Эр хүн
2012 оны 11 сарын 7
Эр хүн
Монголын улс төрд өөрийн гэсэн байр суурь, өнгө төрхийг бий болгож чадсан Ухнаагийн Хүрэлсүх УИХ-ын гишүүний бүрэн эрхийнхээ хугацааг дуусахаас өмнө гишүүнээс татгалзсан өргөдлөө өгөөд байна. Түүнийг хүмүүс огцом шийдвэр гаргадаг гэдэг. Тиймээс энэ удаад ч тэгсэн хэмээн ярьж байгаа нь цөөнгүй байна. Гэхдээ У.Хүрэлсүхийн гаргасан шийдвэр гэнэтийн, олны яриад байгаа шиг тийм шийдвэр биш юм. Тэрбээр өргөдөлдөө гэр бүлийн хүний биеийг эмчлүүлэх шаардлагатай байгаагаас гэдгээ илэрхийлсэн. Хосоор амьдарч, бие биенийхээ халуун илч, хайраар амьдардаг хүний орчлонд У.Хүрэлсүхийн шийдвэр хамгийн зөв сонголт байлаа. Түүний шийдвэрийг мянга мянган бүсгүйчүүд, ээжүүд бахархан хүлээн авч байна. Тэр үнэхээр жинхэнэ монгол эр хүн шиг зан гаргалаа.

Ухнаагийн Хүрэлсүх гэгч энэ эрийг монголчууд хэнээр ч хэлүүлэхгүй таньдаг, түүний хийсэн үйлдэл бүрт дүгнэлт хийсээр иржээ. Тиймээс түүнийг хэн нэгний хэлж, ярьсан, заасан зам мөрөөр биш өөрийн зүрх сэтгэлийн дуудлагаар явдаг гэдгийг сайн мэднэ. Төрийн өндөр албан тушаалтан У.Хүрэлсүхт тэг гэж хэлсний дагуу тэрбээр тийм зүйл хийсэн гэнэ гэдэг яриа хэзээ ч сонсогдож байсангүй. Харин түүнийг үнэхээр хэлэх гэснээ шулуухан хэлчихдэг, үзэл бодолдоо үнэнч хүн юм гэсэн яриа л чих дэлсдэг. Арга ч үгүй биз. Хамгийн сүүлд л гэхэд тэрбээр МАН-ын генсек байхдаа намынхаа ууган нэрийг сэргээж, үүнээс үүдэн гарах сөрөг үр дагаварын хариуцлагыг өөрөө хүлээнэ гэж хэлж байсан. Тиймдээ ч УИХ-ын 2012 оны сонгуулиар намаа ялуулж чадаагүйнхээ төлөө хамгийн түрүүнд Намын Ерөнхий нарийн бичгийн даргын албанаасаа огцрох хүсэлтээ өгсөн.

Энэ үйлдлийг олон нийт байх л ёстой зүйл мэт хүлээн авсан. Гэхдээ хэлсэн амандаа хүрнэ гэдэг нь монгол эр хүний хамгийн эрхэм чанар юм шүү. Үүнээс өмнө түүнийг Н.Энхбаярын ноёрхлын үед ноёныхоо өмнөөс дуугарсан албат хэмээн ярих хүн олон байсан. Н.Энхбаярын өмнөөс хэлсэн түүний үг бараг брэнд болтлоо яригддаг. Гэвч ардчилсан Монгол Улсад амьдарч байгаа улстөрчийн хэлэх л ёстой үгийг хэлсэн. Харин тэр үгийг өөр хэдэн хүн хэлж чадах вэ гэдэг л сонин. Тэгэхээр У.Хүрэлсүх цөс ихт монгол биш зориг ихт монгол эр. Түүний зоригмог алхам Н.Энхбаярын өөдөөс үг хэлж, намынхаа ууган нэрийг сэргээх, генсекээс саналаараа огцрохоор дуусахгүй. Тэрбээр Иргэний хөдөлгөөнийхөн намын байр руу дайрч туг юуг нь шатаахад “Манай нам 90 жилийн түүхтэй, улс төрийн ууган хүчин. Бидний билэгдэл, сүр хүчийг гутаан доромжиллоо” хэмээн Их хурлын индэр дээрээс чанга дуугарч чадсан. Түүнчлэн тэрбээр албан тушаалын төлөө улайрдаггүй гэдгээ өнгөрсөн нэгдүгээр сард АН-ынхан хамтарсан Засгийн газраас гарсны дараа харуулсан. Түүнийг намын нөхөд нь Шадар сайдад нэр дэвшүүлэхэд тэрбээр нэрээ татаж чадсан. Түүний үйлдэл бүхэн нь ёстой л эр хүний зан төрхийг илэрхийлж байна.

Зарим хүн улс төрд орох гэж хэдэн тэрбумаар нь цацаж, зарим нь хүссэндээ хүрч чадахгүй элдэв арга саам хайх нь бий. Нөгөө хэсэг нь элдэв нэвтрүүлэгт ярилцлага энэ тэр өгч олны өмнө уйлж, улс төр хийх нь юу ч биш. Гэтэл үнэндээ монгол эр хүн бусдад нулимсаа үзүүлдэггүй, зүрхэндээ уйлдаг гэдэг дээ. У.Хүрэлсүх бол гэр бүл, үр хүүхэд, ижий аав, эх орноо зүрхэндээ тээж, зүрхэндээ уйлдаг монгол эр. Тэр бохир улс төрөөс илүүд энхрий ханиа бодож байна. Монголчууд харийнхан шиг библийн судар барьчихаад бие биедээ үнэнч байж, зовлон жаргалаа хуваалцана гэж андгай тангараг өргөдөггүй ч мөнх хөх тэнгэр, аав ээжийн голомтод залбирч хоёр биенийхээ хайранд итгэж, хайраар амьдардаг. Тиймээс У.Хүрэлсүх жинхэнэ монгол эрийн ёс жудгийг сахиж явна. Түүний тулж түших хань нь эрүүл саруул байсан цагт тэрбээр хэзээ ч улс төрд орж болно. Шулуухан агаад атаархам шийдвэр. Ийм сайхан эрийг ханиараа сонгосон түүний эхнэр энэлэн шаналах учиргүй. Ханийн хайраар элдэв өвчнийг ялан дийлэхээр байна.

Ардын жүжигчин А.Долгорын “Эр хүн” дуунд,
Чухам үнэнийг цөөн үгээр хэлдэг
Чулуу шиг хатуу ч уяхан сэтгэлтэй... хэмээн магтан дуулсан байдаг. Тэгвэл У.Хүрэлсүх тийм л хүн. Тэр хэлэх гэснээ хэнээр ч заалгахгүй хэлчихдэг, хийх гэснээ хэнээр ч хориулахгүй хийдэг тийм л нэгэн монгол эр хүн.

Н.БУДСҮРЭН
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив