Сонирхолтой аргаар сонгуульд ялалт байгуулагчид
2012 оны 10 сарын 29
Сонирхолтой аргаар сонгуульд ялалт байгуулагчид
Орон нутгийн иргэдийн хурлын сонгуулийн бэлтгэл ажил эхэллээ. Нам эвслүүд хаана хэнийг дэвшүүлэхээ ярилцаж, одоо сонгуулийнхаа сурталчилгааны ажилд орж байна. Харин тэд орон нутгийн сонгуулиар ямар PR хийх гэж байгаа бол. Аль нам нь хамгийн их хөрөнгө зарах бол гэдэг нь сонирхол татлаа. Тэртэй тэргүй сонгууль болохоор хөрөнгө мөнгө зардаг нь байх л ёстой зүйл шиг болчихсон болохоор энэ нь олны анхаарлыг нэг их татахгүй. Харин хэн олны итгэлийг өөртөө татна тэр л сонгогдоно. Олны нүд харалган биш болохоор улс төрийн нам, эвслүүдэд ямар дүн тавих нь сонгуулийн үр дүнгээр мэдэгдэнэ. Гэхдээ орон нутгийн сонгууль гэлтгүй УИХ-ын сонгуульд нэг их мөнгө зарахгүйгээр этгээд сонин санаагаар олныг өөртөө татсан хүмүүс байдаг юм билээ.

Монголчуудаас шулуун шударга хэмээн дүн авсан хүн бол УИХ-д гурван удаа сонгогдсон Мэндийн Зэнээ агсан. Энэ хүнийг эх оронч, элдэв шунал, гаж араншингүй төрийн эгэл хар хүн байсан гэж хүмүүс дурсдаг. Шударга шулуун үгтэй, хэлье гэснээ хэнээс ч айлгүй хэлчихдэг нэгэн явсан тэрбээр сонгуулийн сурталчилгаа энэ тэрд нэг их мөнгө зарцуулдаггүй нэгэн байсан гэдэг. Тэрээр Төв аймгийн иргэдтэй ах дүүс мэт эгэл сайхнаар уулзан, айл бүрээр орж гарч ярилцдаг бөгөөд аливаа сонгуульд зүгээр л ялалт байгуулчихдаг байсан гэнэ. Тэр бүү хэл сонгуулийн компанит ажил ид явагдаж байхад өөрийнхөө сурталчилгаа хийхийн оронд Хэнтий аймагт оччихсон Д.Арвинаа рекламдаад явж байсан гэдэг. Хамгийн сүүлд УИХ-ын 2000 оны сонгуулийн сурталчилгааны үеэр М.Зэнээ гуай Төв аймгийн иргэдэд хандаж “Нэр дэвшигчдийн өгснийг нь ав. Харин сонголтоо өөртөө үлдээ” гэж хэлээд л сонгогдчихсон түүхтэй.

Тэгвэл УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан ч мөн сонгуульд хөрөнгө мөнгө зарцуулахгүй ялалт байгуулдаг хүний нэг. Түүнийг Монголын урдаа барьдаг парламентч гэдэгтэй санал нийлэхгүй хүн үгүй.  Тэрбээр Монгол Улсад хууль тогтоох байнгын ажиллагаатай парламент үүсч бий болсон цагаас буюу 1992 оноос хойш УИХ-д сонгогдохдоо Өвөрхангай нутгийн айлуудад орж аяга цай уунгаа сан тавьж, нутгийн тухай бичсэн ганц нэг шүлгээ уншиж өгөөд л сонгогддог аж.

УИХ-ын 2000 оны сонгуулиар ЗХЖШ-ын дарга асан, хошууч генерал Р.Гаваа агсан Үндэсний телевизэд өгсөн ярилцлагынхаа төгсгөлд “За тэгээд иргэд сонгогчдодоо хандаж хэлэхэд, энэ сонгуулиар манай намд татаж хэлбэл тавин суудал, даварч хэлбэл далан суудал өгөөрэй” хэмээн хэлснээр тухайн үеийн МАХН УИХ-д 72 суудал авч илт давуу ялалт байгуулж байжээ.

Харин Монголын Швейцари гэгддэг Хөвсгөл нутгаас анх бие даан нэр дэвшиж УИХ-ын гишүүн болсон хүн бол УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай. Тэрбээр анх нэр дэвшихдээ нисдэг тэрэг хөлслөн аймгийнхаа сум бүрт очсон нэгэн. Сумын дээгүүр нисдэг тэрэгтэй явахад дууг нь сонссон хүмүүс гэрээсээ гарч хардаг гэнэ. Харин сэргэлэн залуу тэр үед нь өөрийн талаарх мэдээлэлтэй сонин, плакатуудаа нисдэг тэрэгний цонхоор цацан тараасан нь тухайн үедээ л сонирхолтой сурталчилгаа байлаа. Түүнчлэн хөвсгөлчүүд өглөө босоод гэрээсээ гарахад нь үүдэнд нь Л.Гүндалайгийн илгээсэн шааранд уясан мэндчилгээ байдаг байсан нь түүний карерьт нөлөөлсөн гэдэг. Хөвсгөлөөс гурвантаа сонгогдсон тэрбээр энэ оны сонгуульд нэр дэвшихдээ Ц.Сэдваанчигтай хослон Дархад ардын дуу дуулж PR-дсан ч тусыг эс олсон билээ.

УИХ-ын гишүүн асан Батж.Батбаяр нэр дэвшихдээ тойргийнхоо сонгогчдод зориулж "Би зургаа" нэртэй уран зургийн цуглуулгын vзэсгэлэнгээ гаргаж байсан юм. Түүнд 1970 оноос хойш цуглуулсан өөрийн бvхий л цуглуулга дэлгэн тавьжээ. Тус vзэсгэлэнд 3000 гаруй марк, 5000 орчим тэмдэг, зааны дvрс бvхий vнэт цуглуулга, дотоодын болон гадаадын 50 гаруй зураачдын 150 орчим уран зураг дэлгэгдсэн байна. Үүнийхээ хариуд мэдээж ялалт байгуулсан.

Зарим үед эсрэг PR нь сурталчилгаа болдог тохиолдол байдаг байна. Үүний тод жишээ бол УИХ-ын гишүүн, Дархан аварга Б.Бат-Эрдэнэ, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нар юм. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг анх Их хуралд нэр дэвшиж байх үест “Аварга хүн зүлэг ногоон дэвжээндээ зодоглож байх ёстой. Бохир улс төрд орох хэрэггүй. Аваргаар Улсын наадам дутахаас Улсын их хурал дутдаггvй” гэхчилэн гоочилж байсан аж. Харин энэ бүгдийн харж, сонсож байсан хэнтийчүүд аваргаа өмөөрснөөр ялалт байгуулсан гэдэг. Тэгвэл Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших үед “Цын Хуагийн хүүхэд” хэмээх сөрөг PR цацагдаж, үүнийг сонссон Элбэгээ түмний өмнө ганц сайн уйлаад л ялалт байгуулж Ерөнхийлөгч болсон байна.

Хамгийн хялбар ялалт бол ааваа алдсан хүү, нөхрөө алдсан эхнэр, ахаа алдсан дүү, дүүгээ алдсан ахын нөхөн сонгуулийн ялалт байсан аж.
Сонгогчдын эмзэг сэдвийг хөндвөл ялалт байгуулж болдгийн тод жишээ бол Улсын баатар Э.Бат-Үүлийн ялалт юм. Тэрбээр “Гэр хорооллыг хаус хороолол болгоно. Хотын захиргааг гэр хороолол руу нүүлгэнэ” хэмээн чангахан шиг хашгираад л нийслэлийн иргэдийн хуралд ялалт байгуулж хотын мэр болсон билээ.

Тэгвэл энэ жилийн УИХ-ын сонгуульд “Ян-мал” оймс тарааж Н.Номтойбаяр, “Монос”-ын эм тарааж Л.Эрдэнэчимэг, “Ногоон нүдэн лам” номоороо Ц.Оюунгэрэл нар бусдаас ялгарч сонгогдсон бол З.Баянсэлэнгэ, О.Баасанхүү, М.Батчимэг нар ямарч мөнгө хөрөнгө зарцуулахгүйгээр ялалт байгуулж УИХ-ын гишүүн болсон юм.

Н.БУДСҮРЭН
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив