Хоёр яамны албан хаагчид нэг хөнжилд орох нь ээ
2012 оны 10 сарын 15
Хоёр яамны албан хаагчид нэг хөнжилд орох нь ээ
Хууль зүйн сайд Х.Тэмүүжин өнгөрч буй долоо хоногийн туршид Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийнхнийг төдийгүй тэнд хэвтэн эмчлүүлдэг төрийн албан хаагчдаа ч доргиогоод авав. Эрхэм сайд өнгөрсөн долоо хоногийн хагас сайн өдөр Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгээр ороод гарахдаа тус эмнэлгийн өргөтгөл болох баригдаад 80 гаруй хувийн гүйцэтгэлтэй явж байгаа барилгыг эмнэлгийн биш оффисын зориулалтаар ашиглах гэж буйгаа хэлжээ. Сайдын энэ аман шийдвэрийг сонссон эмнэлгийнхэн сандрах нь зөв биз ээ.

Бид хаачих вэ гэдгээс түрүүлээд “Суурилуулсан хоёр аппаратаа яана даа” хэмээн нэг эмч хэлсэн гэх. Арга ч үгүй биз. Урьд нь ашиглаж байгаагүй рентген туяа, соронзон долгионоор оношлогоо хийдэг хоёр аппаратыг угсач дууссан гэнэ. Америкийн “GE” корпорацийн бүтээгдэхүүн болох аппаратууд нийлээд дөрвөн тэрбум төгрөгийн үнэтэй. Аль аль нь ашиглалтын болоод тээвэрлэлтийн горим зөрчигдөхгүй байх шаардлагатай тун эмзэг эд аж. Тиймээс тэрхүү эмч өөрийн ажлын байрнаас түрүүлээд арайхийн суурилуулсан аппаратаа бодсон хэрэг. За энэ ч яах вэ. Жинхэнэ эмч хүний зан, ийм эмч олон байдаг бол ч гээд орхичихоё. Угаасаа манайд эмчийн ариун сэтгэл үгүй болчихсон гэх хүн олон байгаа болохоор үүнийг дэмий ярьж байна л гэж хэлэх байх.

Энэ эмнэлгийн нэр нь Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг гэгдэж байгаа болохоор олон нийтэд нэг л олон дарга нарт үйлчилдэг газар юм шиг ойлгогдож байж болох юм. Зарим хэвлэлүүдэд ч тэгж бичиж байна. Тэгвэл тус эмнэлэг Цагдаа, Хил, Гааль, Онцгой, Прокурор, Шүүхийнхэн төдийгүй тэдний ар гэрийнхэн, түүгээр ч зогсохгүй Үндэсний аюулгүй байдал, Гадаадын иргэн харьяатын алба, Иргэний бүртгэл гээд Хууль зүйн яаманд харьяалагддаг нийт 58 байгууллагын  240 мянга гаруй хүний эрүүл мэндийн асуудлыг хариуцдаг байна. Үүний дээр Чингэлтэй дүүргийн ард иргэдэд мэс заслын тусламж үзүүлдэг байгууллага аж.

Тэгвэл Хууль зүйн сайдын хувьд энэ асуудлыг Батлан хамгаалах яамны харьяа Цэргийн төв госпитальтай нийлүүлээд зохицуулах гэнэ. Харин эмнэлгийн зориулалттай баригдаж буй барилгыг шүүх, прокурорын албан өрөө болгохоо хэлээд байгаа юм. Ингэхийн тулд тэнд ажилладаг, түүгээр үйлчлүүлдэг хүмүүсийг зүгээр л Госпиталын зүг “өшиглөөд” явуулчихна. Харин тэр дөрвөн тэрбумын аппарат юу юм бэ. Ахиад л авчихна биз гэсэн хандлага харагдаж байна. Тэгвэл Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт “Эрүүл мэндийн салбарын тоног төхөөрөмж, түргэн тусламжийн сүлжээний хөрөнгө оруулалтын хэмжээг 2016 он гэхэд 5 дахин нэмэгдүүлж, бүх шатны эмнэлэг эрүүл мэндийн төвүүдийг орчин үеийн тоног төхөөрөмж, техник хэрэгслээр хангана” хэмээн заасан байгаа. Юун тав дахин нэмэгдүүлэх вэ. Олдсоныгоо эхнээс нь устгах гэж байхад. Тэгэхээр Х.Тэмүүжин сайд л лав мөрийн хөтөлбөрийнхөө энэ заалтаас нэг алхам ухарч байна гэж ойлгож болох нь ээ.

За энэ ч яах вэ. Баян хүн лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү маньд ямар хамаатай вэ гэдэгчлэн салбарын сайд нь эмнэлгээ өөр яамны эмнэлэгтэй нийлүүлнэ үү, байна уу ёстой надад ямар хамаатай билээ.
Гэхдээ Төрийн тусгайгийнхны эмнэлгийг тойрсон асуудал гарч ирмэгц нэг зүйл нүдэнд харагдсаныг нуух юу. 2008 оны долдугаар сарын 1-ний үймээн болдог шөнө тэр эмнэлэг ямар дүр зурагтай байсныг сайн санаж байна. Үүдээр ормогц коридорт эмнэлгийн тусламж авахаар дугаарлан зогсох цагдаа нар. Сүлбүүлсэн, балбуулсан, нүдүүлсэн цагдаа нар. Энэ байдал ганц тэр шөнө ч биш хэдэн хоног үргэлжилсэн юмдаг. Маргааш, нөгөөдөр нь ажил дээрээ ухаан алдаад уначихлаа гэх зэрэг үймээний үеэр ажилласан цагдаа нар эмнэлгээ бараадан ирж байсан юм. Тэр үед л нээрээ эд нарт ийм учраас тусд нь эмнэлэг байдаг юм байна хэмээн ойлгож билээ.

Тухайн үед буюу долдугаар сарын 1-ний шөнө 120 гаруй цагдаад үйлчиллээ гэж байсан санагдана. Тэр үймээнтэй холбоотой нийт 240 гаруй гаруй цагдаагийн албан хаагч ямар нэгэн байдлаар их бага гэмтлийн улмаас тус эмнэлгээр үйлчлүүлсэн гэсэн мэдээлэл тухайн үед авч байснаа санаж байна. Дахин ийм муухай зүйл битгий болоосой гээд үүнийг ингээд орхие.

Нэг хэсэг манай төв талбай дээр мөн ч олон жагсаал цуглаан болдог байж билээ. Тэд Төрийн ордонг тойрч, ордон руу дайрах нь ердийн л үзэгдэл болсон мэт байв. Тэр үед Төрийн ордныг тойроод битүү цагдаа. Бас болоогүй Соёлын төв өргөө энэ тэр гээд ордны ойролцоох газруудын булан тохой бүрт цагдаа нар бөөн бөөнөөрөө зогсоно. Жагсагчид өндөг, чулуу шидэхэд цагдаа нар түүнд нь оногдоод л явж байсан.

Бүр Г.Баасан авгайд мөрдэсээ хуулуулж явсан нөхөд ч олон бий. Тухайн үед хүйтэн цемент дээр олон цаг зогссон цагдаа нар хоолойн өвчнөөс эхлээд олон л өвчин туссан байх. Тэр бүртээ ганц л эмнэлэгт ханддаг байсан. Гэхдээ энэ бүгд ард хоцорсон. Г.Баасан авгайгаас бусад нь гудамжинд жагсахгүй. Ард олныг уриалан дуудахгүй. Байгаа ганц Г.Баасан одоо бараг жагсахгүй байх. Учир нь гудамжны жагсагчид бүгд Төрийн ордонд орсон тул Төрийн ордонг тойрч гороологчид үгүй болсон гэсэн үг. Тиймээс одоо тийм зүйл болохгүй гэдэгт Х.Тэмүүжин сайд бат итгэлтэй байгаа. Гудамжинд жагсагчдыг Төрийн ордонд оруулснаар цагдаа нараа хүйтнээс үүдэх өвчнөөс урьдчилан сэргийлж чадсан. Энд зүгээр л хэдэн цагдаа нарын тухай дурьдагдлаа. Цаана нь Хууль зүйн яамны харьяа 58 байгууллагын ажилчид, ар гэрийнхний тухай бичвэл барагдахгүй их зүйл бичих нь байна.

Тиймээс зүгээр л ингээд орхие. Шүүгч нь шүүгдэгчтэйгээ цуг нэг эмнэлэгт, нэг өрөөнд хэвтэх үү, эсвэл улсын нууцын асуудал хариуцсан цэрэг, цагдаа, тагнуул, гадаад дотоодын асуудал эрхэлсэн нөхөд нэг дор эмчлүүлнэ үү хэнд хамаатай билээ. Эцэст нь хэлэхэд Хууль зүй, Батлан хамгаалах гээд хоёр яамыг ер нь нэгтгэчихвэл яадаг юм. Албан хаагчид нь нэг өрөөнд хэвтдэг юм бол. Ялгаж салгаад байхын хэрэг юу байна аа.

Н.БУДСҮРЭН
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив