Л.Эрдэнэчимэг: Инфляцийг нэг оронтой тоонд хүргэх юм бол энэ Засгийн газрын гавьяа
2012 оны 11 сарын 9
Л.Эрдэнэчимэг: Инфляцийг нэг оронтой тоонд хүргэх юм бол энэ Засгийн газрын гавьяа
УИХ-ын гишүүн, эмэгтэйчүүдийн бүлгийн дарга Л.Эрдэнэчимэгийг “VIP” ярилцлагадаа урилаа.

-2013 оны улсын төсвийг эцэслэн батлах гэж байна. Тэгэхээр эмэгтэйчүүдэд чиглэсэн хөрөнгө оруулалтыг хангалттай батлуулж чадаж байгаа болов уу?
-Хангалтгүй. Хангалттай байлгая гэвэл маш их хэмжээний мөнгө хэрэгтэй. Ойролцоогоор хоёр, гурван их наяд төгрөгийн хөрөнгө төсөвлөгдөж байж дэд бүтэц болох цэцэрлэг, эмнэлгийн асуудал шийдэгдэнэ. Энэ онд баригдах барилгын ажил бүгд хойшилсон. Тэр бүгдэд 20-30 хувийн нэмэгдэл хөрөнгө оруулалтыг тусгаж чадсан. Ирэх онд цэцэрлэг, сургууль, эмнэлгийг бариулах ажил дээр нэлээд сайн хяналт тавина. Төсөв нь батлагдсан хэрнээ барилгын ажил хийгдээгүй. Тэгэхээр тийм алдаа дахиж гаргуулмааргүй байна. Эмэгтэй гишүүдийн зүгээс хэд хэдэн зүйлийг оруулж, хөрөнгө батлуулсан. Энэ жил төрөх эмнэлгүүдийн нярайд үзүүлэх нэг удаагийн өлгий, давуунд зориулж төсөв батлууллаа. Төрөх эмнэлгүүд олон дахин угаасан даавуу, өлгийгөөр нярайг боож явдаг. Үүнээс болж хүйн халдвар гардаг. Тэгэхээр нэг удаагийн орчин үеийн хэрэгслээр бүрэн сольсноороо давуу тал болж байгаа. Бид чуулганы танхимд төрсөн хүүхдүүдийг ийм зүйлээр өлгийддөг гэж дэлгэж үзүүлж байгаад энэ төсвийг батлуулсан шүү дээ. Нөгөөтэйгүүр 8000 хүүхдийг өвлийн зусланд 36 цагийн эх оронч сэтгэлгээг бий болгох спортын төлбөрт төсөв батуулсан. Мэдээж хэрэг, багш, эмч нарт олгох тэтгэмжийг  нэлээд сайн ярьснаар орууллаа. Гэх мэтчилэн эмэгтэйчүүдийн дуу хоолой төсөвт сайн хүрсэн.
-Төрийн данс улайсан үед ийм хэмжээний төсөв батлуулж байгаа нь буруу гэж үзэх нэг нь байхад, бүхэлд нь шүүмжлэх нь ч байна. Таны хувьд төсвийн талаар ямар байр суурьтай байна вэ?
-Төсөв сайн, муу талтай. Муу тал нь гэвэл мөнгө байхгүй байгаа. Үндсэндээ хоосон авдар хүлээж авсан. Харин хүссэн хэмжээнд тавьсан хөрөнгө нь орж ирэхгүй байх магадлал харагдаж байна. Өнгөрсөн жил маш өндөр орлого тавиад түүнийгээ биелүүлж чадахгүй тодотгол хийсэн. Тэгэхээр орлогыг нь харахаар биелэгдэхгүй байх магадлалтай байна. Энэ нь биднээс биш олон улсын зах зээл, хямралын байдлаас шалтгаална. Жил болгон орж ирэх барааны импортын хэмжээг 30 хувиар нэмэгдэнэ гэж автоматаар тавьдаг. Гэтэл өнгөрсөн жилийн төсвөөс харахад орж ирээгүй л байсан. Тиймээс орлого нь биелэхгүй байхад энэ төсөв дахиад тодотгол хийгдээд хасагдах вий гэж санаа зовоож байгаа. Мөнгө хүрэхгүй байгаагаас болж маш олон төсөв хасагдсан. Тэгэхээр хөнжлийнхөө хэрээр хөлөө жийхээс өөр арга байхгүй. Харин сайн тал гэх юм бол хэмнэлттэй төсөв. Үрэлгэн биш болж чадаж байгаа. Зарлагаа хэмнэж байгаа гэж харж байна. Би УИХ-д орж ирэхээсээ өмнө бизнесийн байгууллагад ажиллаж байсан. Харин Монгол Улсын төсөв цоорхой тааран шуудай шиг юм байдаг юм байна. Дуртай болгондоо, дуртай мөнгөө хэлж зарцуулдаг. Бидний төлсөн татварын мөнгийг дэндүү үрэн таран хийдэг юм байна гэж харагдлаа. Гэхдээ арвич, хямгач төсөв болж байгаа гэсэн бодолтой байна. Нөгөөтэйгүүр 2013 оны мөнгөний бодлого тэр дундаа инфляцийг нэг оронтой тоонд хүргэнэ гэдэг эргэлзээтэй.
-Яагаад...?
-Эдийн засаг, хөгжлийн яам байгуулагдсан нь чухал ач холбогдолтой. Өмнө нь Сангийн яам Монгол Улсын мөнгөний бодлогыг шийдээд явдаг байсан. Байгууллагаар аваад үзэхэд ерөнхий нягтлан бодогч нь бүх ашиг, алдагдлыг бариад явж байна гэсэн үг. Гэтэл хэзээ ч ийм юм байдаггүй. Эдийн засагч хүн үүнийг барьдаг. Стратеги төлөвлөгөө боловсруулаад үүн дээр тоо төсөв суулгаж, ирээдүйгээ харж ярьдаг. Нягтлан бодох гэдэг гараад явсан мөнгийг бүртгэж авч байдаг тийм л асуудал. Өнгөрсөн хугацаанд Эдийн засаг, хөгжлийн яам байхгүйгээс болоод нягтлан бодохоор улс орноо удирдуулаад явж байсан. Энэ яамтай болсноор мөнгөний бодлогод Сангийн яам, Монголбанкны оролцоотойгоор аятайхан болох болов уу гэж харж байна. Гэхдээ инфляцийг нэг оронтой тоонд хүргэнэ гэдэг надад хэцүү харагдаж байгаа. Үнэхээр хүргэх юм бол энэ Засгийн газрын гавьяа. Гэхдээ цалин нэмэхээр инфляци тогтвортой байна гэж үзэж байгаа хүмүүс бий. Харамсалтай нь нэмснээр улам өснө. Инфляци хоёр оронтой тоонд хүрсэн нь цалин нэмсэн, бэлэн мөнгөний тараалтаас болсон. Сонгуулийн очков авах гэж цалин нэмж болохгүй. Тэгэхээр үүнийг хазаарлаад өгөхөөр тогтвортой байх болов уу гэж бодож байна.
-Орон нутгийн хурлын сонгуулийн сурталчилаа албан ёсоор эхэлж байгаатай холбогдуулж эмэгтэй гишүүдийн зүгээс “Эмэгтэйчүүд чадна” гэсэн аян өрнүүлж байгаа. Яагаад энэ аяныг эхлүүлэх болов?
-Сонгуульд ялалт байгуулаад гарч ирсэний хувьд доод түвшиндээ гарч ирэх эмэгтэйчүүдээ татаж гаргах нь чухал. Есөн эмэгтэй гишүүн дуу хоолой нэгтэй. Тиймээс нам харгалзахгүйгээр эмэгтэйчүүдээ дэмжиж өгөөч гэсэн аян эхлүүлсэн. Аянаараа “Бид ийм ийм зүйлийг хийж, гаргаж ирж чадлаа. Дараачийн гурван жилийн хугацаанд ийм асуудал гаргаж ирнэ” гэдгийг илэрхийлж байгаа. Тэгэхээр урьд нь эрчүүдийн хараанаас мултарч гарч ирсэн асуудлыг гаргаж ирж тавьсан гэж өөрсдийгөө үзэж байгаа. Тиймээс анхан шатандаа хүрэхийн тулд хөл хэрэгтэй. Аймаг, сумын хэмжээнд нийгмийн асуудлыг эмэгтэйчүүд авч явна. Орон нутгийн сонгуулийн тавигддаг асуудал ихээхэн аж ахуйн шинж чанартай ажил байдаг. Таныг гэрээсээ гарахад үүдэнд юу байна уу гэдгээс мөрийн хөтөлбөр хэрэгжих хэрэгтэй. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр маш олон эмэгтэй сонгогдсоноор таны амьдралыг улам илүү хөнгөвчилж чадна.
-Сонгуулийн тухай хуульд эмэгтэйчүүдийн квотыг тусгахаар болсон ч чадаагүй. Тэгэхээр эмэгтэйчүүд орон нутагт ялалт байгуулах нь нээлттэй байж чадах уу?
-Нийт нэр дэвшигчийн 30 хувьд эмэгтэйчүүд байгаа. Тэгэхээр 40 хувийн квот тавиулж байж амжилтад хүрэх байсан. Харин квоттой, квотгүй 30 хувь байгаа ч яаж ялуулах вэ гэдэг маш чухал. Цаашид эмэгтэйчүүдийн суудал хадгалах тэр системийг оруулах нь зүйтэй юм билээ. Квот гэдэг өрсөлдөхөд төчнөөн хүн орно гэсэн үг бол суудал хадгална гэдэг нь 76 гишүүний 30 хувьд заавал эмэгтэй хүн байх ёстой гэсэн систем байх нь зөв. Тэгэхээр энэ систем рүү явах хэрэгтэй. 
-УИХ дахь Эмэгтэйчүүдийн бүлэг есөн гишүүнтэй. Ойрын үед нэг эмэгтэй гишүүнээр бүрэлдэхүүнээ нэмэхээр болж байх шиг байна?
-МАН-аас нэг эмэгтэй гишүүн орж ирэх боломж бүрдсэн байна. Мөн Баянзүрхийн сонгуульд эмэгтэй хүн ялах юм бол дахиад нэг хүнээр нэмэгдэнэ. Энэ дөрвөн жил 11 эмэгтэй гишүүнтэй өнгөрүүлэх болов уу гэсэн найдлага тавьж байгаа. Тэгэхээр хийх ажил бүтэмжтэй, дуу хоолойгоо нэгтгэж чадна.
-Есдүгээр сарын 3-ны өдрийг кранд дарагдаж амь насаа алдсан охины өдөр болгоно гэсэн. Энэ тухайгаа тодруулахгүй юу?
-Тэмдэглэлт өдрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл боловсруулаад Засгийн газарт өргөн барьсан байгаа. Тэгэхээр есдүгээр сарын 3-ныг Есүгэний буюу Аюулгүй орчны өдөр болгохоор зорьж байна. Бид алдартай хүний, баяр ёслолын өдрийн тухай ярьдаг. Тэмдэглэлт өдөр аливаа асуудал ярьдаг байх нь чухал. Тиймээс есдүгээр сарын 3-нд Есүгэн гэдэг охин яагаад амь үргэдэв гэдгийг ярьдаг, бүтэн нэг жилийн хугацаанд хүүхдийн аюулгүй орчныг хэрхэн бүрдүүлж чадсан юм бэ гэдгийг бүх төрийн байгууллага тэр өдөр гаргаж ирдэг байлгахыг зорьсон.
-Тамхины тухай хуулийн хэрэгжилт ирэх гуравдугаар сарын 1-нээс хэрэгжинэ. Энэ хууль хэр болсон бэ?
-Маш сайн хууль болсон. Ямар болж вэ гэдгийг ирэх гуравдугаар сараас мэдрээрэй. Энэ хугацаа болтол хуулийн сурталчилгаа, механизмаа сайн хийнэ. Жилийн дараа 100 хувь хэрэгжиж чадна гэдэгт бүрэн итгэлтэй байгаа.
-Ярилцсанд баярлалаа.

С.МӨНХБАЯСГАЛАН
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив