Оюутолгойн гадаад ажилтнуудын цалин монголчуудынхаас 20 дахин их. Энэ шударга явдал уу
2012 оны 11 сарын 14
Оюутолгойн гадаад ажилтнуудын цалин монголчуудынхаас 20 дахин их. Энэ шударга явдал уу
Монгол Улсад Оюутолгойн хөрөнгө оруулагч “Рио Тинто” хэмээх нэгэн том компани бий болоод удаж байна. Үнэндээ уул уурхайд ноёлж байгаа гэж хэлж болно. Монголын нэр бүхий улстөрчид “Рио Тинто”-той Оюутолгойн гэрээ хийхдээ монголчуудын эрх ашгийг хамгаалахгүй харийнхны талд ашигтайгаар үзэглэсэн гэдэг мэдээлэл хэдэн жилийн өмнөөс яригдсан. Энэ нь нэг их газар авахгүй байсан ч энэ жил УИХ-д шинээр сонгогдсон С.Ганбаатар тэргүүтэй хорь гаруй гишүүд “Оюутолгойн гэрээг өөрчлөх”-өөр гарын үсэг цуглуулан УИХ, Засгийн газарт шаардлага хүргүүлсэн. Энэ үеэр харин “Рио Тинто”-чууд сүү, талх, шагайны зурагтай Оюутолгойгоос монголчуудын хүртэх ашиг нь 79, хөрөнгө оруулагчийн хүртэх хувь 21 гэхчилэн үнэмшихэд бэрх сурталчилгаа явуулж эхлэв. Үүгээрээ “Рио Тинто”-гийнхон монголчуудыг хэр хэмжээнд үздэг вэ гэдгээ нотолж байгаа юм. Монголчууд Африкийн хар арьстнууд биш учраас “Рио Тинто”-гийнхны эл үйлдэл монголчуудыг харин ч нэг сэрээлээ. Монголчууд эзэн Чингэсийн үеэс дэлхийд суу алдраа түгээж ирснээс биш, хэн нэг харийн этгээд ирээд газар нутаг дээр нь доромжлохыг зүгээр хараад суух улс биш. Тиймээс одоо Оюутолгойн гэрээг өөрчлөх асуудалд дээр дооргүй анхаарлаа хандуулж эхлэв.

Үүнтэй зэрэгцэн Оюутолгойн ажилчдын цалин, хөлсний асуудал сөхөгдлөө. Оюутолгойд ажилладаг монгол ажилчдын цалин дээд тал нь нэг сая 500 мянган төгрөг гэнэ. Энэ цалинг авахын тулд гурван жил гүрийж, хөөцөлддөг байна. Тэгж чадаагүй нь мэдээж үүнээс доош цалинтай. Гэтэл Оюутолгойн гадаад ажилчдын цалин дунджаар 30 мянган ам.доллар. Оюутолгойнхон гадаадын ажилчдын цалин хэд болохыг хэнд ч хэлдэггүй. Тэдний хувьд энэ бол байгууллагын дотоод нууц гэнэ. Харин эх сурвалжийн мэдээлснээр 30 мянган ам.доллар гэдэг дундаж цалин гэхээр түүнээс дээш цалин авагчид хэд байдгийг мэдэхэд бэрх. Хэдийгээр өнөөдөр монголчуудын хувьд нэг сая 500 мянган төгрөг боломжийн цалин мэт санагдаж болох. Гэхдээ энэ цалинг авахын тулд илүү их хөдөлмөрлөнө. Хамгийн хачирхалтай нь монголчуудаас хэд дахин их цалин авч байгаа гадаадын ажилчид ямар мэргэжилтэй, мэргэжлийн ур чадвар хэр өндөр төвшнийх гэдгийг сонсохоос ч дургүй хүрмээр. Гадаадын ажилчид гэдэг нь тэнд ажилладаг гадаад мэргэжилтнүүдийн эхнэр, нөхрүүд зэрэг хүмүүс байдаг ба голдуу бакалавр зэрэгтэй, түүнээс ч дор боловсролтой хүмүүс байдаг гэнэ.
Монголчууд тэднээс юугаараа дор болоод асар их зөрүүтэй цалин авах ёстой гэж. Ижилхэн л гар, хөл, сэтгэх оюун ухаантай хүн шүү дээ. Тэд монголчуудыг юуны учир ийнхүү дорд үзнэ вэ. Угтаа Оюутолгойн гэрээнд тусгахдаа “Арьс өнгө, шашин шүтлэг харгалзахгүй, гадаад монгол ажилчдын цалинг тэгш олгоно" хэмээн заасан байдаг. Гэтэл эх нутгийнхаа газар шороон дээр амьдарч байгаа монголчууд 1,5 сая төгрөг, гадаадын ажилчин 30-40 мянган ам.долларын цалинтай. Үүнийг уншиж, сонсоход ямар санагдаж байна вэ. Энэ шударга явдал мөн үү.
Үргэлжлэл бий.

Н.БУДСҮРЭН
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив