Э.Эрдэнэжамьян өөрийнхөө шидсэн чулуунд оногдов уу, эсвэл...
2012 оны 11 сарын 1
 	 Э.Эрдэнэжамьян өөрийнхөө шидсэн чулуунд оногдов уу, эсвэл...
АТГ-ын төлөөлөгч, комиссар Д.Наранбаатар өнгөрсөн даваа гарагт Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамьян¬гийн өрөөнд мэдүүлэг авахаар очсон нь шинэ долоо хоногийн эхний дуулиан байлаа. Хууль зүйн шинэхэн дэд сайд өөрийнхөө өрөөнд АТГ-ынханд байцаагдах болсондоо шаралхсан уу, эсвэл Н.Энхбаяр дарга шигээ баригдаад явчихна гэсэндээ айсан уу ямартай ч УИХ-ын гишүүн найз О.Баасанхүүтэйгээ нийлж сүржигнэх нь тэр. Тэд Хууль зүйн дэд сайдыг урьдчилан мэдэгдсэн зүйлгүйгээр өрөөнд нь дайрч орж байцаах гэлээ хэмээн олон нийтэд хандав. Тэрбээр эхэндээ “Манай намын дарга Н.Энхбаяртай холбоотой зүйл асуугаад байсан. Урьд нь Н.Энхбаяр даргыг хорихын өрөөнд байцааж байсан. Одоо дэд сайдын өрөөнд байцаах гэж байна” гэж байсан бол сүүлдээ “Би Хууль зүйн дэд сайдын хувиар интерполд хандсан. Үүнд хууль зөрчсөн зүйл байхгүй” гэлээ.
Харин АТГ-ын зүгээс Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамьян нь Интерполын Ерөнхий нарийн бичгийн даргын газарт “Монгол Улсын Интерполын үндэсний товчооноос илгээсэн мэдээллийн дагуу олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байгаа Б.Хуяг, Н.Энхтуяа нарыг олон улсын хэмжээнд эрэн сурвалжлах ажиллагааг зогсоож өгөөч” гэсэн утгатай и-мэйл буюу цахим шуудан илгээсний дагуу түүнээс байцаалт авахаар очсон гэнэ. АТГ-ын Мөрдөн шалгах хэлстийн дарга Э.Амарбатын хэлснээр АТГ хуулийн дагуу ажиллаж,  мэдүүлэг авсан гэх. Ямартай ч Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамьян интерполд хандсан нь үнэн, АТГ шалгасан нь үнэн.
Харин тэрхүү захианаас үүдэн интерполоор Н.Энхтуяа, Д.Хуяг нарыг эрэн сурвалжлах эсэхээ эргэн харахаар болсон гэнэ. Тиймээс Хууль зүйн дэд сайдын үйлдэл нь мөрдөн байцаах ажиллагаанд саад учруулсан үйлдэл болж байгаа аж. Тиймээс АТГ-ынхан дэд сайд Э.Эрдэнэжамьянгаас даваа гарагт мэдүүлэг авахаар ажлын байран дээр нь очсон бол мягмар гарагт сэжигтнээр татаж зарлан дуудах хуудас албан ёсоор гардуулж өгчээ. Түүнийг мөрдөн байцаах ажиллагаанд саад учруулсан, эрх мэдлээ урвуулан ашигласан хэрэгт буруутган эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэнэ. Хэрэв буруутай нь тогтоогдвол хуулийн дагуу хариуцлага хүлээх нь тодорхой аж. Тэгэхээр Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамьян хуулийн хариуцлага хүлээж, дэд сайдын суудлаасаа огцорно гэсэн үг үү.
Ингэхэд дэд сайдын суудалд суугаад нэг сар арав хоногийн дараа огцрох дээрээ тулаад байгаа хуульч Э.Эрдэнэжамьян гэж хэн бэ. "Шударга ёс хуульчдын эвсэл"-ийн дэд тэргүүн, хуульч, өнгөрсөн онд МАХН-д элссэн. Харахад хэн ч танихгүй нэг залуу гэнэтхэн МАХН-ын дарга Н.Энхбаярыг өмөөрөн сөрвөлзөх болсноор нам дотор нэлээд нэр хүндтэй болсон. Аан тийм, одоогоос яг нэг жилийн өмнө Н.Энхбаярын туслах, одоо Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны дэд сайд Б.Тулгыг баривчлагдахад хэсэг нөхдийн хамт “Тулгыг сулла” хэмээн жагсаал хийснээр мэр сэр харагдах болсон. Өнгөрсөн хавар Н.Энхбаярыг баривчлагдах үед нэлээд ширүүхэн тэмцсэн. Тиймээс олон нийт түүнийг бяцхан тэмцлийнхээ хариуд дэд сайдын суудлаар шагнуулсан гэдэг. Гэхдээ зарим нэг хүн нэр цэвэр, залуу хуульч Хууль зүйн дэд сайд болсон нь сайшаалтай гэж хэлж байсан удаатай.
Үнэндээ Э.Эрдэнэжамьян том том улстөрчдийн хажууд хэн ч биш л дээ. Гэхдээ МАХН, тэр дундаа Н.Энхбаяр зүгээр ч нэг залууг өөрийг нь өмөөрсний төлөө дэд сайд болгочихгүй. Тэрбээр Н.Энхбаярыг шүүх хурал болсны дараа хэвлэлийн хурал зарлаж “Шүүх улстөрчдийн захиалгаар ажилласан. Цаашид Засгийн газраа байгуулъя гэж байгаа бол хэлмэгдүүлэлтээ зогсоо. Даргыг нь аваад явчихсан тохиолдолд МАХН хамтарсан Засгийн газарт орох ёс зүй байхгүй” хэмээн ширүүхэн дуугарч байсан. Гэвч даргатай даргагүй “Шударга ёс” эвсэл хамтарсан Засгийн газар байгуулж, өөрөө дэд сайд болчихсон. Харин түүнд дэд сайдын суудал тохирсонгүй юу. Эсвэл хэн нэгний далд явуулга байв уу.
1.    Зарим эх сурвалжийн хэлж буйгаар АТГ-ынханд Э.Эрдэнэжамьянг шалгах зөвшөөрлийг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин өгсөн гэх. Тэрбээр өнгөрсөн амралтын өдрүүдэд МАХН-ын зохион байгуулсан “Ард түмний их хуралдай”-тай холбоотойгоор ийм шийдвэр гаргасан сурагтай. “Ард түмний их хуралдай”-д оролцсон гишүүд хууль шүүхийн байгууллагын улстөржсөн, уруудаж байгаа талаар үзэл бодлоо илэрхийлсэн нь Х.Тэмүүжин сайдад таалагдаагүй хэмээн үзэж байгаа юм.
2.    Тэгвэл олон нийтийн дунд тархсан явган ярианаас сонсвол МАХН-ынхан Э.Эрдэнэжамьянг Хууль зүйн дэд сайд болгосон нь анхнаасаа төлөвлөгөөтэй хийсэн ажил гэх. Учир нь Э.Эрдэнэжамьян залуу хүн учир цөс ихтэй, дээр нь дээш нь дэвших сонирхолтойг нь нэг ёсондоо МАХН ашигласан. Анхнаасаа л намын даргаа өмөөрч дуугарснаар “Нам дагавал ам тосдоно” гэгчийг ойлгосон тэрбээр МАХН-ын удирдлагуудын өгсөн үүрэг даалгаварыг биелүүлэхэд “хэзээд бэлхэн” нэгэн. Тиймээс намд нь өчнөөн туршлагатай хуульчид байсаар байхад “Галзуу барын аманд гараа хийхээс буцахгүй” түүнийг Н.Энхбаярт үүсгэсэн хэрэгт нөлөөлж чадна хэмээн үзсэн хэрэг. Учир нь Хууль зүйн дэд сайд интерполд захиа бичих эрхтэй болохоор тэр.
3.    Өөр эх сурвалжийн хэлснээр энэ бол Засгийн газар “Шударга ёс” эвслийнхэнд “Дураараа дургиж” болохгүйг сануулж байгаа үйлдэл гэнэ. МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийнхэн хамтарсан Засгийн газарт орсон мөчөөсөө л хөнжилдөө хөлөө жийлцэж эхэлсэн. Түүгээр ч үл барам намаас намд урваж байгаа үйлдэл нь Н.Алтанхуягийн Засгийн газрыг ганхуулахад хүргэж болзошгүй байсан. Нөгөөтэйгүүр шүүх эрх мэдлийг гартаа авсан АН-ынхан Өвөрхангай, Увс, Сонгинохайрханы таван суудлыг авчихвал УИХ-д 36 суудалтай болно. Үүний дээр АН угшилтай МҮАН-ын гишүүдийг эгнээндээ нэгтгэвэл дангаар Засгийн газар байгуулах боломж бүрдэнэ. Тиймээс МАХН-ын нөхдүүдийг эхнээс нь шахах бодлого гэж үзэж байгаа аж.
Тэгэхээр одоо яана гэсэн үг вэ. Э.Эрдэнэжамьянд эрүүгийн хэрэг үүсгэсэн нь буруугаар эргэвэл тэр дэд сайдаасаа огцорно. Урьд өмнөх Засгийн газруудын дэд сайдуудыг огцруулах санал олонтаа тавигдаж байсан ч намууд нь хамгаалаад аваад үлдчихдэг байсан. Харин Э.Эрдэнэжамьянг огцруулахыг МАХН зүгээр хараад суухгүй л байх. УИХ-д нэмж хэдэн суудал авах АН-ын төлөвлөгөө биелэхээс өмнө МАХН Засгийн газраас гарна гэвэл яана аа. Тэгвэл Н.Алтанхуягийн Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох хэрэгтэй болно.
Э.Эрдэнэжамьян алдаа гаргасан нь үнэн. Тэрбээр эл үйлдлээ намын нэрийн өмнөөс хийсэн гэдгээ ч хэлсэн. Харин тэр өөрөө өөрийнхөө шидсэн чулуунд оногдчихов уу. Эсвэл өрөөлийнхөд үү.

Н.БУДСҮРЭН
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив