Э.Бат-Үүл оросуудыг уурлуулж, балгийг нь ард түмэн үүрэх нь
2012 оны 11 сарын 9
Э.Бат-Үүл оросуудыг уурлуулж, балгийг нь ард түмэн үүрэх нь
Оросууд нефть экспортынхоо татварыг тонн тутамд 50 ам.доллараар нэмэгдүүлэхээ илэрхийлсэн. Манайханд Орос ханиавал монгол найтаадаг гэсэн явган яриа бий. Хэдийгээр хошигнож байгаа мэт боловч үнэн хэрэгтээ бид Оросоос одоо хэр нь хараат гэдгийг илтгэж байгаа юм. Тэднийг татвараа нэмэх сургаар манай шатахуун импортлогчид сурсан аргаараа хосдол үүсгэж эхлэв. Саяхан л зуны түлшээ дуусгаагүй байгаа гэж байсан томоохон компаниуд нэг л өглөө босоход “Шатахууны нөөц багассан учраас картаар үйлчилнэ” гэж байсан бол зарим нь бүр “Засвартай”, “Ажиллахгүй” гэсэн зар тавиад крантаа хаачихав. Гэхдээ жил бүр ийм асуудал гардаг болохоор одоо ч дасаж байх шиг байна.

Тэртээ тэргүй оросууд байсхийгээд л нефтийнхээ татварыг нэмж биднийг айлгадаг. Энэ нь сүүлдээ даамжирч өнгөрсөн жил цоргоо хааснаар манайхан үнэхээр өрөвдмөөр байдалд хүрсэн. Карттай байсан ч олдохгүйд хүрч байсан.
Тэгвэл энэ удаагийнх арай өөр. Учир нь оросуудын бидэнд ирүүлж байгаа энэ удаагийн бойкот нь монголчуудаас, тодруулбал Э.Бат-Үүлээс шалтгаалсан хэмээн зарим эх сурвалж хэлж байна. Өнгөрсөн сарын 14-нд 1954 оноос хойш Улаанбаатар зочид буудлын өмнө байрлаж байсан В.И.Лениний хөшөөг буулгасан. Уг хөшөөг буулгах үед хотын дарга Э.Бат-Үүл “Лениний үзэл суртлаар бий болсон коммунист засаглал олон улс орон, түүний дотор Монголд их олон хүнийг хэлмэгдүүлж 1930-аад онд 30 орчим мянган хүний амийг авч одсон. Ийм ч учраас энэ аймшгийг санагдуулдаг хөшөөг буулгах шийдвэр гаргалаа” хэмээн бахдалтайгаар хэлсэн юм. Энэ  үг хойд хөршийн ах нарын уур ундууцлыг хүргэсэн бололтой.

Хэдийгээр оросууд өөрчлөлт шинэчлэлт байгуулж марксизм, ленинизмын онолоосоо татгалзсан ч одоо хэр нь тэр онолыг шүтэгчид зөндөө байгаа. Улстөрчид ч байгаа. Тэгэхээр Э.Бат-Үүл хотын төвөөсөө жирийн нэг хөшөөг буулгаж байгаа мэт боловч цаана нь юу хүлээж байгааг бодолцох хэрэгтэй байж. Энэ удаад оросууд зөвхөн нефтийнхээ татварыг нэмж байна. Үүнийг дагаад монголын шатахууны үнэ өсч, улмаар өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөх нь дамжиггүй. Тэгвэл оросууд баруун аймгуудад нийлүүлдэг эрчим хүчээ тасалчихвал яана аа. Идэр есийн хүйтэн хаяанд ирж байхад тийм зүйл болбол баруун аймгийнхан онд хэрхэн орох бол.

Ер нь аливаа үйлдлийг хийх, хэлж ярихдаа болгоомжтой байхгүй бол бидний цөөхөн монголчууд хэрхэх билээ. Өнгөрсөн жил монголын нөлөө бүхий улстөрчид Хятадын улстөрчидтэй уулзахад “Монголчууд үргэлж муу сайн хужаа нар гэдэг. Хужаа нарыг ална, тална гэх нь энүүхэнд. Ингээд байвал манай улс визтэй болно шүү” гэж хэлсэн гэдэг. Хэрэв Хятад визтэй болчихвол Нарантуулын наймаачдаасаа эхлээд монголчууд “дууслаа” л гэсэн үг. Идэх сахар, будаанаасаа эхлээд өмсөх хувцас, бичих үзэг цаас ер бүхий л зүйлээ урд хөршөөс оруулж ирдэг манайхыг хятадууд хэрхэн дарамтлахаа мэдэж байгаа.
Тэгэхээр манай улстөрчид геополитикийн асуудалд нөлөөлөх үг хэллэгээ анхаарч байхгүй бол “Урт хэл хүзүү орооно” гэдэг болж мэдэх вий дээ.

Н.БУДСҮРЭН
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив