МАН-ынхан УИХ-аас 25 гишүүнээ эгүүлэн татаж мэдэх нь
2012 оны 10 сарын 18
МАН-ынхан УИХ-аас 25 гишүүнээ эгүүлэн татаж мэдэх нь
Сонгуулийн ерөнхий хороо уржигдар буюу 10 дугаар сарын 16-ны орой гэнэтийн шийдвэр гаргаж олныг цочироов. Энэ нь УИХ-ын 2012 оны сонгуульд Өвөрхангай аймгийн 10 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшин үнэмлэхээ гардаад байсан С.Чинзориг, Н.Төмөрхүү нарын нэрийг эгүүлэн татаж, АН-аас нэр дэвшсэн Г.Батхүү, Д.Зоригт нарын нэрийг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр болсон шийдвэр байлаа. Үүнийг сонссон МАН-ын удирдлагууд “Түргэн авч” СЕХ-г зорих нь тэр. МАН-ын гишүүд СЕХ-ны дарга Ч.Содномцэрэнтэй уулзаж учрыг тодруулахад “Бид хэлэлцэж байна. Эцсийн шийдвэр гараагүй байгаа. Одоо хуралдаж байгаа тул шийдвэр тун удахгүй гарна” гэжээ. Дээрх мэдээллийн мөрөөр сэтгүүлчид ч очсон бөгөөд мөн л хурлын шийдвэрийг хүлээн суусан гэнэ.

Гэтэл СЕХ-ны үүдэнд хүлээж суусан сэтгүүлчид болон МАН-ын удирдлагууд хурлын шийдвэрийг сонсож амжаагүй байтал СЕХ-ныхон шийдвэрээ аль хэдийн УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн байна. Энэ мэдээг сонссон УИХ-ын гишүүн Н.Энхболд хуралдааны өрөө рүү нь шагайтал нөгөөдүүл нь аль хэдийн арын хаалгаараа гараад явсан байжээ. Ийнхүү МАН-ын гишүүд мухардалд оров. Хачирхалтай байгаа биз. СЕХ-ныхон нуугдах шахам хуралдаж, оройн 20 цагийн үед ийнхүү сэтгүүлчид болон МАН-ынханаас зугтаан байж хуралдааны шийдвэрээ УИХ-ын дарга руу барьж гүйхийн учир юу байв.

Өвөрхангайн тойргийн асуудал дөрвөн сар шахам үргэлжилсэн бөгөөд аймгийн сум дундын шүүхийн шийдвэр гарсанаар АН-ын гишүүн Г.Батхүү, Д.Зоригт нарын нэрийг өргөн барихаар болжээ. Энэ нь санал хураалтын дүнг шүүхийн шийдвэрээр өөрчилж буй анхны тохиолдол юм. Харин энэ зоригтой шийдвэрийг гаргасан Ч.Содномцэрэн нь СЕХ-ны даргын үүрэгт ажлаа хүлээж аваад ердөө найм хоногийн дараа гаргасан шийдвэр нь билээ. Тэрбээр АН угшилтай нь үнэн.

Түүгээр ч зогсохгүй түүнийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн фракцийн хүн гэдэг. Тиймээс Ц.Элбэгдорж ирэх жилийн сонгуулийнхаа “нүх”-ийг ухаж өөрийн хүнээ СЕХ-ны даргаар томилууллаа гэх “бор шувуу” нисээд хэдхэн хонож байна. Ч.Содномцэрэн УИХ-ын 2004 оны сонгуулиар АН-аас нэр дэвшин гишүүнээр сонгогдож байсан. Түүнчлэн нэг хэсэг ХААҮ-ийн сайдаар ажилласан нэгэн. Харин тэрбээр яг 10 хоногийн өмнө СЕХ-ны дарга асан Н.Лувсанжавын оронд залраад байгаа. Н.Лувсанжав МАН угшилтай учир засаг солигдсонтой холбоотойгоор ажлаа өгч байгаа хэрэг. Түүнийг дотор, гаднаас дарамтад орсон учир өргөдлөө өгсөн гэх нь ч бий. Мөн сонгуулийн дараахан Н.Лувсанжавыг Канадын Элчин сайдаар томилох гэнэ гэсэн мэдээлэл цацагдаж байгаад нам болсон. Н.Лувсанжав АН-ын энэ арганд орсон уу, аль эсвэл СЕХ-г толгойлж байхдаа намаа ялуулж чадаагүйдээ ичсэн үү, бүр дарамтад орсон уу гэдгийг одоохондоо хэлэхэд бэрх юм.

Одоо өрнөөд байгаа Өвөрхангайн тойргийн маргаан зөвхөн энэ удаагийнх биш билээ. Өмнө нь УИХ-ын 2004 оны сонгуульд АН-аас З.Энхболд, тухайн үеийн МАХН-аас Д.Сугар нар дэвшиж бас л бөөн маргаан дэгдээж байсан. Хоёр намын нэр дэвшигчдээс болж нутаг нэгтнүүд нь жагсаал цуглаандаа тулж, эцэст нь шүүх цагдаадаа хүрч байж З.Энхболд УИХ-ын гишүүний тангаргаа өргөж байсан билээ. Харин энэ удаад өвөрхангайчууд бас жагсаал цуглаандаа хүрч байх шиг байна. Өвөрхангайгаас жагсаалд оролцохоор сонгогчид ирж яваа сурагтай.

УИХ дахь МАН-ын 25 гишүүн өчигдөр УИХ-ын даргын зөвлөлийн хуралдааны үеэр УИХ-ын даргын өрөөнд бүгдээрээ оржээ. Тэд өнөөдөр болох чуулганы үеэр Г.Батхүү, Д.Зоригт нарын тангаргийг өргүүлэхээ түр хойшлуулахыг шаардсан байна. Харин УИХ-ын дарга З.Энхболд чуулганы үеэр наад асуудлаа тавь гэсэн. Гэхдээ чуулганы хуралдаанд үг хэлэхээс цаашгүй болсон МАН-ынхан урьдчилан заавал дуулгах ёстой байсан гэдгээ илэрхийлсэн юм.

Үнэндээ энэ бүгдийг харж байхад нэг шог зураг харагдаж байна. Өвөрхангайн тойргийн маргааны үндэс нь насанд хүрээгүй хоёр охин гэнэ. Тэд МАН-ын сонгуулийн штабт ажиллаж байгаа хүнтэй уулзахаар очоод сонгуулийн сурталчилгаа хийсэн хэмээн буруутгагдаад байгаа аж. Үүнээс харахад хууль тогтоогчид Сонгуулийн хуулиндаа өөрчлөлт хийх хэрэгтэй юм шиг санагдлаа. Үүнээс хойш, түүнээс цааш аливаа намын сонгуулийн штабаар насанд хүрээгүй хүн орж болохгүй, бүх ойролцоо очиж ч болохгүй гээд хуульчилчихвал ямар вэ. Тэр нь амар шүү дээ. Хэрэв ийм хуультай болчихвол дүүргийнх ч бай, сум дундынх ч бай аливаа анхан шатны шүүх байгууллага нууцаар хуралдах шаардлагагүй болно. Нөгөөтэйгүүр хэрэв УИХ-ын гишүүн болох эсэхийг нь шүүхээр шийдвэрлээд байх юм бол ер нь сонгууль явуулах шаардлага байгаа юм уу. Тэгж хөрөнгө мөнгө, цаг зав гарздах шаардлагагүй юм биш үү. Шууд л шүүхийн шийдвэрээр УИХ-ын гишүүдээ сонгодог болъё.

МАН өмнө нь Засгийн эрхэнд байхдаа, олонхиороо түрий барьж кноп дардаг асуудал байсан уу гэвэл байсан. Гэхдээ арай ч АН-ынхан шиг байгаагүй. Тэд цөөнхөө хүндэтгэж хамтарч засаг барьж байсан. Харин энэ удаа АН-ынхан МАН-д “Салаавч” өгч байна. Эцэст нь МАН-ын гишүүд өнөөдөр жагсаал хийх гэж байна. Магадгүй асуудал хүндэрвэл УИХ дахь 25 гишүүнээ эгүүлэн татаж мэдэх юм. Хэрэв МАН 25 гишүүнээ эгүүлэн татах аваас энэ УИХ бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллах чадамжгүй болно. УИХ-ын дарга З.Энхболд хүссэн, хүсээгүй огцрох болно. Н.Алтанхуяг ч Засгийн газартайгаа цуг огцроход хүрнэ. Байдал ийм дээрээ л тулчихаад байна даа.

Н.БУДСҮРЭН
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив