В.С.Бирюков: Банкны салбар хэвийн байхад эдийн засгийн хямралын талаар ярих нь утгагүй
2012 оны 9 сарын 26
В.С.Бирюков: Банкны салбар хэвийн байхад эдийн засгийн хямралын талаар ярих нь утгагүй
Дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн хямралын давалгаа татарч амжаагүй байхад л хоёр дахь хямрал болох тухай таамаглал хаа сайгүй гарах болсон. Ялангуяа энэ оны намрын босгон дээр иймэрхүү таамаглалууд илүүтэй гарах болов. Хямрал юу юугүй хаалга тогшиж байгаа гэнэ. Энэ талаар ч олон шинжээч, эдийн засагчид ярьж байгаа. Харин хойд хөршүүд хэрхэн дүгнэж байгааг Оросын үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн, философийн ухааны доктор В.С.Бирюковын ярианаас сонирхъё. Тэрбээр саяхан warandpeace.ru цахим хуудсын сэтгүүлчдэд хямралын талаар ямар бодолтой явдгаа дэлгэжээ.

-Өнөөгийн нөхцөл байдал 2008 оны хямрал дэгдэх үеийнхтэй тун адилхан байгаа гэж үнэн үү?

-Тухайн үеийн болон өнөөгийн нөхцөл байдлын хооронд нийтлэг зүйл огт алга. Онолын хувьд таны үгийг засч хэлье. Хямралын хоёр дахь давалгааны тухай ерөөсөө яригдаагүй. Харин хоёр дахь үргэлжлэлийн тухай ярьж болох юм. Учир нь дөрвөн жилийн өмнө нүүрлэсэн хямрал хаашаа ч алга болчихоогүй, бид хямралын нөхцөлд амьдарсаар байна. Энэ хямралын хүрээнд дэлхий даяар эдийн засгийн бууралтын давалгаа гарч болзошгүй. Тиймээс бид дэлхийн хоёр дахь хямрал гарах уу хэрэв гарвал хэзээ вэ гэж өөрсдөөсөө асуух хэрэгтэй.

-Та өнөөдөр энэ асуултандаа хэрхэн хариулах байсан бэ?

-Бүх нийтийг хамарсан хямрал болох ёстой бай­сан ч энэ намар л биш.

-Яагаад? Дөрвөн жилийн өмнө хямрал гэнэт л нүүрлэсэн шүү дээ?

-Өнөөдөр нэг ч үзүүлэлт дэлхий нийтийг хамарсан хямрал ойртсон тухай заахгүй байгаа. Оросын хувьд их чухал байдаг газрын тосны дэлхийн зах зээлийн үнийг аваад үзье л дээ. 2008 онд ганцхан цагийн дотор л газрын тосны үнэ унасан. Анхандаа хоёр дахин, дараа нь нэмэгдээд л байсан. Нэг баррель газрын тос 140 ам.доллар байснаа 36 ам.доллар болтлоо буурсан шүү дээ. Бараг л дөрөв дахин унасан гэсэн үг. Энэ нь хүн төрөлхтөн гэнэт л түлшний хэрэгцээгээ алдсан гэдгийг харуулаад зогсоогүй. Яагаад ч юм бүгд л газрын тосыг ердөө л  эрчим хүчний эх үүсвэр гэж тооцдог. Гэтэл газрын тос нь химийн үйлдвэрийн үндсэн түүхий эд болдог юм шүү дээ. Олон талаас нь хараад үзээрэй, хуванцар, хиймэл арьсаар хийсэн бүх төрлийн бүтээгдэхүүнүүд болон өөр олон зүйлсийг газ­рын тосноос гаргаж авдаг юм.

-Тэгээд эндээс ямар гаргалгаа гарч байгаа гэж?

-Газрын тосны үнэ унавал дэлхий даяар агуу хими зогсоно. Мөн газрын тос нь атомын цахилгаан станц, усан цахилгаан станц, нүүрсний станцыг арван хувиар хэмнэж чадна. Химийн үйлдвэрийн түүхий эдийн хувьд газрын тос юугаар ч орлуулшгүй үнэн зүйл. Атомын цахилгаан станцаас хямд эрчим хүч гаргаж авах нь амжилттай хэрэгжиж байгаа ч түүгээр нэг ч химийн нэгдлийг синтезэд оруулах боломжгүй. Тиймээс газрын тос баррель нь 100 ам.доллар дээр бат зогсож байгаа цагт ойрын үед дэлхий нийтийг хамарсан эдийн засаг сүйрнэ гэж ярих нь утгагүй хэрэг гэж байна. 

-Газрын тосны үнээс өөр, бусад үзүүлэлтийн тухайд?

-Бодит үзүүлэлтүүдийг санаанаасаа зохиосон үзүүлэлтүүдээс ялгаж салгах хэрэгтэй. Жил хагасын өмнө би Оросын шинжлэх ухааны акаде­мийн эдийн засгийн хүрээ¬¬лэнд болсон Кондратьевын нэрэмжит олон улсын VII бага хуралд оролцож байхдаа гайхалтай мөрийний гэрч болж байлаа. Оросын шинжлэх ухааны акаде­мийн гадаад гишүүн, Киргизийн Ерөнхийлөгч асан алдарт физикч Аскар Акаев алтны үнэ 1700 ам доллар хүрмэгц хямралын шинэ давалгаа  дэлхийг хамарна хэмээн анхааруулсан. Харин Шинж­лэх ухааны академийн эдийн засгийн хүрээлэнгийн захирал Руслан Гринберг түүнийг няцааж, марган алтны үнэ 1450 ам.доллараас хэтрэхгүй гэдэгт итгэлтэй байгаагаа хэлж байлаа. Тэгээд тэд Кондратьевын бага хурлын оролцогчдыг хөгжөөн, нөхөрсгөөр 10 долларын мөрий тавьсан юм. Хоёулаа л ялагдсан. Алт өнөөдөр 1700 ам.доллараас дээш үнэтэй байна. Гэхдээ бурхны авралаар хямрал болсонгүй.

-Тэгвэл бодитой үзүүлэлтүүдийн тухайд?

-Банкны системийн байдал тун чухалд тооцогд­дог. Үйлд­вэрлэл унавал олон байгууллагуудын хувьд зээлээ эргүүлэн төлөхөд нь хүндрэл учирна. Ингэснээр банкууд болгоомжлохоос аргагүй болж, шинэ зээл олгохдоо нэмэлт нөхцөлүүд тавьж, хүүгээ өндөрсгөн, барьцаагаа нэмэгдүүлэхээс аргагүйд хүрдэг. Өөрөөр хэлбэл  чанаргүй зээл гаргахаас болгоомжилж зээл олголтын журмаа чангатгахаас аргагүй болгодог нь үнэнч зээл­дэгчдэд нь ч хохиролтой тусдаг.

-Тэгэхээр банкирууд “сүүнд халаад тараг үлээгээд” байна гэсэн үг үү?

-Арай ч тэгж хэлж болохгүй. Банкируудад асар их үүрэг хариуцлага ноогдож байгаа. Банк хариуцлагагүй байгуул­лагуудад зээлээ харамгүй өгч байсан гэж бодъё. Гэтэл хүндрэлтэй үе  тулгарахад зээлдэгчдээс нь нэг нь ч эргүүлэн төлж чадахгүй болно. Түүнээс гадна  хүнд үед ч шударга зээлдэгчид яаралтай хэрэг болсон үедээ зээл хүсэх эрхтэй. Энд хэлэхэд одоо, азаар эдийн засаг ч хэвийн, хүмүүс ч урьдын адил зээл авч байна. Банкны салбар тайван байна гэсэн үг. Хутган үймүүлэгчид л түгшүүр зарлаад  байгаа юм. Дахин хэлэхэд банкирууд “үнэр сайн мэдэрдэг”, гэтэл тэд хямралын эхэн үеийн шинж тэмдгийн талаар ярихгүй байгаа шүү дээ.

-Эхний хямралын шалтгааныг задлан шинжилж үзээд мөнгөний засаглалынхан ямар дүгнэлт хийсэн бол?

-Америкт 2007 онд ипо­текийн асар том хямрал эхэлснээс үүдэн сан­хүүгийн пирамид нурснаар хямралын эхний давалгаа үүссэн. Хэрэв та нар санаж бай­гаа бол, АНУ-ын ипотекийн агентлагууд хэт их хүү хөөцөлдөж зээл төлөх чадваргүй, ажилгүй хүмүүс гээд л хэн тааралдсандаа зээл өгч байлаа. Урьдчилсан шимтгэлгүй, зээлийн түүхийг судлалгүйгээр шүү. Үүнээс үүдсэн хөөс их чимээ гарган хагарсанд гайхаад байх зүйлгүй. Жилийн дараагаас Ирланд, Их Британиас эхлээд л банкны пирамидууд нь “бут цохигдсон”. Яг энэ үед л санхүүгийн зохицуулагчид жинхэнэ ажилдаа орсон юм. Уг нь тэд арай л эрт “сэрэх” хэрэгтэй байсан л даа. Эндээс үүдэн хэлэхэд одоо бол “пирамид”-ын онцгой идэвхжил ажиглагдахгүй, зохицуулагчид ч хангалт­тай үр дүнтэй ажиллаж байна. Тэр дундаа Орост.

-Тэгвэл сүүлийн нэг жилээр тогтохгүй, Европын холбооноос ирж байгаа эдийн засгийн болзошгүй сүйрлийн дохионууд ямар учиртай болж таарч байна вэ?

-Европын холбоо бол нэгэн цул биш, харин олон орны нэгдэл. Герман, Франц улсууд эрчимтэй хөдөө аж ахуй, өндөр түвшинд хүрсэн аж үйлдвэр,  тэр­гүүлэгч шинжлэх ухааны салбар, дээд зэргийн боловсрол зэргээс бүрдсэн хүчирхэг эдийн засагтай. Харин Грек бол огт өөр. Энэ улс гуч гаруй жилийн өмнө Европын эдийн засгийн холбоонд элсэн орсныхоо дараа Брюсселийн даалгавраар боловсруулагч аж үйлд­вэрээ бараг л устгасан. Оронд нь Европын эдийн засгийн холбооноос тэт­гэмж гар таталгүй өгсөн. Грек улс жуулчлалаа хөгжүүлнэ гэж найдаж, грекчүүд өөрсдийн бус хөрөнгөөр амьдарч байгаадаа дассаны  улмаас тус улсын өр нь тэнгэрт тултлаа өссөн юм.

-Гэхдээ манайхны олонх нь эдийн засгийн таагүй байдлаас гарах нэг арга нь аялал жуулчлал гэж үздэг шүү дээ. Аялал жуулчлал юугаараа муу гэдгийг тайлбарлахгүй юу?

-Аялал жуулчлал муу гэж би ерөөсөө яриагүй. Гэхдээ аялал жуулчлал нь туслах салбар болохоос эдийн засгийн зүтгүүр болж чадахгүй гэдгийг цаг хугацаа харуулсан. Испанийг аваад үзье л дээ. Энэ улс мөн л сүүлийн хэдэн арван жилд гадны жуулчдад үйлчлэн мөнгө хүүдийлнэ гэж найдаж байв. Үүний улмаас дээд боловсролын хэрэгцээ унасан. Тун саяхан л Испанийн залуус ямар бодолтой байсныг мэдэх үү? Шөнийн цэнгээний газарт бүжигчин, ди-жей хийгээд ахиухан мөнгө олчихож байхад яах гэж олон жил сурах юм бэ гэж ярьцгаадаг байсан. Ерөөсөө л амьдрал тэр чигээрээ зугаа цэнгэл гэж боддог байлаа шүү дээ. Харин одоо энэ залуус  ажилгүйдлээсээ хэрхэн гарах вэ гэж бодож байна. Гэхдээ уучлаарай залуус аа, мэдээллийн эрин зуунд мэдлэггүй хүн хэнд хэрэгтэй юм бэ? Тэр тусмаа зуун жилийн өмнө хүний мэдлэгийн эзлэхүүн 20-30 жилд өөрчлөгдөж байсан бол өнөөдөр таваас зургаан жилийн хугацаанд л бүрэн шинэчлэгдэж байна.

-Европт багагүй эрсдэл байна. Тэндхийн асуудалтай орнууд нь хаа нэгтээ тэнгэрээс тусламж хүлээлгүй харин Европын холбооны бусад амжилттай яваа гишүүн орнуудаас санхүүгийн тусламж хүлээж байгаа. Гэвч энэ төрлийн тусламж нь өнөөх Герман, Францын санхүүгийн чадамжтай байдлыг устгаж болох юм шиг?

-Тантай бүрэн санал нийлж байна. Эрсдэлтэй тэмцэх гол зэвсэг нь тэдгээр орны олон талт хөгжил. Евразийн нутаг дэвсгэрийн дунд байрладаг Орос улс эртнээс л ихэвчлэн Баруун руу чиглэж ирсэн. Харин одоо Дорнод руу анхаарлаа шилжүүлэх болсон юм биш үү. Жишээлэхэд Ази Номхон далайн бүс нутгийн улс орнуудад дэлхийн ДНБ-ий 54 хувийг үйлдвэрлэж байгаагийн дээр дэлхийн нийт хүн амын 40 хувь нь энд амьдарч байна. Мөн энд манай гаригийн нийт худалдааны хэлэлцээрийн 44 хувь нь хийгддэг гээд бод доо. Ямар байна?

-Үнэхээр гайхалтай. Гэхдээ бид энэхүү “хөлөг онгоц" руу хэрхэн гарах вэ?

-Үүнд хариулт өгөхийн оронд Владимир Путины үгийг энд хэлье. Саяхан болж өнгөрсөн Ази Номхон далайн орнуудын эдийн засгийн дээд хэмжээний уулзалтыг дүгнэхдээ Путин дараах мэдэгдлийг хийсэн юм. “Хамтын ажиллагааны хүндийн хүчний төвийг Ази Номхон далайн бүс рүү шилжүүлэх гэвэл энд бид бүгдийг зохиомлоор хийж болохгүй. Өнөөдөр Орос улсын Европтой хийх бараа эргэлтийн хэмжээ 51 хувьтай байдаг бол Ази Номхон далайн бүс нутагтай 24 хувь байдаг. Гэхдээ Ази Номхон далайн бүс нутгийн боломж, эдийн засгийн өсөлт нэмэгдэхийн хэрээр энэ чиглэл дэх Оросын худал­дааны хэмжээ нэмэгдэх болно” гэж өгүүлсэн.

-Эдийн засгийн хямралын тухай сэдэвдээ эргэн оръё. Таны ярианаас харахад та Оросын хувьд шинэ хямрал гарах боломжтой гэдгийг няцааж байгаа юм аа даа?

-Ийм таамаглал дээр ямар ч зөн билэгтэн, дал­дыг хардаг хүн мөрий тавихгүй байсан. Эдийн засаг бол арифметик биш харин тун нарийн шинжлэх ухаан. Тэр тусмаа ийм дэлхий нийтийг хамарсан хямралыг хүн төрөлхтөн Их хямралын жилүүдэд ч мэдэхгүй л байсан. Ту­хайн үед зах зээлүүд нэг нэгнээсээ алслагдмал бай­сан бол мэдээллийн тех­нологи нь ердөө л цахил­гаан, радио, утсаар л хязгаарлагдаж байсан юм.

-Тиймээс л өнөөгийн даяаршлын эринээс ялгаатай нь 80 жилийн өмнө домино нурсан үр дүн хавьгүй бага мэдрэгдсэн гэсэн үг үү?

-Мэдээж үр дагавар нь маш бага байсан. Өнөөдөр байдал огт өөр, дэлхийн нэг өнцөгт хэн нэгэн нь найтаалаа гэхэд нэг их удалгүй дэлхий даяараа сонсчихдог болсон. Грек, Испанийн хямралын талаар Европын холбоо даяар хэрхэн хүчтэй ярьж байгааг харж байгаа биз дээ. Гэхдээ бидний ярианы хувьд гол агуулга нь өөр зүйлд оршиж байгаа юм. Орост хямралын анхны шинж тэмдгүүд илэрмэгц л төр засгаас дөрвөн жилийн өмнөхөөс илүү нарийн, шийдвэртэй арга хэмжээнүүдийг авна гэдэгт би итгэлтэй байгаа. Ингэснээр ажилгүйдэл нэмэгдэх, үйлдвэрлэл унах зэрэг шинж тэмдгийг богино хугацаанд арилгаж, шалтгааныг тодруулан уг үндсийг нь таслах боломжтой болох юм.

-Та яагаад ингэж бодох болов?

-Хариулт нь маш энгийн. 2008-2009 онуудад Оросын төрийн нэгж бүр “дайны” нөхцөлд хямралыг хэр­хэн арилгах тал дээр үнэлж баршгүй туршлага хуримтлуулсан. Мөн “аюулгүй дэр” болох алт валютын нөөц хямралын өмнөх үеийнх шигээ сэргэсэн гэдгийг мартаж болохгүй.
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ