“Алтангадас”-ынхан Ц.Элбэгдоржийн эсрэг хөдлөв үү
2012 оны 11 сарын 1
“Алтангадас”-ынхан Ц.Элбэгдоржийн эсрэг хөдлөв үү
УИХ дахь АН-ын бүлгийнхэн МАН-ынханд шахалт үзүүлсэн хэвээр байна. Үүний тод жишээ бол  Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх ёстой байсан ч долоо хоногоор хойшлуулуулсан явдал юм. МАН-ын лидерүүд арав гаруй хоногийн өмнө Г.Батхүү, Д.Зоригт нарыг тангараг өргүүлэхийг эсэргүүцэж чуулганы танхимын үүдэнд суулт хийсэн. Энэ нь яг төсөв хэлэлцэх үед таарч байв. УИХ төсвөө хугацаанд нь баталж чадахгүй бол хуулиараа огцрох аюултай. Төсөв хэлэлцэх, эс хэлэлцэх байсан ч УИХ-д төлөөлөл бүхий МАН-ын 25 гишүүн бойкот үзүүлээд УИХ-ын чуулганы хуралдаанд суухгүй байх нь өөрөө аюултай үзэгдэл болохоор байсан юм. Тэр бүү хэл МАН-ынхан Д.Зоригт, Г.Батхүү нарыг тангараг өргүүлбэл УИХ-аас 25 гишүүнээ эгүүлэн татах тухай ч ярилцаж байв.
Харин Ерөнхийлөгч үүн дээр маш их акцент өгсөн. Яагаад гэвэл МАН-ынхан УИХ-аас 25 гишүүнээ эгүүлэн татахаар болбол ардчилсан парламент бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж чадахгүй тарах аюулд орох байсан. Тиймээс Ерөнхийлөгч МАН-ын удирдлагуудыг хүлээн авч уулзаад УИХ-ын дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьж бүлэгтэй болгох талаар санаа тавихаа амалсан. Ингэснээр МАН-ынхан УИХ-ын хуралдаанд оролцож, УИХ-ын танхим дэн дунтай ажиллаж эхэлсэн. Ерөнхийлөгч МАН-ынханд амалсандаа хүрч өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт УИХ-ын дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Гэвч АН-ынхан тус хуулийн төслийг байнгын хороогоор хэлэлцэхийг долоо хоногоор хойшлуулчихлаа.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг тэргүүтэй АН-ынхан Ерөнхийлөгчийг үл тоомсорлосон иймэрхүү үзэгдэл анх удаагийнх биш. Н.Алтанхуягийг Ерөнхий сайдын тамгаа хүлээж авах үеэр Ерөнхийлөгч “Би УИХ-ын гишүүдийг сайд болгохыг зөвшөөрөхгүй шүү. Сайдуудаа гадны хүмүүсээр томилоорой” гэж онцгой анхааруулж хэлсэн. Гэтэл хэд хоногийн дараа Ерөнхий сайд Н.Алтанхуяг УИХ-ын гишүүдийг сайдаараа томилсон. Энэ үзэгдэл бол АН-ын бүлэглэлүүдийн зөрчил дахин ил гарч байгааг харуулж байгаа юм. Төрийн ордонд хоёр намын  хоорондох үйл явдал хурцадмал байгаа боловч үүний хажуугаар АН-ын фракцийн зөрчил дахин ил гарч ирж байна. Яагаад гэвэл өмнөх парламентийн үед З.Энхболд, Х.Баттулга нар Н.Алтанхуягийг намын даргаас огцруулахын тулд Ардчилсан хүчний холбоог хамтарч байгуулж байсан. АН дахь “Зүүн хойд ази”, “МоАХ”, “Соцдекууд”, “МҮДН” зэрэг бүх фракциудыг нэгтгэсэн. Гэхдээ тэд АН дахь бүх фракциудыг нэгтгэж Ардчилсан хүчний холбоог байгуулан Н.Алтанхуягийн эсрэг хөдөлсөн ч унагаж чадаагүй.
Н.Алтанхуяг Ерөнхий сайд болмогцоо өөрийнх нь эсрэг дуугардаг фракциудын амыг албан тушаалаар хаасан. Тухайлбал, З.Энхболдыг УИХ-ын дарга, Н.Батбаярыг Эдийн засгийн сайд, Х.Баттулгыг Үйлдвэр, хөдөө, аж ахуйн сайд, С.Эрдэнийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд,  Х.Ганхуягийг Уул уурхайн сайд болголсон. Н.Алтанхуяг АН-ын дарга, Ерөнхий сайдын суудлаа хадгалж үлдэхийн тулд ийм арга хэрэглэж буй боловч энэ нь тийм ч  удаан үргэлжилэхгүй болоод байна. Учир нь “Алтангадас”-ынхан Ерөнхийлөгчийн эсрэг хөдөлж эхэллээ. Ерөнхийлөгчийн хэлсэн үг гаргасан шийдвэрийг нь хэд, хэдэн удаа зөрчиж байна. Үүнийг мэдээж АН доторхи бүлэг фракциуд, Ц.Элбэгдоржийн талыг баримтлагчид зүгээр хараад суухгүй нь тодорхой.
Ц.Элбэгдорж яагаад “Алтангадас”-ынхныг харсаар байж дуугуй суугаад байна вэ. Мань хүн ардчилсан парламентыг огцоруулахыг хүсэхгүй байгаа. Ардчилсан Засгийн газрыг унагаахыг хүсэхгүй байгаа. Тэр дундаа АН дахь фракциудын зөрчлийг ил гаргахыг, хурцатгахыг хүсэхгүй байгаа. Яагаад гэвэл ирэх жил Ерөнхийлөгчийн сонгууль болно.
Ц.Элбэгдоржийг “Алтангадас”-ынхан барьцаалжээ гэх мэдээлэл сүүлийн үед хэвлэлүүдээр их гарах болсон. Магадгүй үүнийг “Алтангадас”-ынхан өөрсдөө тарааж байж ч болох юм.

У.САРАНГЭРЭЛ
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив