Эзэн Чингисийн төрсөн өдөр 11 дүгээр сарын 14 биш байвал бид яана аа
2012 оны 11 сарын 4
Эзэн Чингисийн төрсөн өдөр 11 дүгээр сарын 14 биш байвал бид яана аа
Энэ сарын 14-нд Чингис хааны төрсөн өдөр тохиож байгаа гэнэ. Тиймээс монголчууд энэ өдөр бүх нийтээр баярлаж, амрахаар болжээ. Ийм шуугиан сүүлийн хэд хоногийн турш twitter, facebook-ээр дэгдлээ. Ингэх нь ч аргагүй биз. Учир нь энэ жил Эзэн богд Чингис хааны мэндэлсний 850 жилийн ой тохиож байгаа юм. Дэлхийн мянганы хүнээр тодорсон Чингис хааны хорвоод мэндэлсэн сар, өдрийг өнөөг хүртэл албан ёсоор тодорхой болгож чадаагүй байсан билээ. Тэгвэл Чингис хааны үр сад болох монголчууд бид Эзэн Чингисийнхээ төрсөн өдрийг тодорхойлж чадлаа. Тэмүүжин билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн төргүүн сарын шинийн 1-нд Дэлүүн болдогт гартаа нөж атган төрсөн гэдэг. Энэ өдрийг “Монголын бахархалт өдөр” хэмээн нэрийдэж бүх нийтээр тэмдэглэх талаар хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан юм. Энэ өдөр нь 11 дүгээр сарын 14-нд тохиож байгаа гэнэ. Хуульд зааснаар энэ өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгон тунхаглаж, харин Улс тунхагласны баярыг нийтээр тэмдэглэх баяр болгон амрахгүйгээр тэмдэглэхээр болжээ. Үгүй яах вэ дээ. Болж байна. Яруу найрагч Ш.Гүрбазарын хэлснээр “Монгол гэдэг зургаан үсэгтэй бурхан” нэрийг дэлхийд тамгалсан их Эзэн богд Чингис хаанаа шүтэхгүй юм бол өөр юугаа шүтэх билээ дээ. Юуных нь тэр Улс тунхагласны баяр. Тэртэй тэргүй Монгол Улс гэдэг нэрийг чинь 800 жилийн тэртээ Чингис хаан дэлхийд таниулчихаад байхад элдвийг бодохын хэрэг юусан билээ.
Чингис хааныхаа төрсөн өдрийг тэмдэглэдэг болсноороо монголчууд үнэхээр суу билэг төгс авъяастай түмэн гэдгээ дэлхийд мэдрүүлж байгаа хэрэг. Манайх шиг билгийн тооллоор явж байгаад аргын тоололд шилжсэн өөр бусад улс орон Эзэн хааныхаа төрсөн өдрийг ингэж нарийн тооцоолж гаргаж ирж чадах ч үгүй.
Тэгвэл бид чадаж байна. Манай эрдэмтэн мэргэдийн зөвлөл судалгаа шинжилгээ хийж нарийн тооцоолсны үндсэн дээр жил бүрийн 11 дүгээр сарын 14-нд Эзэн богд Чингис хааныхаа төрсөн өдрийг тэмдэглэж буйн зүйн хэрэг хэмээн тодорхойлжээ. Гэтэл энэ баярыг тэмдэглэн өнгөрүүлэх талаар УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх үед зарим улстөрчид үүнийг нь эсэргүүцээд байх юм. Хачирхалтай байгаа биз дээ. Тэртэй тэргүй эрдэмтэд нотолчихоод байхад яагаад өөр зүйл яриад байгаа юм бол доо. Учир нь тэр эрдэмтдийн зөвлөлд багтаж, энэ сар өдрийг гаргаж ирсэн нөхдийн зарим нь “Чингис хаан өвлийн эхэн сарын шинийн 1-нд төрсөн болохоос биш 11 дүгээр сарын 14-нд төрсөн юм биш” хэмээн өөрийн байр сууринаас ухарсан гэнэ. Угтаа үүнийг яриад байгаа хүн нь яах аргагүй тэр судалгаанд гарын үсгээ зурчихсан гэж байгаа. Тэгсэн хэрнээ өнөөх байр суурь, үзэл бодлоосоо ухраад хэвлэлийн хурал хийгээд явахаар эгэл жирийн монголчууд бид ямар тэд нар шиг эрдэмтэн биш болохоор хэндээ итгэх болж байна аа. Дэмий л дээлтэй монгол гэж цээжээ дэлсэхээр өөрийг хийж чадахгүй шүү дээ. Дээрх ярианаас үүдээд өчигдрийн буюу 11 дүгээр сарын 2-ны баасан гарагийн УИХ-ын чуулганы хуралдаан бөөн шуугиан болов. Нийтээр тэмдэглэх баяр ёслолын талаар хэлэлцэх үед зарим гишүүд энэ 11 дүгээр сарын 14 гэдэг чинь үнэхээр Чингис хааны төрсөн өдөр мөн юм уу гэсэн асуулт хуулийн төсөл санаачлагчдыг булах нь тэр. Тэр бүү хэл УИХ-ын гишүүн О.Баасанхүү “4-өөр төгссөн тоо муу. Ханз үсэгтэй улс орнууд энэ тоог төдийлөн таашаадаггүй. Учир нь дөрвийн тоог ханзаар бичихээр “үхэл” гэдэг үг болдог. Тиймээс хэрэглэдэггүй. Бид заавал энэ өдрийг сонгох хэрэг байна уу” гэсэн сонирхолтой асуулт, санал тавьж байсан юм. Сонирхоод үзвэл ханз үсэг үнэхээр ч тийм гэнэ. Тиймээс япончуудын барилга байгууламжид дөрөвдүгээр давхар гэсэн бичиг байдаггүй аж. нэг, хоёр, гурав гээд шууд тав гэж бичсэн байдаг сурагтай. За яамай даа, би ямар очиж үзсэн биш энэ ч яах вэ. Чингис хааны минь төрсөн өдөр дөрвөөр төгссөн байна уу, хэдээр төгссөн байна ер нь монголчуудад сонин биш. Бид нарт зааж сургаж байсан орос ах нар 13-ын тоог чөтгөрийн тоо гэдэг байсан. Бид түүнийг нь дагаж мөрдөөгүйгээс муудсан л юм байхгүй. Тиймээс тэр дөрвийн тоо ёстой яршиг л байна.
Ямартай ч бид Эзэн богд Чингис хаанаа өвлийн эхэн сарын шинийн нэгэнд төрсөн гэдгийг мэдэж байгаа минь л зол. Хэрэв үүнийгээ ч мэдэхгүй байсан бол тэрнээс дор юм болохгүй юу. Харин 1162 оны өвлийн тэргүүн сарын нэгэн гэдэг өдөр аргын тооллын 11 дүгээр сарын 14-ний өдөр байсан гэдгийг л батлаад өгөх хүн хэрэгтэй байна. Үүнийг л батлаад өгчих. Тэгвэл бид Эзэн богд хаан Чигисийнхээ төрсөн өдрийг хэнээр ч заалгахгүй тэмдэглэчихэж чадна. Харин ч нэг тэмдэглэсэн шиг тэмдэглэнэ шүү бид. Гэхдээ манайх шиг билгийн тооллыг мэддэг улс бишгүйдээ л нэг бий. Тэгэхээр бидэнд бодит өдөр л хэрэгтэй. Үнэндээ дэлхийн талыг эзэлж, суу алдраа цуурайтуулсан Эзэн хаанаараа бахархахгүй монгол хүн гэж үгүй. Харин Их эзэн хааныхаа төрсөн өдрийг тэмдэглэх гэж байна гээд буруу өдрөө баярлачихвал харин ч нэг “Чингисийн монголчууд тэнэг” гэгдэж дэлхийн доог болох бий дээ.

    Н.БУДСҮРЭН
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив