Энэ сонгууль АН-ын сценарийн дагуу болно
2012 оны 11 сарын 6
Энэ сонгууль АН-ын сценарийн дагуу болно
Орон нутгийн хурын сонгуулийн сурталчилгаа маргаашнаас эхэлнэ. Энэ удаагийн сонгууль АН-ын сценарийн дагуу явагдана гэдэг нь тодорхой болоод байна. Учир нь Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Р.Бурмаа нарын гишүүд санаачлан батлуулсан юм. Үндсэндээ УИХ-аар аливаа асуудал хэлэлцэхэд олонхи болсон АН болон “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүд голлон үүрэг хүлээж байгаа. Угтаа орон нутгийн хурлын сонгууль гэдэг Монгол Улсын нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагыг бий болгохтой холбоотой, маш хариуцлагатай сонголт юм. Харин дээрх сонгууулийн тухай хуулийг хэлэлцэх явцад УИХ дахь МАН-ын гишүүд хошуу нэмэхээс өөрийг хийж чадсангүй. Арга ч үгүй. Учир нь тэд УИХ-д албан ёсны бүлэггүй байгаа тул аливаа асуудалд нөлөөлж чадахгүй, хуулийн төсөл санаачлан өргөн барих эрхгүй байгаа.
Энэ удаагийн орон нутгийн хурлын сонгуульд долоон нам буюу МАН, АН, ИЗНН, МАХН, МҮАН, Эх Орон нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, МАХН-МҮАН-ын “Шударга ёс эвсэл”, МАХН-ИЗНН-ын “Иргэний шударга ёс” эвсэл сонгуульд оролцохоо илэрхийлж, тус тус бүртгүүлж батламжаа авсан. Аймаг, сум, дүүргийн сонгуулийн хороодод 19400-гаад нэр дэвшигч бүртгэгдсэний 30 хувь нь эмэгтэйчүүд бөгөөд 893 хүн бие даан нэрээ дэвшүүлсэн мэдээлэл байгаа. 19400-гаад нэр дэвшигчтэй орон нутгийн 2012 оны сонгууль урьд өмнөхөөс ялгаатай. Анх удаа бүртгэлийг цахим төхөөрөмжөөр хийж, саналын хуудсыг автомат машинаар тоолно. Анх удаа холимог системээр сонгууль зохион байгуулна. Харин нэр дэвшигчдэд босго хувь тогтоогоогүй учир сум, баг, хороонд хамгийн олон санал авсан мандатын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчийг тухайн аймаг, сум, дүүргийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцно. Ингэснээр УИХ-ын сонгуульд гарсан шиг нэр дэвшигчидийн авсан саналын хувь босго оноонд хүрэхгүйгээс сонгогдох боломжгүй болох явдал гарахгүй юм. Уул нь холимог системээр сонгууль явуулахыг УИХ дахь МАН-ын гишүүд багагүй эсэргүүцсэн ч тэд мөн л нөлөөлж чадсангүй АН, “Шударга ёс” эвслийнхний хүслээр болоод өнгөрсөн.
Хэдийгээр сонгуульд долоон нам, хоёр эвсэл оролцож байгаа ч гол өрсөлдөөн АН, МАН хоёрын дунд явагдана. Гол тоглолтууд энд хийгдэнэ гэсэн үг. Төсвийн тухай шинэ хуулиар энэ жилээс орон нутгийн өөрөө удирдах байгууллагын санхүүгийн эрх мэдлийг нэмж байгаа юм. Үүнийхээ хэрээр тухайн албан тушаалын үнэ цэнэ ямар вэ гэдэг нь харагдаж байгаа хэрэг. Тиймээс л хоёр том нам орон нутгийн хурлын сонгуульд бүх хүчээ тавьж байна. МАХН ч мөн тэднээс дутахгүй үзэх санаатай байгаа.
Гэтэл өнгөрсөн сонгуулиар хамгийн ихээр маргаан дэгдээсэн АНУ-ын “Dominion voting” компанийн “New image cast” автомат машиныг орон нутгийн хурлын сонгуульд мөн  ашиглахаар болсон. Энэ нь УИХ, нийслэлийн сонгуулиар гомдолтой үлдсэн нөхдийн эгдүүцлийг хүргэж байгаа. УИХ, нийслэлийн иргэдийн хурлын сонгуулийн дараа уг автомашины талаар санал гомдол олон гарсан. Тэр бүгдийг СЕХ хав дараад өнгөрсөн. Түүнчлэн  “Dominion voting”  компанийн ажилчид монголчуудын өгсөн саналд хэрхэн нөлөөлсөн талаар ч хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр багагүй шуугисан. Эцэст нь тэдгээр ажилчдыг ТЕГ шалгаж байгаа гэсэн мэдээллээр байдал намжсан юм.
Нөгөө талаар СЕХ гэдэг том вант улсыг АН-ын угшилтай Ч.Содномцэрэн толгойлж байгаа. Тэрбээр СЕХ-ны дарга асан Н.Лувсанжаваас үүрэгт ажлаа хүлээж аваад найм дахь хоног дээрээ нууцаар анхныхаа шийдвэрийг гаргав. Тэр нь Өвөрхангайн 10 дугаар тойрогт нэр дэвшиж үнэмлэхээ гардаад байсан С.Чинзориг, Н.Төмөрхүү нарын нэрийг эгүүлэн татсан явдал юм. Түүнчлэн тэдний оронд АН-аас нэр дэвшигч Г.Батхүү, Д.Зоригт нарын нэрийг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барилаа. Харин үүнээс үүдэж УИХ дахь МАН-ын гишүүд чуулганы хуралдааны танхимын хаалгыг хаан суулт хийж, Төрийн ордны гадаа МАН-ын гишүүд жагсаал хийсэн юм. Хоёр хоног үргэлжилсэн суулт, жагсаалын эцэст Ерөнхийлөгч МАН-ынхантай уулзаж, УИХ-ын дарга З.Энхболд Өвөрхангайн хоёр гишүүний тангараг өргүүлэхийг түр хойшлуулаад байгаа. Байдал ингэтлээ хурьцдах үндсийг тавьсан СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн өнөөдөр юу ч болоогүй мэт орон нутгийн хурлын сонгууль ярьж сууна. Түүний хийсэн дээрх үйлдлийг олон нийт зүгээр л журмын нөхрийн төлөө хийсэн үйлдэл гэж харахгүй байгаа юм. Учир нь Ч.Содномцэрэн одоогоос хэдэн жилийн өмнө Г.Батхүүтэй нийлж сингапур иргэдтэй хамтарсан компани байгуулсан гэдэг. Тухайн компанийн 75 хувийг сингапурчууд, үлдсэнийг нь Г.Батхүү, Ч.Содномцэрэн хоёр хувааж эзэмшдэг гэж байгаа. Гэхдээ Ч.Содномцэрэн 2004-2008 онд УИХ-ын гишүүн байхдаа энэ талаараа хөрөнгө орлогын мэдүүлэгтээ огт дурьдаагүй байдаг аж. Тэгэхээр энэ хүн ямар сонирхлоор Г.Батхүү, Д.Зоригт нарын нэрийг УИХ-ын даргад шөнө дөлөөр, нуугдан байж өргөн барив гэдэг нь бараг тодорхой болж байгаа хэрэг. Монголчууд ийм л хүнээр СЕХ-г удирдуулж байна. Одоо тэгээд түүний удирдлагын дор орон нутгийн хурлын сонгуулиа явуулна.

Н.БУДСҮРЭН
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив