“Гаалийн” Х.Баатарын захиа “шоу”-чдын “аппетит”-ийг хөдөлгөв
2012 оны 10 сарын 31
“Гаалийн” Х.Баатарын захиа “шоу”-чдын “аппетит”-ийг хөдөлгөв
“Гаалийн” Х.Баатар гэхээр монголчууд андахгүй. Одоогоос зургаан жилийн тэртээ “Гаалийн” Х.Баатарын хэрэг гэгч мандаж монголчууд авлигын хэргийн анхны гэрч болсон билээ. Тухайн үед ГЕГ-ын дарга Х.Баатарыг улсад дөрвөн тэрбум 376 сая төгрөгийн хохирол учруулсан, авлига авч, өгсөн хэмээн найман жилийн ял оноосон юм. “Гаалийн” Х.Баатар хоригдож байхдаа Ц.Оюунбаатараар намын удирдлагууддаа захидал илгээсэн нь олон нийтэд цацагдаж багагүй дуулиан тарьсан юм. Хэн, хэзээ, хаанаас тэрхүү захидлыг авчирч хэвлэлд өгснийг тухайн үед хэлж мэдэх хүн байсангүй. Тэр бүү хэл тухайн үеийн МАХН-ын удирлагууд болон “Гаалийн” Х.Баатар ч өөрөө мэдэхгүй хэмээн мэлзсэн тал бий. Гэсэн ч “Шударга иргэдийн фронт”-ын тэргүүн Г.Арслан “Энэ захидлыг Х.Баатар өөрөө бичсэн нь үнэн. Би гарын үсэгтэй нь тулгаж үзсэн” хэмээн ярьж байсан билээ.
Харин саяхан “Гаалийн” Х.Баатар өдөр тутмын сонинд ярилцлага өгсний дараа “Гаалийн” Х.Баатарын захидал тойрсон шуугиан дахин мандав. “Гаалийн” Х.Баатар шоронгоос намын удирдлагууддаа захидал бичиж намын анд Ц.Оюунбаатараар илгээсэн гэнэ. Гэтэл тэр нь намын удирдлагуудад биш өдөр тутмын сонинд зарчихсан байсан талаар Х.Баатар ярьсан юм. Түүний ярилцлага нийтлэгдсэний дараахан Ц.Оюунбаатар мөн л уг сонинд ярилцлага өгсөн. Тэрбээр ярилцлагадаа ““Гаалийн” Х.Баатарын захидлыг хэвлэлд өгч олон нийтэд гаргасан хүн нь харамсалтай нь би биш, Гомбосүрэнгийн Арслан гэж хүн. Би албан ёсоор хэлж байна. Энэ хүн хулгайгаар миний компьютерээс авсан. Иргэний хөдөлгөөнийхөн манай өрөөгөөр орж гардаг байсан. Тэр үед л мань хүн миний компьютерт орж захидлыг татаж аваад нэг хүнд өгсөн байдаг юм. Тэр нь хэвлэлд өгсөн гэдэг. Чухам хэвлэлээс мөнгө авч өгсөн эсэхийг   би мэдэхгүй юм. Г.Арслантай энэ талаар би олон удаа ярьсан. Тэр байтугай "Хүн чанаргүй, новшийн амьтан" гэж хэлж байгаад хүртэл Г.Арслантай бишгүй хэрүүл хийсэн. Г.Арслан болохоор Ганц худагийн шоронгоос энэ захиаг авсан. Би Баатарын гарын үсгийг тулгахын тулд  гаалийн гадаа зогсож байгаад Х.Баатарын бичигтэй цаасыг хүнээр авахуулж байгаад тулгаж үзсэн гээд л бүх хэвлэлээр ярьж  "баатар" болж байсан. Миний хувьд үнэнийг хэлэх нөхцөл нь бүрэлдээгүй байсан.
Намайг  УИХ-д байхад  гишүүд орон сууцаа сайжруулах зорилгоор арав, арван сая төгрөг авахад  татгалзсан цөөхөн гишүүний нэг нь би. Тийм байтал би аль нэг хэвлэлээс хэдхэн төгрөг авах гээд гадаа нь захиа бариад зогсож байх уу. Захидлыг хулгайд алдсан нь миний буруу. Гэхдээ энэ бүхэн Х.Баатарт эерэгээр туссан гэж боддог. Ядаж л нам өөрийнх нь төлөө бичиг хүртэл хийж өгөө биз дээ. Авлига биш, хандив цуглуулсныг нь батлах гэж.  Харин  Г.Арслантай би олон удаа хэрэлдсэн. Х.Баатар нар ч "Наад Г.Арслангаа зогсоогооч" гэж олон удаа хэлсэн. Цагдаад өгөх гэхээр бичсэн эзэн нь захидлаа хүлээн зөвшөөрдөггүй болохоор хандаагүй юм. Би Г.Арслантай мессэжээр ч хэрэлдсэн. Тэгэхэд надад ингэж хэлсэн юм. Надад одоо тэр мессэж нь ч байгаа. "Би үе дамжсан тагнуулчийн хүүхэд. Би хийх ёстой юмаа хийсэн. Одоо  МАХН-ын (одоогийн МАН) авлигыг олон нийтэд дэлгэж байна гэсэн утгатай юм надад бичсэн” хэмээн ярьжээ.
“Гаалийн” Х.Баатарын ярилцлагын дараа, Ц.Оюунбаатар. Ц.Оюунбаатарын дараа Г.Арслан хэвлэлд ярилцлага өгөв. Хэдэн жилийн өмнөх захидлын хэрэг ийнхүү дахин хэрүүлийн алим болон хэвлэлийн хуудаснаа цацагдаж байна.
“Шударга иргэдийн фронт”-ын тэргүүн Г.Арслан одоо Усан спорт, сургалтын төвийн захирлаар ажиллаж байгаа аж. Тэрбээр ярилцлагадаа “Алдсан хүн арван тамтай гэдэг шиг Ц.Оюунбаатар янз бүрийн юм ярьж байна лээ. Тэдний албан өрөө нь талбайн хажууд байдаг байсан. Би хааяа нэг орж халуун цай уудаг байсан нь үнэн. Мэдээж Ц.Оюунбаатарыг өрөөндөө байх үед нь компьютерээс нь файл хулгайлна гэж байхгүй. Бас түгжээтэй өрөө рүү нууцаар орж, хүний юм хулгайлна гэж байхгүй шүү дээ. Би бол эрэн сурвалжлах сэтгүүлзүйгээр ганцаараа гадаадад төгссөн хүн. Энэ захиаг олж авахад одоо Төрийн албанд алба хашиж байгаа нэг биш нэлээн хэдэн хүн надад тусалсан юм. Тиймээс хэлж болохгүй байна” хэмээжээ.
Хачин юм шүү. Алгын чинээ цаасан дээрх хэдэн үг арав хорин жилийн настай байх юм гэж хэн санах билээ. Хэрэв Г.Арслан ярилцлагадаа Төрийн албанд алба хашиж байгаа нэг биш нэлээн хэдэн хүнийхээ нэрийг дурьдсан бол тэд нь бас л ярилцлага өгөх байсан биз.

Н.БУДСҮРЭН
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив