С.Баярт тавьсан занга нь Д.Батхуяг
2012 оны 10 сарын 25
С.Баярт тавьсан занга нь Д.Батхуяг
Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуягийг АТГ шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр нийслэлийн Прокурорын газарт шилжүүлээд байгаа. Түүнтэй “Саусгоби Сэндс” компанийг холбоотой хэмээн тус компанийг ч мөн шалгасан байна. Гэхдээ асуудлын гол нь Д.Батхуяг, “Саусгоби Сэндс” аль аль нь биш хэмээн зарим улстөрчид хэлж байгаа. Д.Батхуягийг АТГ шалгаж, яллах дүгнэлт үйлдүүлэх гэж байгаа нь ердөө л С.Баярыг “арчих” занга гэнэ. Учир нь Д.Батхуягийг С.Баярын хүн гэдэг. Тиймээс түүнийг сайн ухвал С.Баяртай холбоотой ямар нэгэн зүйл олдоно гэж үзсэн хэмээн зарим эх сурвалж хэлж байгаа юм. Тиймээс АТГ С.Баярыг шалгахын тулд ийнхүү түүний хүн гэгддэг Д.Батхуягийг шалгасан хэрэг.
Авлигатай тэмцэх газраас  Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуягийг энэ оны тавдугаар сарын 7-нд баривчилж, Төв аймгийн урьдчилан хорих төвд саатуулсан билээ. Гэхдээ энэ нь түүнийг шалгаж буй анхны хэрэг биш юм. Учир нь АТГ-аас Д.Батхуягийг  өнгөрсөн оны сүүлээр  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 264 дүгээр зүйлийн хоёр дахь хэсэг буюу төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлсэн гэх үндэслэлээр  хэрэгт татан шалгаж байсан ч прокурорын хяналтын шатанд хэрэгсэхгүй болгож байсан юм. Үүний дараагаар Д.Батхуяг УИХ-ын 2012 оны сонгуульд Хөвсгөл аймагт нэр дэвших гэж байсан билээ. Гэвч түүнийг АТГ-ынхан Төв аймагт хорьсон ч  бүх зүйл талаар болсон. Д.Батхуягийг АТГ шалгах болсны цаад шалтгаан нь С.Баяр гэж дээр хэлсэн бол С.Баярыг “ухах” шалтгаан нь ирэх жилийн Ерөнхийлөгчийн сонгууль юм. Учир нь ирэх онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвших хамгийн магадлалтай хүн нь С.Баяр. Тиймээс С.Баярыг “зайлуулах” нь хамгийн чухал. Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхгүй байх С.Баярын шалтгаан нь 2008 оны долдугаар сарын 1-ний үймээн, Оюутолгойн гэрээний асуудал. Энэ хоёроос үүдэн С.Баяр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй байх магадлалтай. Гэвч юмыг яаж мэдэх вэ дээ. Намын нөхдийн хүсэлтээр гээд нэр дэвшиж болох юм. Тиймээс урьдчилж арга хэмжээ авах үүднээс түүнийг “шахаанд” оруулах сэжим хайх нь өрсөлдөгчдийн хувьд зөв байх.
Нөгөөтэйгүүр МАХН-ын дарга, экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр мөн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж магадгүй юм. Түүнийг авлигын хэргээр сүр дуулиантайгаар баривчилж эцэст нь дөрвөн жилийн хорих ял оноосон. Тэрбээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй давж заалдсан ч нийслэлийн шүүх ялыг хэвээр үлдээсэн. Харин одоо тэрбээр Улсын дээд шүүхэд хандаад байгаа. Энэ нь ч нэг их үр дүнгүй үйлдэл болов уу. Учир нь Дээд шүүх бол Ерөнхийлөгчийн удирдлагын дор ажилладаг байгууллага. Тэгэхээр Дээд шүүх Н.Энхбаярын талд шийдвэр гаргах нь юу л бол. Харин Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн шийдвэр л Н.Энхбаярыг хэрхэхийг шийднэ. Хэрэв  Н.Энхбаяр өршөөгдвөл ирэх жилийн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө. Харин үгүй бол түүнийг Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа л өршөөж магадгүй. Тэр болтол Н.Энхбаяр төмөр торны цаана, эсвэл эмнэлгийн ор сахиж суух хэрэгтэй болно.
Дээрх хоёр үйлдлээс харахад Ц.Элбэгдорж болон АН-ынхан ирэх жил болох Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгчгүйгээр орох гэж байгаа бололтой.

Н.БУДСҮРЭН
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив