АН-ынхан МАН-ын шаардлагыг хүлээж авахгүй
2012 оны 10 сарын 23
АН-ынхан МАН-ын шаардлагыг хүлээж авахгүй
УИХ-д хамгийн олон суудалтай АН-ынхан ийм байр суурьтай байна. Тэд “Бид улс төрийн ямарч шахалт, шаардлагыг хүлээн авахгүй. Намынхаа хоёр гишүүнийг тангараг өргүүлэхдээ л өргүүлнэ” гэж байгаа. Харин МАН-ынхан “СЕХ-ныхон шүүх процессын үйл ажиллагаа дуусаагүй байхад АН-ын гишүүн Г.Батхүү, Д.Зоригт хоёрын нэрийг УИХ-ын даргад өргөн барьсан” гэдэг шалтгаанаар өнөөдөр Үндсэн хуулийн Цэцэд хандаж байна. Ингэлээ гээд тэд “Цоожтой хаалга мөргөх”-тэй л адилхан болох биз. Учир нь өмнө нь МАН-ынхан “УИХ-ын даргыг хууль бусаар сонголоо” хэмээн Үндсэн хуулийн Цэцэд хандаж байсан. Гэтэл Цэц тэдний өргөдлийн хариуг өгөхгүй бараг гурван сар болсон. Ингэх шалтгаан ч бий. Үндсэн хуулийн Цэцийн дарга Ж.Амарсанаа “Ардчилсан холбоо” эвсэл засаг барьж байх үед Хууль зүйн сайд байсан. Тиймээс гурван сар шахам хүлээлгэсэн Цэц нэг л өдөр хуралдаж “МАН-ын өргөн барьсан асуудлаар маргаан үүсгэх шаардлагагүй” гэдэг хариу өгсөн. Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Т.Лхагваагийн танилцуулсан энэхүү шийдвэр нь АН-ынхны хэлж байсан үгийг копидчихсон гэлтэй тайлбар байсан. Т.Лхагва ч мөн АН-ын гишүүн.

Цэцийн энэ шийдвэрийн дараахан АН-ынхан Н.Лувсанжавыг СЕХ-ны даргаас чөлөөлж өөрийн намын Ч.Содномцэрэнг СЕХ-ны даргаар томилсон. Ч.Содномцэрэн намдаа өрөө төлөхийн тулд шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа Г.Батхүү, Д.Зоригт нарыг УИХ-ын гишүүнээр батламжлах эцсийн шийдвэрээ гаргасан. Энэ бол хууль зөрчсөн үйлдэл. МАН-ынхан ч, олон нийт ч энэ үйлдлийг тэгж үзэж байгаа. Нөгөө талаар МАН ч хууль зөрчсөн. Төрийн ордонд аливаа нэг хэлбэрээр суулт, жагсаал хийхийг хориглосон байдаг. УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Шаравдоржийн хэлснээр “УИХ-ын чуулганы танхимын үүдийг хааж суусан, чуулганы хуралдааныг хэвийн явах боломжийг хаасан зэрэг нь Төрийн ордны тухай хуулийн 11.1.4-т зааснаар хориотой” ажээ. Хэрэв энэ хуулийг зөрчвөл захиргааны арга хэмжээ авах буюу  20-50 мянган төгрөгөөр торгоно гэж заасан байдаг байна. Харин хуралдааны дэгийг зөрчсөн тохиолдолд хуралдаанд оролцох эрхийг гурван цаг хүртэл хугацаагаар хасна гэж заажээ. Энэ хуульд заасны дагуу МАН-ын гишүүдийн суулт үргэлжилбэл  ёс зүйн арга хэмжээ авахаас өөр гарцгүй байгаа талаараа ч Тамгын газрын дарга өгүүлж байгаа.

Тэгэхээр Ардчилсан нам, Ардын нам хоёулаа хууль зөрчөөд байна. АН-ынхан хэчнээн МАН-ын шаардлагыг хүлээн авахгүй гэж байгаа ч МАН-ынхан зүгээр суухгүй. МАН-ынхан өөрсдийгөө 90 жилийн түүхтэй, дөрөв, таван зуун мянган гишүүнтэй гэдэг. Тэгэхээр Төрийн ордонд лидерүүд нь суулт хийх нь хууль бус гээд ёс зүйн арга хэмжээ авахуулбал тэр олон гишүүдээ авчраад Сүхбаатарын талбайд жагсаал хийвэл хөл гишгэх зайгүй л болох байх.

Тэглээ гээд АН-ынхан бууж өгөхгүй гэдэг нь үнэн. УИХ-ын дарга З.Энхболд 2004 онд Өвөрхангайд, УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ 2008 онд Баянгол дүүрэгт маргаан дэгдээж УИХ-ын гишүүн болсон. Хэрэв тухайн үеийн шүүх болон СЕХ эрх баригч хүчинд үйлчилж байсан бол тэд УИХ-ын гишүүн болж чадахгүй байлаа. Тэгвэл тэд чадсан. Харин одоо бүх эрх мэдэл АН-ын гарт байна. Тиймээс АН-ынхан зорьсондоо хүрч Г.Батхүү, Д.Зоригт нарыг гишүүний тангараг өргүүлнэ. Түүгээр ч зогсохгүй Увсын хоёр, Сонгинохайрханы нэг суудлыг АН авна гэдэг нь ч үнэн. Тиймээс энэ удаад МАН-ынхны тавьж буй шаардлагыг хүлээн авахгүй гэдэг нь тодорхой болоод байна.

Н.БУДСҮРЭН
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив