С.Батболд МОНЦАМЭ-г эгчдээ өмчлүүлсэн үү
2012 оны 10 сарын 2
С.Батболд МОНЦАМЭ-г эгчдээ өмчлүүлсэн үү
Монгол Улсыг дэлхий дахинаа таниулах нүүр царай болсон мэдээллийн томоохон агентлаг, хэвлэл мэдээллийн ууган байгууллага болох МОНЦАМЭ агентлагийг хувьчилсан талаархи мэдээлэл олны анхаарлыг татаж эхэллээ. Хачирхалтай нь МОНЦАМЭ-г хэзээ, хэрхэн хувьчилсан талаар хэн ч мэдэхгүй байгаа нь гайхшрал төрүүлж байгаа юм. МОНЦАМЭ-гийн хувьчлалын талаар зарим сонинд “Шинэчлэлийн Засгийн газар саяхан агентлагуудаа бүртгэж байтал нэг нь алга болсныг мэдсэн гэнэ. Гэтэл МОНЦАМЭ агентлагийг менежментийн хувьчлалаар хэн нэгэн хувьчилж авсан гэх хачирхалтай мэдээ сонсогдсон юм байх. Зүгээр ч үгүй Ерөнхий сайд асан С.Батболдын төрсөн эгч С.Алтанцэцэг гэх эмэгтэй хувьчилж авсан гэсэн яриа Төрийн ордноор нэг байна.

Тус агентлагийн захирлаар ажиллаж байсан Т.Баасансүрэн гуай Ерөнхий сайд С.Батболдыг хэвлэлээр хатуу шүүмжилж, удалгүй ажлаа өгсөн гэдэг. 90 жилийн түүхтэй, Монгол Улсыг гадаадад таниулах зорилготой энэхүү томоохон агентлаг юуны учир менежментийн хувьчлалын хууль бус “шуурганд” өртсөнийг эздээс нь өөр хэн ч мэдээгүй байгаа гэх. Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдах гэж бужигнаж байх зуур “сэмхэн” хувьчилсан бололтой гэж хардах хүн ч байна” хэмээн бичжээ.

Хачирхалтай л юм. МОНЦАМЭ бол монголын хэвлэл мэдээллийн ууган байгууллага. Түүнийг хэн нэг нь өөрийн дураар, нууцаар хувьчилна гэж байж боломгүй л юм. Хувьчлалын энэ талаар МОНЦАМЭ-гийн захирлаар олон жил ажиллаж байсан Т.Баасансүрэн гуайгаас асуухад тэрбээр юу ч мэдээгүй хэмээн гайхаж байлаа. Түүгээр ч зогсохгүй “Хэрэв Сү.Батболд эгчдээ хувьчлаад аваад өгчихсөн бол шившигтэй л юм” хэмээлээ.
Харин энэ талаар МОНЦАМЭ-гийн редакцийн хамт олноос тодруулахад “Энэ бол худал мэдээлэл байна. Манайх хувьчлагдаагүй” хэмээн хариуллаа.

Н.БУДСҮРЭН
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ