Д.Батсайхан: Манай иргэд сонгогчид, өрх бүр миний ажилтай холбоотой байдаг
2012 оны 11 сарын 14
Д.Батсайхан: Манай иргэд сонгогчид, өрх бүр миний ажилтай холбоотой байдаг
Орон нутгийн хурлын сонгуульд Баянгол дүүргийн нэгдүгээр хороонд МАН-аас нэр дэвшиж буй Дарамбазарын Батсайхантай ярилцлаа.

-Таны хувьд өнгөрсөн дөрвөн жил дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр амжилттай ажилласан хүн. Дүүргийн бүтээн байгуулалт, тохижилтын ажилд таны санаачилгаар хийгдсэн ажил нэлээд бий гэж иргэд ярьдаг юм билээ. Тэгэхээр энэ талаар яриагаа эхэлбэл ямар вэ?

-Миний хувьд “Баянгол тохижилт” компанитай холбогдоод 10 гаруй жилийг үдлээ. Тэгэхээр  хот тохижилтын ажлын талаар хуримтлуулсан мэдлэг бий. Энэ ч утгаараа дүүрэгтээ өөрийн эрхэлж буй ажилтайгаа уялдуулаад маш олон ажлуудыг төлөвлөөд байна. Тулгамдсан асуудлууд ч маш их бий. Би хотын иргэн, тэр тусмаа Баянгол дүүргийн хүн. Манай “Баянгол тохижилт” компанийн үндсэн үйл ажиллагаа хог тээвэр, бүтээн байгуулалт, тохижилт, ногоон  байгууламжийн ажил руу чиглэдэг. Энэ ажлыг хариуцаж хийсээр ирсэн, цаашид ч хийнэ гэдэгтэй итгэлтэй байдаг. Нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалтаар 30 гаруй бүтээн байгуулалтын ажлыг хийсэн. Тухайлбал, Магсаржавын гудамж буюу вокзал руу чиглэсэн гудамжны ногоон байгууламж, хайсжуулалт, иж бүрэн тохижилтын ажлыг санаачлан гүйцэтгүүллээ. Мөн Ард Аюуш, Энэбишийн гудамж буюу бидний ярьж заншснаар III, IV хорооллын замын голын ногоон байгууламжийн хөрсийг хуулах тохижилтыг иж бүрнээр нь хийлгэх ажлыг дүүрэгт санал гарган хэрэгжүүлсэн. Хорооны өндөр настан, хүүхэд залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд зориулсан тохижилттой орчин дутмаг. Тиймээс иргэдийн хүсэлтийн дагуу маргаантай байсан газрын асуудлыг шийдвэрлэж,  УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилтой хамтран арктай шар байрны зүүн хойд булангийн тохижилт,  байрны гадна фасадыг шинэчилсэн. Мөн энд зайлшгүй дурьдах ажил бол Төмөр замын коллежийн урд байгуулсан гэрэлтдэг усан оргилуурыг байгуулсан гэх мэт хийж бүтээсэн олон ажил бий.
-Баянгол дүүрэгт нэн тулгамдсан, зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай ямар асуудлууд байна вэ?
-Манай дүүрэгт төдийгүй нийслэлийн иргэдийн өмнө тулгамдаад байгаа асуудал бол хог. Хогны менежментийн талаар нухацтай, зохион байгуулалттай ажиллах хэрэгтэй.  Нийслэлийн хэмжээнд “Улаан чулуут”-ын хогийн цэгт хогны үйлдвэр баригдаж байгаа.  Цаашдаа хог тээврийн менежментийг нэлээд боловсронгуй болгож, хогийг цуглуулах тал дээр өөрчлөлт хийх хэрэгтэй. Хаягдал хогийг ангилан ялгаж, худалдаж авах системд шилжих хэрэгтэй. Манай ард иргэд, айл өрхүүд  хогоо ангилаад,  түүнийгээ тээвэрлэгч байгууллагуудад тушаах юм. Тээвэрлэгч байгууллагууд нь хогоо хогны боловсруулах үйлвэрт тушаах, мөнгө болгох системд шилжинэ гэсэн үг л дээ. Үүнийг өөрийн дүүрэгтээ  нэн тэргүүнд хэрэгжүүлэх бодолтой байна. Туршиж үзнэ. Жишээлбэл, орцны үүдэнд өнгө өнгийн ууттай сав тавьчихна. Иргэд түүн рүү хог хаягдлаа ялгаад хийчихдэг болох юм. Үүнийг нарийн хяналттай зохион байгуулна. Мөн дуудлагаар шил, цаас гэх мэт дахин боловсруулах хог хаягдлыг иргэдээс худалдаж авдаг болно. Энэ бол олон улсад аль хэдийн хэвшсэн жишиг. Ингэснээр нийслэлийн хог багасна.  Би мөрийн хөтөлбөртөө оршин суугчдын нийгмийн асуудлуудыг нэлээд нарийн  тусгасан. Иргэдтэй уулзаад явж байхад өрх толгойлсон эмэгтэйчүүд, эрчүүд надад маш их хандаж байсан. Амьдралд итгэх итгэлгүй, нийгмийн идэвхгүй болчихсон хүмүүс байна. Тэдэнтэй ярилцаж байхад бид гэртээ зүгээр суумааргүй байна. Гэтэл гадаа гараад дэмжээд зохион байгуулаад явчих хүн байхгүй. Хороонд хандахаар хөрөнгө мөнгийг нь шийдэж өгдөггүй гэж ярьж байна. Үнэндээ энэ хүмүүс бол маш их ажиллах хүч шүү дээ. Энэ хүмүүсийг сургалтад хамруулаад өөрсдөд нь тохирох ажлуудыг хийлгэх хэрэгтэй.

-Энэ удаагийн орон нутгийн сонгуулийн онцлогийн талаар таны бодол?
-Юуны өмнө энэ сонгууль хууль зүйн шинэ орчинд явагдаж байна. Аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн шинэ хуулиар холимог хэлбэрээр явуулж байна. Дүүргийн ИТХ-ын сонгуульд улс төрийн намууд намын жагсаалтаар болон тойрогт  нэр дэвшүүлж байна. Дараагийн нэг онцлог бол Нийслэл, дүүргийн ИТХ-ын сонгууль тусдаа явагдаж байгаагаас гадна сонгууль хүчин төгөлдөр болох шаардлагыг илүү өндөр болгосон байгаа. Өөрөөр хэлбэл, сонгуулийн хэсэг бүрт нийт сонгогчдын 50-аас доошгүй хувь саналаа өгсөн тохиолдолд тухайн хэсгийн сонгуулийг хүчин төгөлдөр гэж үзэхээр зохицуулалттай болсон тул нийт нийслэлчүүддээ энэхүү төрийн ажилдаа хариуцлагатай, идэвхтэй оролцохыг уриалж байна. Өмнөх удаагийн сонгууль ирц хүрээгүйгээс дахиж, төсвийн үргүй зардал гарч байсан гашуун туршлагыг анхаарахыг хэрэгтэй. Түүнчлэн, хууль зүйн орчноос гадна улс төрийн шинэ нөхцөл байдалд орон нутгийн сонгууль явагдаж байгааг бас энд хэлмээр байна. УИХ болон нийслэлийн ИТХ дахь улс төрийн намуудын хүчний харьцаа харьцангүй адил хэмжээнд хүрч шинэ эвсэл Засгийн газрыг байгуулан ажиллаж байна. Энэ нөхцөлд ард түмний эрх ашгийг хамгаалж чаддаг  сөрөг хүчний үүрэг роль өндөр байна. Төрийн тогтвортой үйл ажиллагааг хангаж ард нийтийнхээ төлөө бодитой, үр дүнд хүрсэн төрийн бодлогыг хэрэгжүүлэхийг улс төрийн намуудаас ард түмэн хүсэн хүлээж байна. Иймд улс төрийн намууд бүх шатандаа хамтран ажиллах,  сонгогч түмнийхээ  сонголтыг хүндэтгэдэг улс төрийн шинэ соёл, хэв хэмжээг хэвшүүлэх  нэн шаардлагагтай.  Дээр хэлсэн шинэ нөхцөлд манай намын хувьд олон шинэ сорилтууд тулгарч байгаа хэдий ч хийсэн бүтээсэн зүйл их гэдгийг иргэд мэдэж байгаа. Улстөрч хүний хувьд улс төрийн нуруу түвшин, тэнцвэртэй байж хэт нэг тал руу хошуурч савалгүй ажиллаж, ард иргэдийнхээ эрх ашгийг нэн тэргүүнд харгалзан, хамгаалах нь хамгийн чухал гэж үздэг.

-Орон нутгийн өөрөө удирдах ёсыг бодитойгоор хэрэгжүүлэх шаардлагатай гэж их ярьдаг. Харин хэрхэн хэрэгжүүлэх талаар та ямар бодолтой байдаг вэ?
Төвлөрлийг сааруулж орон нутгийн өөрөө удирдах ёсыг бодитой хэрэгжүүлэх нь нэн тулгамдсан чухал асуудал юм. Аймаг, нийслэл, тэр дундаа дүүрэг нь өөрийн бүтээсэн нийгмийн баялгийг нэгдсэн төсөвт төвлөрүүлж, орон нутгийн өмч, хөрөнгөө өөрсдийн хэрэгцээнд захиран зарцуулж  бүрэн чадахгүй байна. Энэ нь хурдан хөгжиж буй нийгмийн хөгжлийн хурдаас төр, захиргааны үйлчилгээ хоцрох, бүр чөдөр тушаа болж байгааг олон жил ярьсан байгаа боловч шийдвэртэй арга хэмжээ авах зайлшгүй шаардлага байсаар байна. Дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид саналаа дээд шатны байгууллагад байнга тавьсаны үр дүнд дүүргээс нийслэлийн төсөвт, улмаар нийслэлээс улсын төсөвт төвлөрүүлдэг мөнгөний хэмжээ буурч байгаагаас гадна газар нутагтаа хэрэгцээтэй ажилд зарцуулах боломжтой болж байгаа.  Дүүргийн хувьд хуулиар олгогдсон эрх мэдэл нь хязгаарлагдмал байдаг тул хүссэн хэмжээнд ажиллахад маш бэрхшээлтэй байдаг.  100 гаруй мянган иргэдтэй дүүргийн эрх мэдэл нь аймгийн сумтай нэг хэмжээнд байгааг өөрчлөх шаардлагатай байна. Үүнийг өөрчилснөөр дүүргийн тохижилт, бүтээн байгуулалтад шаардлагатай хөрөнгийг буцаад иргэддээ зориулах өргөн боломж нээгдэх учиртай. Нийслэлийн эрх зүйн байдлын  тухай хуулийг нэн даруй өөрчлөхийг бид шаардсаар байгаа бөгөөд нийслэлийн ИТХ болон дүүргийн ИТХ-ын үйл ажиллагааг тогтмол явуулж, илүү хурдан шуурхай ажиллуулах талаар УИХ зохих хуулиудад өөрчлөлт оруулна гэдэгт найдаж байна.

-Иргэд танд итгэл найдвар тавьж, сонговол та нэн тэргүүнд ямар асуудлыг шийдвэрлэх вэ?
-Миний хувьд нэрсийн жагсаалтаар бус тойрогт нэр дэвшиж байгаа. Дүүргийн ИТХ-д хоёр дахь удаагаа нэр дэвшиж байна. 2008 онд дүүргийнхээ иргэдийн итгэлийг хүлээн сонгогдож төлөөлөгчөөр ажиллахдаа дээрх  асуудлыг анхаарч ажиллаж байна. Нэг хүн, нэг гэр бүл бүрийн  ашиг сонирхол, хэрэгцээ шаардлагыг хангаж ажиллах нь дүүргийн төр, захиргааны байгууллагын гол зорилго юм. Өөрөөр хэлбэл, дүүргийн хурлын төлөөлөгч нь өрхийн эмнэлэгт үзүүлж буй өндөр настны эрүүл мэнд, сургуульдаа явж буй хүүхдийн аюулгүй байдал, сургуулийн хүртээмж,  өрхийн үйлдвэрлэлээс том үйлдвэр хүртэлх бизнесийг тэгш дэмжсэн хөгжлийн бодлого, залуучуудын хөдөлмөр эрхлэлт болон хот тохижилтын асуудлыг нэн тэргүүнд тавьж ирсэн.  Манай нэгдүгээр хороо бол нэлээд том газар нутагтай. Энэ хороондоо ямар зүйлийг яаж хийхийг мэднэ. Миний энэ сонгуульд нэр дэвшиж байгаагийн нэг утга учир гэвэл дүүргийн тохижилт бүтээн байгуулалтад гар бие оролцож явсны хувьд өөрийнхөө хороондоо хэрэгтэй хүний нэг болов уу гэж бодож байгаа. Манай иргэд сонгогчид, өрх бүр миний  ажилтай холбоотой байдаг. Яагаад гэвэл тэр айлаас гаргасан  хогийг манай хот тохижилтынхон л зөөж байна. Би бол хаашаа ч холдохгүй. Хаяг бол тохижилтын Батсайхан нэрээрээ. Хорооны ард иргэд маань намайг дэмжинэ гэдэгт итгэж  байна.

-Ярилцсан танд баярлалаа.

П.НАНСАЛМАА

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ