У.Хүрэлсүхийн улс төрийн жишиг
2012 оны 11 сарын 4
У.Хүрэлсүхийн улс төрийн жишиг
У.Хүрэлсүх УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхээс татгалзах өргөдөл өглөө. УИХ-ын гишүүн гэнэтхэн ийм шийдвэр гаргах болсон нь олны анхаарлыг багагүй татав. Учир нь өмнө нь УИХ-ын гишүүн сайн дураараа гишүүнээс огцорч байсан нь тун ховор болохоор тэр. Тэгвэл УИХ-ын түүхэнд өмнө нь 1992-1996 оны чуулганы үеэр Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн, Төрийн хошой шагналт, Хөгжмийн зохиолч Н.Жанцанноров нар өөрийн хүсэлтээр гишүүний бүрэн эрхээсээ татгалзаж байжээ.
Харин У.Хүрэлсүхийн энэ алхмыг олон нийт өөр өөрсдийнхөөрөө тайлбарлаж байна. Гэхдээ тэрбээр өргөдөлдөө ар гэрийн гачигдлаас болсон хэмээн онцолсон гэнэ. УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх хэдийгээр ар гэрийн гачигдлаар гишүүний бүрэн эрхээсээ татгалзсан гэж байгаа ч түүнд ингэх шалтгаан бий. Тэрбээр өнгөрсөн онд намын нэрнээсээ Х үсэг авч хаясныхаа дараа “Хэрэв Х үсэгнээс болж манай нам ялагдал хүлээвэл би сайн дураараа огцорно” гэж байсан. Үнэндээ МАН 1924 онд Коминтернийн шахалтаар нэрэндээ хувьсгалт гэдэг үгийг нэмсэн нь өнөөг хүртэл МАН-ын гишүүдийг хөгшин, залуугүй коммунистууд хэмээн дуудуулж байсан билээ. Тиймээс Х үсгийг авах ажлыг хэзээ нэгэн цагт хийх л байсан. Тиймээс У.Хүрэлсүх МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга байхдаа эл үйлдлийг хийсэн нь маш зоригтой алхам байсан бөгөөд өөртөө асар их хариуцлагыг хүлээсэн юм.
Ингэснээрээ У.Хүрэлсүх намынхаа нэрнээс Х үсэг, намаасаа “Авлигалын загалмайлсан эцэг” хэмээгдсэн Н.Энхбаяр хоёрыг салгаж чадсан юм. Энэ үйлдлээс болж МАН, МАХН хэмээн хуваагдаж, энэ нь УИХ-ын сонгуулийн дүнд нөлөөлсөн нь үнэн. Магадгүй энэ үйлдлийнхээ төлөөс болгож У.Хүрэлсүх УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхээс татгалзаж байж болох. УИХ-ын гишүүн болохын тулд хэдэн тэрбумаар нь цацдаг хүмүүс байдаг. Ийм хүмүүс У.Хүрэлсүх шиг УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзах зүрх зориг гаргах нь байтугай бүр зүүдлэх ч үгүй.
Нэгэнт УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх бүрэн эрхээсээ татгалзах өргөдлөө өгчихсөн болохоор одоо түүний оронд хэн орж ирэх вэ гэдэг асуудал гарч ирнэ. УИХ-ын 2012 оны сонгуульд У.Хүрэлсүх намын жагсаалтын хоёрдугаарт бичигдэж сонгогдсон билээ. Энэ удаагийн УИХ-д МАН-аас намын жагсаалтаар есөн гишүүн сонгогдсон. Тэгвэл У.Хүрэлсүхийн оронд 10 дугаарт бичигдсэн МАН-ын нарийн бичгийн дарга Д.Сарангэрэл сонгогдохоор байна.
МАН өнөөдөр УИХ-д бүлэг байгуулах эрхгүй, байнгын хороодын хуралдаанд оролцож санал хэлэхээс цаашгүй, чуулганы хуралдаанд нөлөөлж чадахгүй байдалтай байгаа. Аргаа барсан МАН-ын лидерүүд чуулганы хуралдааны танхимын үүдийг буйдангаар таглаж суулт хийж ч үзсэн. У.Хүрэлсүх ийм өөх ч биш ч булчирхай ч биш болсон нөхцөлд ийм алхам хийж байгаа нь засгийн эрхийг гартаа авсан АН-д өгч байгаа маш том сануулга юм.

Н.БУДСҮРЭН
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив