Зөвшөөрөлгүй газар тамхи татвал 50 мянган төгрөгөөр торгоно
2012 оны 10 сарын 26
Зөвшөөрөлгүй газар тамхи татвал 50 мянган төгрөгөөр торгоно
Хүн амыг тамхины утаанаас хамгаалах үүрэг хариуцлага нь хүний үндсэн эрх эрх чөлөөг хангахад чиглэдэг юм. Тамхины утаагаар амьсгалах нь эрүүл мэндэд хор уршигтай болохоор хүн амыг тамхины утаанаас хамгаалах нь хүний амьд явах эрх, эрүүл амьдрах эрхийг хамгаалж буй асуудал юм.
2005 онд батлагдсан Тамхины хяналтын суурь конвенци байдаг бөгөөд дэлхийн 168 оронд хүлээн зөвшөөрөөд байгаа юм. Конвенци нь тамхины эрэлт хэрэгцээ, нийлүүлэлтийг багасгах үндсэн зорилготой юм.
Өнөөдөр дэлхий дээр 6 сая гаруй хүн тамхи тамхины хор уршигаас болж нас барж байна. 6 секунд тутамд нэг хүн нас барж байна. 2030 он гэхэд тамхинаас болж нас барагсдын 70 хувь нь доогуур орлоготой улс орны иргэд байх болно. Өндөр хөгжилтэй орнуудад иргэдийнхээ эрүүл мэндэд онцгой анхаарч олон нийтийн газар тамхи татаж бусдыгаа дам тамхидалтанд хордуулахаас сэргийлэх хууль тогтоомжийг гаргаад 10-20 жил болж байна.
Сүүлийн хориод жил Монгол улсад тамхидалт нэлээд газар авч хүн амын 4 хүний нэг нь өдөр бүр тогтмол тамхи татаж байна. Насанд хүрэгсдийн 42 хувь, хүүхдүүдийн 54 хувь гэртээ дам тамхидалтанд өртөж байна. Судалгаанаас харахад хүн амын 15-24 насны өсвөр үе залуучуудын дундах тамхины хэрэглээ огцом нэмэгдсэн нь бидний хувьд хамгийн их санаа зовоосон асуудал болоод байна.
Манай улс тамхины хяналтын хуулийг боловсруулан гаргаж, өсвөр үе залуучуудыг тамхинд орохоос сэргийлэх, насанд хүрээгүй иргэд тамхи худалдан авах боломжийг бүрэн хаах зайлшгүй шаардлагатай байна.
Энэ хуулиар дам тамхидалтаас сэргийлэх асуудлыг гол болгон авч үзэж байгаа. Тамхины утаанд өртөхөд аюулгүй түвшин гэж байдаггүй бөгөөд агааржуулалтын систем, агаарын шүүлтүүр, тамхи татах тусгай өрөө зэрэг нь үр дүнгүй болох нь тогтоогдсон байдаг. Тиймээс олон нийтийн газар 100% тамхигүй орчин бүрдүүлэхийг зорьсон болно.
2005 онд “Тамхины хор хөнөөлтэй тэмцэх тухай хууль”-ийг шинэчлэн найруулж, “Тамхины хяналтын тухай хууль”-ийг УИХ-аар батлуулан хэрэгжүүлж байна.
Улсын Их Хурлын 2009 оны 38 дугаар тогтоолоор батлагдсан “Хууль тогтоомжийг 2012 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-д “Бүх аж ахуйн нэгж, байгууллага, олон нийтийн үйлчилгээний газрыг 100 хувь тамхигүй орчин болгохын зэрэгцээ тамхины эсрэг сурьталчилгааны зурагтай анхааруулга, тамхины хайрцаг, сав баглаа боодолд тавих шаардлагыг шинэчлэн хуульчлах” зорилгоор Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар тусгасан. Энэ дагуу бид “Тамхины хяналтын тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл дээр эрүүл мэндийн яамны мэргэжилтнүүд болон холбогдох бусад албаны хүмүүстэй хамтран ажиллаж энэ хуулийн төслийг амжилттай баталлаа.
“Тамхины хяналтын тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд:
•    Тамхи татахыг хориг¬лосон газрын хүрээг өргөтгөж ресторан бар цэнгээний газар, кинотеатр болон үзвэрийн газрууд, агаарын хөлөг, зор¬чигч тээврийн галт тэрэг, зочид буудал, цэцэрлэг, бүх шатны сургууль, сургуулийн дотуур байр, тэдгээрийн гаднах орчин, цэцэрлэгт хүрээлэн, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн орц, цахилгаан шатанд утаат тамхи татахыг хориглосон зохицуу¬лалтыг  тусгасан.
•     Түүнчлэн ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байрнаас 500 метрийн дотор, мөн баар, цэнгээний газарт тамхи, тамхин бүтээг¬дэхүүнээр худалдаа хийхгүй байх,
•    21 нас хүрээгүй хүнд тамхи худалдах, түүгээр тамхи худалдаалуулахгүй бай¬хаар холбогдох зохицуу¬лалтыг төс¬лийг нэмсэн.
•    Тамхи татаж болохгүй газар тамхи татсан иргэнийг 50,000 төгрөгөөр, албан тушаалтныг  хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10-25 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 25-50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, тамхи болон хууль бусаар олсон орлогыг хураах
•    Тамхины хайрцаг дээрх эрүүл мэндийн анхааруулгыг 33 хувь байсныг 50 хувь болгосон.
•    Дэлгүүр дотор тамхины бүх төрлийн сурталчилгааг хориглосон.  Уг хууль 2013 оны гуравдугаар сарын нэгнээс эхлэн хэрэгжих юм.

Х.МАНДАХ
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ