“Гаалийн” Х.Баатар юу ярив
2012 оны 10 сарын 17
“Гаалийн” Х.Баатар юу ярив
Одоогоос зургаан жилийн тэртээ “Гаалийн” Х.Баатарын хэрэг гэгч мандаж монголчууд авлигын хэргийн анхны гэрч болсон юм. Тухайн үед ГЕГ-ын дарга Х.Баатарыг улсад дөрвөн тэрбум 376 сая төгрөгийн хохирол учруулсан, авлига авч, өгсөн хэмээн найман жилийн ял оноосон юм. “Гаалийн” Х.Баатарт ийнхүү Монголд авлигын хэргээр ял авсан анхных нь байлаа. Түүний араас банкны асуудал дэгдэж, “Хадгаламж” банкны Т.Чимэдцэрэн авлигын хэргээр шоронд суув. “Гаалийн” Х.Баатар найман жилийн ял сонссон ч гурван жил гаруй хугацааг торны цаана өнгөрүүлээд суллагдсан. Түүний талаар Хархорингийн хорих ангид тансаглаж байна, шоронд биш эмнэлэгт ялын хугацаагаа өнгөрүүлж байна гэх зэрэг олон мэдээлэл цацагдаж байлаа. Зарим нь түүнийг авлигачдын золиос болсон гэх нь бий.

2006 оны есдүгээр сарын 7-нд Баабар “Ялаа” хэмээх нийтлэлдээ “Үнэндээ Х.Баатар бол золиос л юм шүү дээ. Улс орныг хэрэн нийгмийг бүхлээр нь хэрсэн аалзны торны өчүүхэн буланд азгүйгээр орооцолдсон ганц муу ялаа. Өнчин хүүхдийн сүүлчийн зүсэм талхыг, үхэж байгаа өвчтөний үлдсэн ганц тариаг ховх сорж буй энэ тогтоц өөрөө сүйрэл болохоос тогтолцооны ердийн нэг эрэг шураг азгүй тэр амьтныг наймын найман жилээр яллаж сүр үзүүлэх хэрэг байгаа ч юм уу даа. Түүнийг хулгай хийсэн гэж биш, харин хулгай хийхдээ болгоомжгүй зан гаргаж нийт сүлжээнд хохирол учрууллаа гэж яллаж байгаа юм шүү дээ” хэмээн бичсэн байдаг. Тэгвэл “Гаалийн” Х.Баатарыг хоригдсоны дараа ГЕГ-ын дарга болсон Д.Цэвээнжав хэвлэлд өгсөн нэгэн ярилцлагадаа “Хувь хүнийхээ хувьд эрдэмтэй, чадалтай хүн. Ганцхан зөөлөн чанараасаа болж алдсан юм шиг байна лээ. Х.Баатарыг би нэлээн гайгүй мэднэ” хэмээн өгүүлсэн байдаг.

“Гаалийн” Х.Баатарыг өнөөгийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ерөнхий сайд байхдаа баривчлуулж байсан. Харин огцрохдоо “Намайг авлигачдыг барьж эхлэнгүүт огцрууллаа” гэж мэдэгдэж байсан юм. Тухайн үед “Гаалийн” Х.Баатарын хэрэгт Ч.Улаан, зөвлөх Б.Өвгөнхүү, Ц.Нямдорж,  Т.Бадамжунай, Д.Идэвхтэн нарын нэр дурьдагдаж байсан гэдэг. Гэвч тэдний хэн нь ч түүнтэй цуг ял эдлээгүй. Харин “Гаалийн” Х.Баатарыг авлигын хэргийг ганцаараа үүрээд гарсан гэж ярилцах нь бий.

Авлигын хэргээр хоригдож байхдаа “Гаалийн” Х.Баатар намын удирдлагуудадаа захидал бичсэн нь эзэндээ очоогүй гэдэг. Харин ч замдаа хэвлэл мэдээллээр цацагдаж “шоронгоос бичсэн захидал”-ын шуугиан тарьсан. Тэрбээр уг захидалдаа өөрийг нь хэлмэгдүүлж байгаа талаар өгүүлээд “Б.Даваажавтай хамтарч Ерөнхийлөгчийн сонгуульд 75 сая төгрөгийн хандив цуглуулж өгсөн” талаар дурьдсан байдаг. Энэ нь Н.Энхбаярын сонгуулийн талаар бичсэн юм байх. Гэвч захидал нь олон нийтэд ил болсон тул захидалд дурьдагдсан бүхэн худал болж өнгөрсөн гэдэг. Хамгийн хачирхалтай нь тухайн үед Н.Энхбаяр “Би энэ хүнийг танихгүй” хэмээн мэдүүлэг өгсөн байдаг.

Тэр цагаас хойш “Гаалийн” Х.Баатар гэх хүн усанд хаясан чулуу мэт нам гүм болсон. Хэнд ч юуны ч тухай ам нээсэнгүй. Харин тэрбээр саяхан “Өдрийн сонин”-д ам нээжээ. Тухайн үед намдаа хэр үнэнч зүтгэж байсан талаараа өгүүлээд өнөөдөр намын нөхөд нь ядаж ажил олж өгөхгүй байгаад нь бухимдаж өчнөөн төчнөөн саяар нь хандив цуглуулж өгч байсандаа гутарч байгаагаа нуусангүй. Түүнийг авлигын хэргээр баривчилж эхлэх үеэс л намын нөхөд, удирдлага нь нүүр буруулсан аж. Харин намын Удирдах зөвлөлийн хурлаар Ц.Нямдорж "Баатарыг яллах гээд буй энэ хэрэг чинь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй юм байна шүү дээ. Энэ хүнийг яах гээд  байгаа юм" гэж хэд хэдэн удаа асуусан байдаг. Хэн нь ч дуугараагүй гэнэ.

“Гаалийн” Х.Баатарын өгүүлсэн ганц сонирхолтой үг нь “Хэн нэгнийг хэлмэгдүүлж, улс төрийн золиос болголоо гэхэд тэр хүнийг бурхан гэсгээдэг л гэж ярьдаг. Хүнийг ядарч явахад нь муулдаггүй ухаан монгол хүмүүст л байдаг. Хүнийг хэлмэгдүүлж, улс төрийн золиос болголоо гэхэд тэрийг нь хэн ч мэдэхгүй, магадгүй мэдээгүй өнгөрч болох юм. Харин бурхан харж байдаг байх” хэмээх үг байлаа. Түүнчлэн тэрбээр “Намд зүтгэж албан тушаал авсан олон хүн байсан. Гэхдээ олон зуун саяар нь хандив цуглуулж өгсөн хүн цөөхөн. Бараг байхгүйтэй адилхан даа. Харин гишүүнээ хамгаалаагүй шударга бус хандсан удирдлагад нь дургүй хүрэх үе байсан. Намд бус тухайн үеийн хүмүүст нь гомдох сэтгэл төрдөг. Тэр хүмүүс л хүн чанаргүй. Хэрэгтэй цагтаа бусдаар ажлаа хийлгэчихээд золиосолдог, хэлмэгдүүлдэг. Хэлмэгдүүлэхгүйгээ хүрвэл хэрэг хийсэн нэгнийгээ аваад үлдчихдэг. Тийм явдал гарч байсан. Би намд нөлөө бүхий, тухайн үед засагт өндөр албан тушаал хашиж байсан хүмүүсийн хоорондын тэмцлийн золиос болсон гэж боддог” хэмээн ярьж сууна.

Н.БУДСҮРЭН
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив