Н.Энхбаярын далласан гар, Ц.Элбэгдоржийн далдалсан үг
2012 оны 10 сарын 31
Н.Энхбаярын далласан гар, Ц.Элбэгдоржийн далдалсан үг
“МАХН-ын дараагийн дарга хэн бэ” гэсэн асуулт олон нийтийн дунд үүсээд байтал Н.Энхбаяр эмнэлгийн цонхоор даллаж “Тэд надаас айж байна. Би тэдний хийж байсан, одоо хийж байгаа, ирээдүйд хийж магадгүй бузар булай юмыг нь мэдэж байгаа учраас тэд айж байгаа юм. Мэдээд зогсохгүй тэр тухай нь хэлж, дэлгэн тавьж байгаа учир, цаашид улам их хэлнэ, дэлгэнэ, шүүмжилнэ, хамгийн гол нь ард түмнээ өмөөрч тэдэнтэй тэмцэнэ гэж айж байгаа учир тэд намайг ямар ч үнээр хамаагүй дарж авахыг хичээж байгаа юм. Гэхдээ би няцахгүй, шантрахгүй. Үнэний төлөөх тэмцэл хүнд хэцүү гэдгийг ойлгож ухамсарлаж байгаа. Надад хүчээр, хилсээр ял тулгаж шоронд хорьсон ч би ард түмнээсээ хэзээ ч урвахгүй, үнэнээс хэзээ ч ухрахгүй” хэмээн мэндчиллээ. Тэрбээр юуны учир ийнхүү цонхны цаанаас даллаж, ард түмнээсээ урваж шарвахгүй, тэмцэх болно хэмээн өгүүлэв. Түүнд анхан болон дунд шатны шүүхээс дөрвөн жилийн ял оноогоод байгаа. Тэрбээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж Дээд шүүхэд хандсан. Гэвч Дээд шүүх түүний талд шийдвэр гаргах эсэхийг хэлж чадах хүн ховор.
Гэтэл ирэх жил Ерөнхийлөгчийн сонгууль болно. Харин МАХН-ын дарга Н.Энхбаярыг сонгуулиас өмнө суллах уу гэдэг асуулт олны дунд байна. Тэгвэл Н.Энхбаярын хэлснээр тэрбээр түүнийг хэлмэгдүүлж ял оноосон хүмүүсийн хийж байсан, одоо хийж байгаа, ирээдүйд хийж магадгүй бузар булай юмыг нь мэдэж байгаа учраас түүнийг Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө юу гэж суллах билээ.
Арваадхан хоногийн өмнө УИХ дахь МАН-ын гишүүд чуулганы хуралдааны танхимын хаалгыг таглан буйдан тавьж суулт хийсэн юм. МАН-ынхан төрийн өндөр хамгаалалтын дор, нижгэнэсэн алга ташилтын дунд явсан. Тэднийг гудамжны жагсагчдаас ялгарахгүй уриа лоозон бариад сууж байгааг харсан нэг хэсэг нь өрөвдөж байлаа. Харин нөгөө хэсэг нь шоолж, зарим нь бүр “болж” хэмээн тавлаж байлаа. Гэхдээ МАН-ын лидерүүдийн энэ тоглолт АН-ынханд халгаатай байсан юм. Тэдний тавьсан болзлыг биелүүлэхгүй бол МАН-ынхан УИХ дахь 25 гишүүнээ эгүүлэн татахад бараг бэлэн байв.
Тиймээс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн долоо хоногт МАН-ынхантай уулзсан. Үүнээс хоёр, гуравхан хоногийн дараа тэрбээр УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барилаа. Ингэснээрээ МАН-ыг УИХ-д бүлэгтэй байх эрхийг бүрдүүлж буюу нэг ёсондоо МАН-д бүлэг бэлэглэлээ. УИХ-аар ирэх оны төсөв хэлэлцэж байгаа энэ үед чуулган хуралдаж чадахгүй бол ирэх оны төсвөө баталж чадахгүй. Төсвөө батлуулж чадаагүй Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч, УИХ бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллах боломжгүй болох аюул нүүрлээд байсан. Түүгээр ч зогсохгүй ардчилсан Ерөнхийлөгчийн үед ардчилсан парламент тарж ч болзошгүй нөхцөл байдал үүсээд байсан юм. Ерөнхийлөгч МАН-ынхантай уулзах үедээ “Өвөрхангайн гишүүдийн тангараг өргүүлэх асуудлыг хойшлуулж өгье” хэмээн сулхан дуугарсан гэдэг.
Гэхдээ энд нэг сонин гаргалгаа үүсч байна. 2010 онд тухайн үеийн МАХН XXVI их хурлаараа намын нэрнээсээ Х үсгийг авч МАН хэмээх уугуул нэрээ сэргээсэн. Үүний дараа МАХН-ынхан нэрийнхээ төлөө тэмцэж эхэлсэн. Тэд Улсын бүртгэлийн ерөнхий газарт МАХН гэсэн товчлолтой бүхий л нэрийг шүүлгэж үзсэн ч ямар ч боломжгүй гэгдэж байлаа. Гэтэл Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн оны зургадугаар сард ОХУ руу айлчлахаар явахдаа Дээд шүүхээр Н.Энхбаярт МАХН гэдэг нэрийг өгүүлсэн. Ингэснээрээ МАН-ыг Н.Энхбаяр, С.Батболд гэж хоёр хувааж чадсан юм. Энэ нь УИХ-ын сонгуульд нөлөөлж МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл 11 суудалтай болсон. Харин МАН 25 суудалтай болов. Ингэснээр АН энэ УИХ-д олонхи биш ч олон болж чадсан юм. Ц.Элбэгдорж 2005 онд Ерөнхий сайдаас огцрохдоо чуулганы индэр дээрээс “Бид олуулаа болж ирнэ ээ” хэмээн хэлж байсан. Үнэхээр ч энэ удаад олуулаа болсон.
Ямартай ч Н.Энхбаяр эмнэлгийн цонхоор даллаж, олон нийтэд үгээ хэллээ. Ц.Элбэгдорж МАН-ынхныг тайвшруулж чадлаа. Гэсэн хэдий ч Н.Энхбаяр эмнэлгийн өрөөнд байсан ч, улс төрийн тавцанд байсан ч суудлаа тавихгүй гэж “уншигдаж” байна. Гэхдээ Ц.Элбэгдорж Н.Энхбаярт өршөөл үзүүлэх нь үзүүлнэ. Харин Ерөнхийлөгчийн сонгууль өнгөрмөгц үү, хэдэн жилийн дараа юу гэдэг нь сонин.

Н.БУДСҮРЭН
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив