Эх оронгүй иргэн гэж байдаггүй
2012 оны 10 сарын 22
Эх оронгүй иргэн гэж байдаггүй
Монголчууд бид өнөөдөр гурван сая ч болж чадаагүй цөөхүүлэхнээ байна. Тиймээс монгол хүний амь гэдэг алтнаас ч үнэтэй байх ёстой. Миний эх оронд улс төрийн хүчнийхэн би чи хэмээн хэрэлдэх нь байх л асуудал. Тэд УИХ-д хэдий олон суудалтай байна төдийчинээ эрх мэдлийг гартаа авна. Тэд үнэндээ монголчуудад хайртайдаа ганц хоёр суудлын төлөө үхэн хатан тэмцэж байна гэж үү. Итгэхийг хүсэв ч улстөрчдийн энэ үйлдэл өөрөө итгэхийн аргагүй байна.

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр авлига, албан тушаалын асуудлаас үүдэн өнгөрсөн дөрвөн сард баривчлагдсан. Тэрбээр баривчлагдсаныхаа дараагаар хэлмэгдэж байгаагаа илэрхийлж арав гаруй хоног өлсгөлөн зарлаж, өөрийн амь насаараа шударга ёсны төлөө тэмцэж байгаагаа илэрхийлж байсан. Түүний эл байдлыг харсан монголчууд Н.Энхбаярын удирдсан МАХН төдийгүй “Шударга ёс” эвсэлд саналаа өгсөн. Үнэндээ монголчууд “Шударга ёс” эвслийн мөрийн хөтөлбөр энэ тэрд биш зүгээр л монгол хүний уужуу ухаанаар Н.Энхбаярыг өрөвдсөндөө л ийм сонголт хийсэн юм. Үүний хариуд эвслийнхэн өнөөдрийг хүртэл хийж гийгүүлсэн юм алга л байна. МАХН-ын дарга Н.Энхбаяр шүүхийн ял сонсож, одоо биеийн байдлаасаа шалтгаалан эмнэлэгт хэвтэж байгаа. Түүгээр ч үл барам гадаадад явж оношлогоо, шинжилгээ, эмчилгээ хийлгэх хүсэлтэй байгаа гэх. Тэр төрийн тэргүүн байсан хүн. Тиймээс түүний үйлдэл бүхэн олны өмнө байгаа хэрэг.

Тэгвэл түмний нүднээс далд нулимс унагаж, энэлэн шаналж яваа монголчууд хэд байна вэ. Зүв зүгээр, эрүүл саруул явж байгаад хэн нэгний хариуцлагагүй үйлдлээс үүдэн амиа алдсан иргэд хэд байгаа билээ. Тэднийг хэн ч анзаарахгүй, хэнд ч хамаагүй юм шиг өнгөрч болохгүй. Хичээлийн шинэ жил эхэлсэн эхний өдөр буюу есдүгээр сарын 3-ны өдөр хичээлээ тараад явж байсан 12-хон настай бяцхан охины дээрээс кран унаж алтан амийг нь авч одов. Үүнээс хэдхэн хоногийн дараа мөн л хичээлээ тараад явж байсан 19-хөн настай оюутан хүүгийн дээрээс барилгын төмөр унаж алтан амийг л авч одсон юм. Тэдний талаар нэг хэсэгтээ л шуугиж байснаа тэгсгээд нам гүм болж өнөөдөр хэн ч тэднийг дурсахгүй байна. Нийслэлийн удирдлагууд хэнтэй хариуцлага тооцох талаар хэдхэн цаг хуралдаад тэр танхимын хаалгаар гармагцаа л тэдгээр хүүхдийг мартаж орхисон. Одоо асуувал юу билээ гэж буцаагаад асуулт тавьж мэдэхээр байна. Яагаад?

Тэд ердөө л ээж, аавын үрс байсан гэж үү? Үгүй. Тэд монгол түмний хүүхэд байсан. Хэдийгээр тэднийг монголчууд бүгдээрээ танихгүй ч тэдний төлөө бид харамсах ёстой. Тэднийг бид мартах ёсгүй. Учир нь бид энх тайван, амар амгалан амьдарч байгаа Монгол Улсын иргэн. Бид дайн тулаантай улсад биш тал сайхан нутагтаа байна. Гэсэн хэрнээ дайнд тулаанд хүүгээ үдсэн, эсвэл чихний хажуугаар исгэрэн өнгөрөх сумны дургэдүүр хүүхдээ хичээл сургуульд нь явуулж байгаа биш шүү дээ. Гэрээсээ инээмсэглэн гараад эргэж ирээгүй эгэл нэгэн халуун амь хэнд ч хэрэггүй гэж үү. Монгол хүний амь нас ямарч үнэ цэнэгүй хэрэг үү. Гадаадын орнууд иргэдийнхээ амь насыг мөнгөөр үнэлсэн байдаг гэнэ. Хэн нэгний хариуцлагагүй үйлдлээс болж амиа алдвал түүний ар гэрт нөхөн төлбөр олгодог. Энэ нь тухайн улсын иргэдийн дундаж наслалтай холбоотойгоор улс орон бүрт өөр өөрөөр үнэлэгддэг байна. Хуулийн тогтолцоо нь маш нарийн. Гэтэл манай улсын иргэний амь хэнд ч хэрэггүй, бүр уусан ундааны савнаас дор болчихоод байна. Ундааны сав хаячихсан байхад түүнийг түүж мөнгөөр сольдог хүмүүс байдаг. Хэн нэгний хариуцлагагүй үйлдлээс болж хохирсон амь түүнээс дор гэж үү.

Есдүгээр сарын 1-ний өглөө Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Хүн болох багаасаа” гэдэг хичээлийг орон даяар шууд заасан. Ерөнхийлөгчийн заасан хичээлийг анхааралтай сонссон бяцхан охин “Сайхан амьдрахын тулд хүн хөдөлмөрлөх ёстой юм байна. Сайн хүн болохын тулд багаасаа хичээх хэрэгтэй. Бид ээж аавынхаа ачийг хариулахын тулд онц сурах хэрэгтэй юм байна” хэмээн тэмдэглэн үлдээжээ. Түүгээр ч үл барам “Сахиусан тэнгэр” болчихвол хүүхэд бүрийн хүслийг биелүүлэх мөрөөдлөө ч бичиж үлдээсэн байна. 12-хон настай охин орос, монгол хэл дээр шүлэг зохион мөрөөдлөө тэрлэжээ. Цагаан цаасан дээр хөх бэхээр бичсэн бяцхан охин хэчнээн ихийг бодож, хэчнээн ихийг мөрөөдөн байж дээрх үгсийг бичсэн бол. Гэвч тэр өнөөдөр бидний дунд алга. Хорьж болдоггүй 20 насны амтыг мэдэрч амжаагүй хүү ч бас бидний дунд алга. Тэднийг эмгэнэлтэйгээр орчлонгоос явсны дараа хэн ингэв, хэнээс болов гэж хэсэг шуугисан.

Тэр үед компанийн эзэн хэн байв. Газар нь зөвшөөрөлтэй эсэх нь л нийслэлийн удирдлагуудад сонин байлаа. Би эрх баригчид гэж хэлэхгүй байгаа учир нь эрх баригчид энэ асуудалд өнөө хэр нь анхаарлаа хандуулаагүйд байгаа юм. Төрийн эрхийг гартаа авсан тэдэнд тухайн үед албан тушаалын бялуу хуваарилалт л сонин байсан болохоос биш, арван хэдтэй хүүхдүүдийн амь нас хамаагүй байлаа. магадгүй тэд үр хүүхэдгүй юм байлгүй дээ гэхээс өөрийг олон нийт хэлж чадахгүй байсан юм.
Харин одоо албан тушаалын хуваарилалт бараг цэгцэрч байх шиг байна. Тэнгэрт нисэж яваа төрийн түшээд газарт бууж ирэх цаг нь болсон байх. Тэгэхээр ард олондоо анхаарлаа хандуулах цаг нь болжээ. Ашиг сонирхлын зөрчлөө бага ч болов дараад үрээ алдсан ээж, аав, ахаа алдсан дүү, дүүгээ алдсан эгч ах, эгчээ алдсан дүүд эмгэнэл илэрхийлж, анхаарлаа хандуулах болоогүй юу. Монгол хүн, монгол зан заншлын талаар хамгийн ихээр ярьдаг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж та ч бас анхаарлаа хандуулах цаг нь болсон баймаар. Талийгаач хүүхдүүдийн ар гэрийнхэнтэй Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж өнөөдрийг хүртэл холбогдоогүй гэдэг.

“Ард түмний дэмжлэг албан тушаалаас хүчтэй” гэж экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр хэлсэн. Тэгвэл одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Тэд хүүхэд байхдаа монгол хүн болох ёстой. Монгол хүндээ бүр Монгол Улсын иргэн болох ёстой. Иймээс иргэний хувьд, энэ улсыг ирээдүйд авч явах хүний хувьд нутаг орныхоо засаг захиргааны үйл ажиллагаа, хөгжлийн эх үүсвэрийн тухай ойлголттой болох ёстой” хэмээн хэлсэн байдаг. Цэцэрхэх, ард олны итгэлийг өөртөө татахын тулд Төрийн өндөр албан тушаалтнууд юу ярьж, юу хэлдэг нь энэ мэтчилэн захаас аваад бий. Тэд монголчууддаа хайртай гэж төвөггүйхэн хэлнэ. Харин тэр хайр хаана явна вэ.

Хүүе та минь ээ! Эрхэм дээдэс минь ээ! Эх орон минь ээ! Мөнх хөх тэнгэр минь ээ! цаана чинь монгол хүн, монгол хүүхэд зүв зүгээр явж байгаад амиа алдчихаад байна. Тэд хэнд ч хэрэггүй бага балчир байсан мэт боловч хэрэв амьд байсан бол хэрэгтэй нэгэн болох ч байсан юм бил үү. Хэн нэгний хууль бус газар шороо, барилгын талаар биш эрдэнэт хүмүүний эгэл нэг амь насны төлөө дуу гарах хүний эрхийн байгууллага ч алга. Улсад бүртгүүлснээрээ бол манай улс шиг “Хүний эрхийн төлөө” гэсэн уриатай Төрийн бус байгууллага олонтой улс дэлхийд ховор байх. Гэвч тэдгээр хүний эрхийн байгууллага гэж чухам хаана байгааг бид харахгүй байна.

Н.БУДСҮРЭН
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив