Азтай нэр дэвшигч шалгаруулна
2012 оны 11 сарын 10
Азтай нэр дэвшигч шалгаруулна
Улс төрийн шуурга дэгдлээ. Өмнөх сонгуулиар Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар 48 буюу мажоритар, 28 буюу пропорцианалаар нэр дэвшүүлэх хувьсгал хийлээ гэж хөөрцөглөсөн.  Ингэснээр МАХН-аас намын жагсаалтаар нэр дэвшсэн 28-д нэлээд дээгүүр О.Баасанхүү, З.Баянсэлэнгэ нарыг УИХ-д орж ирэхэд нь мөн ч их баалсан. Арга ч үгүй биз. Гэр хорооллын нүүрс ханхлуулсан, гудамжинд тэмцэж явсан хүн УИХ-д гэнэт орж ирэхээр хэн ч гайхна. О.Баасанхүү Н.Энхбаярыг баривчлах үеэр гарч ирж, сүүлдээ түүний нөмөрт явсаар гишүүн болсон нь гарцаагүй үнэн. Үнэхээр тэд азтай нэр дэвшигч.
Зарим нэр дэвшигч УИХ-ын гишүүн болохын тулд хөлс хүчээ шавхаж, хэдэн арван тэрбум төгрөг зарцуулах нь бий. Нэг хэсэг нь тэр их мөнгөө юу ч үгүй салхинд хийсгэдэг. Энэ мэтчилэн сонгуульд өрсөлдөж, ялалт байгуулах нь тийм ч амаргүй. Харин Аймаг, сум, дүүргийн ИТХ-ын 2012 оны сонгуульд З.Баянсэлэнгэ, О.Баасанхүүгээс дор хүмүүс орж ирэхийг үгүйсгэхгүй. Яагаад гэвэл сонгуулийн хууль нь тийм учраас. “Миний бие өвдлөө, эсвэл гадаад руу явах виз маань гарсан учир найзыгаа орондоо оруулья” гэх нь ч нээлттэй. Хэрэв тэр нөхөр намдаа нэр нөлөөтэй байхын бол үүнийг хэрэгжүүлэх нь хялбар. Учир нь сонгуулийн тухай хуулийн шинэ тогтолцоо ийм. Тиймээс ийм шинэчлэл үлдээлээ. Цаашид ч энэ нь үргэлжилнэ.
Орон нутгийн хурлын сонгуулийн сурталчилгаа өнөөдөр албан ёсоор эхэлнэ. Нутгийн өөрөө удирдах ёсны элч төлөөлөгч болохын тулд аймаг, дүүрэгт хэдэн зуун хүн өрсөлдөнө. Хошигнож хэлбэл хурдан морины уралдаан шиг юм болно.  Учир нь орон нутгийн хурлын ээлжит сонгуулийг УИХ-тай нэгэн адил холимог тогтолцооны дагуу хийнэ. Зөвхөн нэг намаас гэхэд л Сонгинохайрхан дүүрэгт 41 нэр дэвшигч дэвшинэ. Бусад дүүрэгт энэ тоо ойролцоо. Харин хөдөөд юу болж байгааг бүү мэд. Хөдөөгийхний хувьд сонгуулийн тогтолцоо шив шинэхэн. Нэр дэвшигчийн тоо олширсон учраас сонгуульд яаж саналаа өгч, аль намын хэн гэдэг нэр дэвшигчийн нэрийг дугуйлах нь битгий хэл учраа олохгүй будилж яваа. Угтаа энэхүү сонгуулийн үр дүнд аймаг, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчийг, цаашлаад баг, хорооны Засаг даргыг тодруулна. Тэгэхээр орон нутгийн хурлын 2012 оны сонгууль УИХ, нийслэлийн ИТХ-ын сонгуулиас ч илүү том сонгууль болно. Харин энэ сонгуульд аль нам олонхи болох бол. Мэдээж хэрэг, АН, АН+ “Шударга ёс” эвсэл, МАН-ынхны дунд  гол тулаан өрнөх нь тодорхой. 
МАН-ын хувьд өмнөх орон нутгийн хурлын сонгуулиудад ямагт үнэмлэхүй ялалт байгуулж байсан. АН-ынхан 1996-2000 онд засгийн эрх барьсан ч дотоод хямрал нь дээд цэгтээ хүрсэн учраас орон нутагт олонхи болж чадаагүй. Гэхдээ тэд УИХ-ын болон нийслэлийн ИТХ-ын 2012 оны сонгуульд олонхи биш ч олууллаа болж чадсан. Тиймээс орон нутгийг тэр чигт нь эзэмшилдээ авахыг хүсэж байгаа. Гэвч мөнгө үрж, хүч хөлсөө шавхан байж сонгуульд өрсөлдөвч сумын заан, соёлын төвийн ардын авьяастан энэ сонгуулиар гараад ирэхэд нэг их гайхах зүйлгүй. Харин ч хөдөөгийнхний элитүүд сонгуульд гарч ирэх боломж бүрдлээ. Малчин Дондог, саалчин Дулмаа, тракторчин Дорж, ноолуурын ченж нөхөр тэр битгий хэл хөдөө хөхөрч, гадаад гандаж явсан нэг нь намын харьяалалд ороод нөгөө О.Баасанхүү, З.Баянсэлэнгэ нар УИХ-ын гишүүн болсон шиг орон нутгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдох эрх нь бүрдчихээд байгаа юм биш үү. Хөдөө орон нутагт байтугай хотын зарим хороодын дарга нар компьютер, интернэтийн талаар ойлголтгүй явна гээд олон нийт шоолж харагддаг юм билээ. Харин энэ удаад бол түүнээс ч дор нөхөд жагсаалт нэрийн дор орж ирэх нь бүр тодорхой байна. Орон нутгийн хурлын сонгууль нэг иймэрхүү шогийн байдалтай болчихлоо доо.

С.МӨНХБАЯСГАЛАН
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив