Давс
2012 оны 11 сарын 4
Давс
Монголчуудын дунд “Бардам амт, шалдан гуят” гэдэг үг байдаг даа. Тэгвэл энэ үгийн эзнээр УИХ-ын гишүүн О.Баасанхүү тодрох болов. Ингэж хэлэхэд учир бий.
Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр МАН-аас гарч МАХН хэмээх өөрийн вант улсыг байгуулсан. Ингэхдээ тэрбээр намаа тойрон хүрээлэгчидээрээ бүрдүүлсэн юм. гэхдээ түүнийг тойрон хүрээлэгчдээс гадна хэн нь мэдэгдэхгүй залуу гишүүд олон байлаа. Тэдний дунд хуульч Э.Эрдэнэжамьян, О.Баасанхүү зэрэг нөхөд бий. Энэ хүмүүсийн олны танил болсон шалтгаан нь их энгийн. Ердөө л МАХН-ын дарга Н.Энхбаярыг АТГ-ынхан сүр дуулиантай баривчлахтай зэрэгцээд л тэд од болчихсон. Ялангуяа О.Баасанхүү. Н.Энхбаярыг бор оймсыг нь гозолзуулаад баривчлаад явж байгаа бичлэг телевизүүдээр шууд цацагдмагц олны сэтгэл уймарч эхэлсэн. Харин энэ үед Н.Энхбаярын өмгөөлөгч гэх жижигхэн биетэй, олон үгтэй залуу хэвлэл мэдээллийн хэрэгслийн од болох нь тэр. Түүнийг өмгөөлөгчийн хувиар гэж ирээд л элдэв хууль ярихад нь олон нийт “Энэ чинь харин залуу хүн гэхэд овоо ярьдаг хүү байна. Арга ч үгүй биз дээ. Н.Энхбаяр юу гэж л жирийн нэг хүнээр өмгөөлүүлэх билээ” хэмээн ярьж байсан нь нууц биш. Гэвч Н.Энхбаяр төд удалгүй өмгөөлөгчөө сольсон. Харин хариуд нь О.Баасанхүү УИХ-ын 2012 оны сонгуульд намын жагсаалтаар нэр дэвших болов. Ингэснээрээ тэрбээр УИХ-ын гишүүний тэмдгээр энгэрээ мялаасан юм.
Ингэснээрээ О.Баасанхүү гишүүн жинхэнэ шоуны эзэн болов. Эмээгийнхээ цайг ууж өссөн гэсэндээ тэрбээр овоо олон үгтэй, бас нэлээдгүй савсагануур нэгэн аж. УИХ-ын гишүүн болсон түүний анхны шоу нь парламентын сэтгүүлчдийг цуглуулж үүрэг өгөхөөс эхэлсэн юм. Тэрбээр “Манай намын дарга Н.Энхбаярыг шүүж байгаа шүүгчдийг хаана ямар сургууль төгссөн, ямар аргаар ингэж хурдан тушаал дэвшсэнийг нь эрэн сурвалжил” хэмээн үүрэгдэж байсан. Гэвч тун удалгүй Н.Энхбаярын өмгөөлөгч гавьяат хуульч С.Нарангэрэл шүүх хурал дээр “Би та нарт ингэж заасан юм уу” хэмээн шүүгч, яллагч нарыг загнаж байснаас үзэхэд хуулийнхан С.Нарангэрэл багшийн шавь гэдэг нь мэдэгдэж, О.Баасанхүү шүүгчдийн талаар худлаа ярьж байсан нь тодорхой болов.
Намын даргаараа шоу хийж сурсан О.Баасанхүү Төрийн ордонд харин ч нэг зүгээ мэдэхгүй жаал шиг аашлах болов. АН-тай хамтарч Засгийн газраа байгуулахаар болсон “Шударга ёс” эвсэлд хоёр байнгын хорооны даргын суудал ирсэн. Нэг нь МАХН, нөгөө нь МҮАН гэдэг нь тодорхой. Гэтэл МАХН-ынхан зөвлөлдөж УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгийг нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар томилоход тун их дургүйцэж элдэв үг ярих болсон. Энэ нь түүний албан тушаалд хэр сонирхолтой вэ гэдгийг илтгэнэ. О.Баасанхүү зөвхөн байнгын хороонд санаархсан юм биш. Тэрбээр өөрийгөө хамтарсан Засгийн газрын Хууль зүйн сайд байх хүн гэдэгтээ бүрэн итгэчихсэн явсан гэдэг. Гэтэл тэрбээр сайд байтугай дэд сайд ч үгүй хоцорсон. Үүнд бухимдсан тэрбээр УИХ-ын чуулганы хуралдааны үеэр Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг “Хуцалгүй дуугүй байж бай” хэмээн зандарсан. Түүнээс энэ байтугай үйлдэл гарч мэднэ шүү хэмээн ангийн нөхөд нь жиг жуг хийж байсан юм.
О.Баасанхүүгийн тухай ингээд л дуусахгүй. Түүнийг жинхэнэ адал явдал дунд амьдардаг гэж хэлж болно. Учир нь тэрбээр УИХ-ын нэг гишүүнд огт хамаагүй зүйл гэж байдаггүй хэмээн ойлгочихсон нэгэн. Хамгийн ойрхоноор хэлэхэд тэрбээр өөрт нь хамааралгүй байнгын хороодын хуралдаанд оролцож нэг хэсэг гүйсэн. Барилгатай холбоотой осол, гэмтэл гарахад тэнд О.Баасанхүү хамгийн түрүүлээд гүйгээд оччихсон байсан. Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн асуудал сөхөгдөхөд тэнд О.Баасанхүү явж л байсан.
Хамгийн сонирхолтой нь УИХ дахь МАН-ын гишүүд чуулганы хуралдааны танхимын хаалгыг хааж суулт зарлахад тэрбээр таван удаа гүйж очоод эцэстээ МАН-ханд бараг хөөгдсөн. Гэтэл энэ долоо хоногийн даваа гарагт Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамьянгаас АТГ-ынхан байцаалт авахаар өрөөнд нь очиход УИХ-ын гишүүн О.Баасанхүү гэнэт орж ирээд байцаалтын ажиллагааг тасалдуулсан гэнэ.
Үнэхээр л О.Баасанхүүд оролцохгүй зүйл гэж үлдсэнгүй. Эгээтэй л эмэгтэй гишүүдийн бүлгийн хуралд давхиад орж мэдэх л хүн юм. Гэхдээ нэг сонин зүйл байна аа. Давс шиг юм бүхэнд оролцож явдаг гишүүнд ер нь бүтээсэн зүйл байдаг болов уу. Анх Н.Энхбаярын өмгөөлөгчөөр ажиллаж байсан. Олигтой өмгөөлж чадаагүй учраас л одоо тэр хүн торны цаана суугаа байх. Барилгын асуудалд хошуу дэвсээд байсан. Шийдвэрлэсэн асуудал бий билүү. Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг дээр очоод бужигнуулаад байсан гэтэл тэр нь Х.Тэмүүжин сайдынхаар л шийдэгдэх гэж байна. Адаг сүүлд нь Э.Эрдэнэжамьяныгаа өмгөөлөөд АТГ-ынхныг гишүүний бүрэн эрхээрээ сүрдүүлсэн. Гэтэл өнөө Э.Эрдэнэжамьян нь эрүүгийн хэрэг үүсгэгдээд энэ суудалдаа үлдэх эсэх нь тодорхойгүй болчихов. Энэ бүгдийг харахад энэ О.Баасанхүү гэдэг гишүүн чинь давс шиг бүх зүйлд оролцчихоод уусаад алга болчихдог хүн юмаа даа.

Н.БУДСҮРЭН
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив