мянган төгрөг төрөөс олгодог болсноос архичид гэж нэрлэгддэг хүмүүс болоод хулгайчдын арга нарийссанаас би хуранхуй гудамжаар явахаас айж байна.

Би өндөр барилгын оройг харахаас айж байна. Уржигдархан “Стройка” компанид туслах ажилтнаар ажиллаж байсан 15 настай хүү есөн давхраас унаж гэмтэн эмнэлэгт хүргэгдсэн. Иймээс өндөр барилга нийслэлд баригдах бүрт сэтгэл минь тавгүйтэх юм.
Би зун цонхоо онгойлгохоос айдаг. Яагаад гэвэл бидний хэлж заншсан Далан давхрын оршуулгын газрын хорт үнэр нийслэлчүүдийг харанхуй тахал мэт нөмөрснөөс.  Чимээгүй хоттойгоо хил залган амьдардаг нь хэвийн үзэгдэл мэт болсон ч бурхан болоочдоос ялгарч байгаа хорт бодис нийслэлчүүдийг бүхэлд нь автдаг. Тиймээс би цонхоо онгойлгохоос айж байна.

Би нийслэлд зундаа ургадаг шарилжаас айдаг. Яагаад гэвэл хогийн ургамлаас болж харшилтай болсон. Хотын иргэдийн ихэнх нь ургамлын харшилтай. Тиймээс өдөр бүр эмнэлэгт очиж, харшлын эмчилгээ хийлгэхээс шаналж байна.
Би дэлгүүрт орохоосоо айдаг. Дэлгүүрээс дандаа уур худалдаж авдаг. Яагаад гэвэл гоё үйлчлэх сэтгэл байдаггүй. Дандаа бухимдуулдагт айдаг. Би жимсэнд дуртай. Гэвч Хятадаас импортоор орж ирж байгаа жимс жимсгэнэ нь химийн хортой бодисоор ургуулсан, дээр нь эрүүл ахуйн шаардлага хангадаггүй. Тансаг ресторанд орохоосоо ч айдастай байгаа. Учир нь хоолноос нь жоом гарч ирдэг.
Би автобусаар зорчихдоо айдастай байдаг. Кондуктор үйлчилгээний хөлс гэж 400 төгрөг хураадаг ч, аашилж, зүй бусаар харилцах нь олонтаа. Иймээс ааштай кондуктортой өдөр бүр тулгардагтаа айдаг.
   
Би вакцин хийлгэхээс айж байна. Дэлхийн 50 гаруй оронд хориглосон умайн хүзүүний хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй гэх градасил вакциныг Монголын охидуудад хээв нэг тарьж байна. Дэлхийд хориглосон вакциныг ирээдүй болсон охидуудад тарьж байгаад би бүр ч их айж байгаагаа нуухгүй.
   
Би дүүгээ цэцэрлэг, сургуульд нь явуулахаас айж байна. Яагаад гэвэл багш нь мөнгө нэхдэг, бас зоддог. Сургуулийн сурагчид газ үнэрлэж байгаад баригдсан хэрэг гарсан. Тиймээс би ирээдүй болсон дүү нар минь газ үнэрлэх гаж зуршилтай болохоос айж байна.
   
Би орой бүр телевиз үзэхдээ айдастай байна. Улс төрийн хэрүүл зодоон, бие биеэ муулсан үг хэлэхийг хараад айдаг. Өөрсдөө булхай, луйвар хийдэг мөртлөө өрөөлийг “Хулгайч, луйварчин” хэмээн хэлэхэд нь  бүр их айх юм. Төрд гарчихаад өөрсдийнхөө ах, дүүг өндөр албанд томилж, тансаг хауст суулгаад сонгогчдоо хүндлэхгүй байгаад бүр их жигшдэг.
   
Би хотын гудамжинд идсэн чихрийнхээ цаасыг хэнэггүй хаядаг чамин сүрчиг үнэртүүлж, брэндийн цүнхээр гангарсан хээнцэр бүсгүйчүүдийг муухай сэтгэл гаргаж байгаагаас айдаг.
   
Би тоглоомын талбай дээр гэгээн цагаан өдөр бие засаж байгаа залуу эрийг хараад айдаг. Бас найзаасаа ч айж байна. Бусдыг гэх сэтгэл нь хөрчихсөн, бусдыг эрхэмлэж хүндэтгэдэггүй, хэн нэгэн рүү хараалын үгсийг хээв нэгхэн чулуудаг, хэн нэгнийг хөлийн чигчий хуруу шигээ үздэг найзаасаа айж байна.
   
Би олигархиудаас айдаг. Монголын баялагт монопол эзэн сууж, үр хүүхэд нь барууны өндөр үнэтэй сургуульд суралцаж, хөөрхөн нохойдоо гадаадаас хоол зөөдөг тэдний шунаг сэтгэлээс айж байна.
   
Би харийнхнаас айж байна. Монголдоо амьдарч байж харийнхны гар хөл болон ажиллачихаад, ажлаас халагдахдаа тулахад гадаадын хүмүүс монгол залууг зодож байгаад харамсаж байна. Газар шорооныхоо төлөө тэмцсэн залуус харийнхны гарт амь эрсдэж байгаад би бүр ч их айж байна.
   
Би Улаанбаатар хотын даргаас айж байна. Өдөр бүр огцом огцом  хурц шийдвэр гаргаж байгаа хотын шинэ удирдлагуудаас айж байна. Хэлж байгаа үг, хэрэгжүүлж байгаа шийдвэр нь зөв мэт боловч өөрсдийгөө, АН-аа ард түмэнд гоё харагдуулахын тулд популизмыг тунхаглаж байгаа тэднээс үнэхээр их айж байна. Би машингүй л дээ. Гэхдээ тэр тусмаа “Тэд дэх өдөр тийм дугаартай, ийм дугаартай машиныг тэд дэх өдөр хөдөлгөөнд оролцуулахгүй” хэмээн захиргаадалтын арга хэрэглэж байгааг хараад би айдаг. Бас шинээр барилга бариулахгүй. Хотын төвд газар олгохгүй гэж хэлэхийг сонсоод “Чанаргүй барилга барихыг хязгаарлаж, газрын хууль бус наймааг зогсоож, авто машины түгжрэлийг багасгах нь” хэмээн баярлаж байгаа ч хэсэг бүлэг хүн ашиг сонирхлоо хамгаалж, элдэв үймээн дэгдээх вий гэхээс айх боллоо.
   
Би УИХ ын гишүүдээс айж байна. Уучлаарай өнгөрсөн сонгуулиар их гоё амлалт өгсөн. Сонгох, эс сонгох нь миний эрх. Яагаад гэвэл манай гэрт гоё костьюмтэй, гоё ярьсан хүн ирсэн. Би итгээд саналаа өгсөн. Тэр хүн УИХ д гарсан. Даан ч тэрбум төгрөгөө аваад алга болчихсон юм билээ. Тэгээд ч энэ эрхэм гишүүд конопыг хэдэн сая төгрөг, зарим нь тэдэн тэрбумаар дардаг гэж сонссон. Сонгогчдын саналыг гурил, будаахнаар худалдан авч, харин сонгогчдын итгэл найдварыг, энэ Монгол Улсаа төрийн нэрийн өмнөөс худалдаж байгаад айж байна. АН ынхан ажлаа хаяж энэ долоо хоногийн чуулганыг хуралдуулж чадсангүй. Тиймээс би “Төр эзгүйрчих нь энэ үү” хэмээн айдаст автаад сууж байна.
   
Би сайд нараас айж байна. УИХ ын гишүүн болчихоод, өндөр, цалин авчихаад, бас төрийн сайдын сэнтийд заларчихаад, сэтгэл нь ханахгүй байгаа тэр хүмүүсээс би айж байна. Танил тал, тойрон хүрээлэгчид, бүр төрсөн дүүгээ төрийн өндөр албан тушаалд мэргэжил, боловсролыг харгалзалгүйгээр, зөвхөн хувийн ашиг сонирхлоор томилуулж байгаад би бүр ч их айж байна.
   
Би Ерөнхий сайдаас айж байна. Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягтай ЗГХЭГ-ын дэд даргын суудалд өөрийн хүргэн дүү, Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар өөрийн дүүг томилуулов. Иймээс шинэчлэлээр шийдье гэж худал үг, пополист лоозонгоос бүр их айж байна. Би төрийн сайдыг хувийн ашиг хөөж байгаад улс орноо хөгжүүлнэ гэж хэлсэнд итгэхгүй айдастай байна. Ерөнхий сайд Н.Алтанхуяг 2008 2012 онд хамтарсан Засгийн газрын Тэргүүн шадар сайдаар ажиллаж байсан. Түүнийг Ардын намын халаасны өрөөнд амьдарч байхад Оюутолгойн гэрээг баталж байсан юм. Гэтэл Ерөнхий сайд болсны дараа АН ын гишүүд “Оюутолгойн гэрээг онц ноцтой” хэмээн энэхүү гэрээг өөрчлөхийг шаардаж байна. Нэгэн цагт ардчилсан Ерөнхийлөгч “Оюутолгойн гэрээг батлаад бид нийтээрээ урагшаа нэг алхам алхлаа” гэж хөөрцөглөж байсан биз ээ. Тэр нэг өдөр “Баярын марш” ыг эгшиглүүлэн гадаадынхантай хундага хуршуулж байсан. Мөн улстөрчид ийн хэлж байсан нь монголчуудыг хуурсан хэрэг үү. “Оюутолгойг эдийн засгийн эргэлтэд оруулснаар улс орон минь хөгжиж, монголчууд, тэр тусмаа манай гэрийнхний амьдрал дээшилнэ” гэж итгэж байсан нь миний сэтгэлд айдас хургаж эхэллээ.
  
Би Ерөнхийлөгчөөс айж байна. Хэдэн жилийн өмнө “Монголчуудыг ингэж хэлээд хошгируулна” хэмээн намынхандаа хэлж байсан нууц үг нь телевизээр цацагдсанаас хойш би төрийнхөө тэргүүнээс айдаг болсон. Энэ хүн их гоё ярих юм. Гэхдээ биднийг хошгируулж байгаа нь энэ юм болов уу гэж айдаг. Улстөрч ах нар “Ц.Элбэгдорж хууль, шүүхийнхнийг хүссэн үедээ хэн нэгний эсрэг хөдөлгөж чаддаг” гэдгийг хэвлэлээс уншаад маш их айсан. Ерөнхийлөгч өө, тэдний ярьж байгаа нь үнэн үү. Та хариулаач. Монгол хүний амьд явах, монгол хүний үнэ цэнэ, Америкийн баячуудын нохойноос ч дор энэ цагт та яагаад үг хэлэхгүй байна вэ. Гэгээн цагаан өдөр охиноо алдсан эхийн сэтгэл өмөрч байгааг та бодож байна уу. Монгол хүний амь нас хэн нэгэн этгээдийн өмнө алдаж байгаад төрийн тэргүүн хувьд төрийн машиныг хөдөлгөөч. Үндэсний аюулгүй байдал гэдэг чинь монгол хүний амьд явах, монгол хүний үнэ цэнэ, дархлаа оршдог бус уу. Танд ийн хэлэх эрх иргэн надад бий. Учир нь би Монгол Улсын иргэн. Гэвч эх орондоо сайхан амьдрах хүсэлтэй залуу үеийн төлөөлөл, би. Монголдоо амьдрахаас айж байна.

С.МӨНХБАЯСГАЛАН
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив