Хятадыг дагасан Зүүн Азийн хямрал
2012 оны 10 сарын 9
Хятадыг дагасан Зүүн Азийн хямрал
ОУВС-гаас гаргасан судалгаагаар дэлхийн эдийн засгийн өсөлт Евробүсийн хямралаас үүдэн буурсан гэх дүгнэлт гаргажээ.  Мөн Хятадын эдийн засгийн уналтаас болж Зүүн Азийн орнуудын эдийн засгийн өсөлт буурч байгааг Дэлхийн банк мэдэгдсэн юм. Тус банкнаас гаргасан мэдэгдэлд Япон, Энэтхэг зэрэг томоохон эдийн засагтай орнууд оршдог Зүүн Азийн эдийн засгийн өсөлт сүүлийн 11 жилд байгаагүй бага хэмжээнд хүрч магадгүй тухай бичсэн талаар Блүмберг мэдээллээ.

Дэлхийн эдийн засаг хямралтай байсан 2009 онд Зүүн Азийн орнуудын эдийн засгийн өсөлт 7,5 хувьтай байсан. Одоо экспортоос эдийн засаг нь ихээхэн хамааралтай Азийн зарим орны эдийн засаг эмзэг болоод байна. Гэхдээ зарим орны эдийн засаг харьцангуй тогтвортой байгааг Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн орнуудын эдийн засаг хариуцсан дарга Берт Хофман  хэллээ.  
ОУВС-гийн тооцоогоор Хятадын эдийн засгийн өсөлтийг ирэх онд 8,4 хувь байна гэж таамаглаж байсан ч 8,2 хувьтай байхаар байгаа аж.  Хятадын Ерөнхий сайд Вень Жиабао өнгөрсөн сард “Засаг захиргаанаас Азийн орнуудын эдийн засгийг дэмжих эрчимтэй бодлого хэрэгжүүлнэ” гэж мэдэгдсэн. Тус орны эдийн засгийн үзүүлэлтүүд сүүлийн гурван жилд байгаагүй бага хэмжээнд хүрсэн юм. Эдийн засгийн эрэлт, нийлүүлэлт, үйлдвэрлэл, худалдан авалт зэрэг хүчин зүйлс хоорондоо харилцан уялдаатай байдаг учир Европын өрийн хямралаас үүдэн Хятадын аж үйлдвэрлэлийн үзүүлэлтүүд буурч эхэлсэн. Экспортын эрэлт буурсан учраас өнгөрсөн наймдугаар сараас  барааны илүүдэл бий болсон юм. Энэ нь Хятадын усан тээврийн эргэлтийг багасгасан тул  Тайланд, Сингапур, Малайз зэрэг орны эдийн засагт нөлөөлсөн байна.

Өнгөрсөн онд 8,3 хувьтай  байсан Зүүн Азийн орнуудын эдийн засгийн өсөлт энэ онд 7,2 хувь хүртэл буурах хандлагатай болсон. Өнгөрсөн тавдугаар сард гаргасан тооцоогоор өсөлт 7,6 хувьтай байна гэж тооцсон юм. Вашингтоны нэгэн шинжээчийн хэлснээр Зүүн Азийн эдийн засгийн удаашрал 2001 оноос хойш ажиглагдсан гэжээ.

Энэ долоо хоногт ОУВС-гийн 188 гишүүн орнуудын төлөөлөгчид Токио хотод цугларч, Хятад, Бразилийн санхүүгийн тусгаар байдал нь дэлхийн улсууд тэр тусмаа хөгжиж байгаа орнуудын эдийн засагт нөлөөлж байгааг хэлэлцэх юм байна. ОУВС-гаас дэлхийн санхүүгийн систем хэт хэврэг хэвээрээ байгааг онцоллоо. Банкны зээл эдийн засагт хангалттай биш байгаа нь зах зээлийн мөнгөн урсгалыг багасгах шалтгааны нэг болж байна гэж шинжээчид үзсэн аж. Төлөөлөгчид дэлхийн худалдаа, санхүүгийн тэнцэл алдагдсан шалтгаануудыг хэлэлцэн дүгнэх юм. Дэлхийн эдийн засгийн өсөлтийг 3,5 хувь байна гэж урьдчилан тооцож байсан ч 3,3 хувьтай байх  тооцоо гарчээ.

Дэлхийн банкны  мэдэгдсэнээр гадаад эрэлтийг тогтворжуулах, инфляцийн дарамтыг  багасгах нь Азийн олон оронд бодлого боловсруулахад таатай нөхцөл болох юм. Зүүн Ази, Номхон далайн ихэнх орнуудад бодлогын хүү маш бага, хөрвөх чанар харьцангуй орхигдсон байдгаас эдийн засгийн түлхэц арга хэмжээг санхүүгийн хүрэлцээтэй хэмжээгээр эхлэх нь чухал байдаг юм байна.
Ирэх онд Зүүн Азийн орнууд дотоод эрэлтээ дэмжих бодлого явуулбал эдийн засгийн өсөлт 7,6 хувьд хүрэх аж. Харин Хятадын эдийн засаг 8,1 хувьтай байх магадлалтай байгаа нь эрсдэл дагуулж мэдэх юм.  

Н.ТУНГАЛАГ
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ