Ж.Батзандан: Нэг нам, хүнд зориулж хуулийн төсөл санаачлан оруулж ирж болохгүй
2012 оны 11 сарын 14
Ж.Батзандан: Нэг нам, хүнд зориулж хуулийн төсөл санаачлан оруулж ирж болохгүй
УИХ-ын гишүүн Ж.Батзанданг “VIP” ярилцлагадаа урилаа.

-2013 оны улсын төсвийг өнгөрсөн долоо хоногт баталлаа. Хэмнэлттэй үрэлгэн биш төсөв болсон гэж үзэх хүмүүс байхад эсэргүйцэх нэгэн байна. Таны хувьд...?
-Төсвийн алдагдал хоёр хувьтай гарсан. Хоёр хувьтай байна гэдэг харьцангуй бага алдагдалтай төсөв батлагдлаа гэсэн үг. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар төсвийн алдагдлыг таван хувиас хэтрүүлэхгүй байна гэж заасан. Тэгэхээр хуулийнхаа хүрээнд хамгийн анхны төсөв гарч байгаагаар онцлогтой. Ялангуяа орон нутгийн хөрөнгө оруулалт эрс нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл орон нутагт төсвийн эрх мэдлийг нэмэгдүүлж өгсөн. Дэлхийн улс орнуудын төсвийн нөхцөл байдалтай харьцуулахад Монгол Улсын 2013 оны төсөв харьцангуй тогтвортой, алсын хараатай, сайн болсон гэж харж байгаа. Тухайлбал АНУ-ын төсвийн алдагдал 1,5 их наяд ам.доллар гарч байна. Японд гэхэд төсвийн алдагдал маш өндөр гарч байгаа. Харин Монголын төсвийн алдагдал хоёрхон хувьтай гарч байна. Эдийн засгийн өсөлтийг ирэхэд онд хоёр оронтой тоонд тавьж тогтвортой байлгахаар зааж өгсөн. Тэгэхээр дэлхийн эдийн засгийн хямралын үед батлагдсан төсөв хэдий ч харьцангуй тогтвортой, хөрөнгө оруулалтаа нэмсэн, төсвөө тэлсэн. Өөрөөр хэлбэл, мөчлөг сөрсөн төсөв баталсан.
-Ерөнхий сайдын мэдэлд 82 тэрбум төгрөг төсөвлөсөн ч юунд зарцуулах нь тодоргүй гэж гишүүд шүүмжилж байгаа. Та үүнийг юу гэж үзэж байна вэ?
-Энэ Засгийн газрыг шинэчлэлийн гэж томъёолсон. Салбар болгонд томоохон шинэчлэл, шинэтгэлийг хийнэ. Шинэчлэл хийхэд Засгийн газарт мөнгө хэрэгтэй. Мөнгөгүйгээр шинэчлэл, өөрчлөлт хийх ямар ч бололцоо байхгүй. Нөгөөтэйгүүр шинэчлэлийн бодлогыг дэмжсэн төсөв болж байгаа. Бас нэг онцлог нь УИХ-ын гишүүд тэрбум, зарим жилүүдэд гурван тэрбум төгрөг өөр дээрээ төвлөрүүлэн зарцуулдаг байсан. Харин энэ мөнгөнөөс УИХ-ын гишүүд татгалзсан. УИХ-ын гишүүдийн татгалзсан мөнгө үндсэндээ Засгийн газарт очиж байгаа гэж ойлгож болно. Засгийн газар энэ мөнгийг шинэчлэлийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд зарцуулах эрхтэй. Энэ эрхийг нь өгч байгаа. Гүйцэтгэх, хууль тогтоох засаглал хоёр эдийн засгийн утгаараа салж өгч байна гэсэн үг. Гүйцэтгэх засаглал буюу Засгийн газар төсвийнхөө хуулийг хэрэгжүүлэх ёстой. Төсвийн хэрэгжилтэд УИХ хөндлөнгийн хяналтаа тавьж өгөх нь зүйн хэрэг. Төсвийн байнгын хорооны дэргэд төсвийн хяналтын бүтэц ажиллаж эхэлнэ. Үүгээрээ онцлог гэж ойлгож байгаа.
-2013 оны улсын төсвийг баталсан ч МАН бүлэггүй хэвээр л байна. Тэгэхээр МАН-ын бүлгээр шантаажилсан төсөв боллоо гэж үзэх хүн бий?
-МАН-ын бүлэг байгуулах, эс байгуулах нь жижиг асуудал.  Монгол Улсын Ерөнхийлөгч хуулийн төсөл өргөн барьчихсан байгаа. Процессийн дагуу хуулийн төслийг хэлэлцэж, удахгүй шийдвэрлэнэ. МАН-ын бүлгээс илүүтэй Монголын ард түмний амьдрал чухал. УИХ-ын гишүүд Монголын ард түмний амьдралыг яаж дээшлүүлэх вэ гэдэг талаар өдөр, шөнөгүй бодож байгаа болохоос биш МАН-ын бүлэгт ач холбогдол өгөөд байх нь тийм ч сайн зүйл биш. Болдог юм болдгоороо л болно. Тэр хүмүүс бүлгээ байгуулах боломжтой байсан. Харамсалтай нь хуулиа мөрдөж ажлаагүй. УИХ-ын гишүүд нь хуулиа мөрдөхгүй болохоор иргэд, олон түмнээс хууль хэрэгжүүл гэж шаардлага тавих нь хэцүү. Тэгэхээр би МАН-ын нөхдөд “Хуулиа мөрд, хуулийн дагуу ажил” гэж хэлж байгаа. Сая хүртэл буйдантай суулт хийхдээ Төрийн ордны, жагсаал цуглааны журмын тухай хуулийг олон талаар зөрчсөн байдал ажиглагдаж байна билээ. МАН хууль зөрчиж болдог, бусдад нь болдоггүй юм шиг аашилж болохгүй.
-Ерөнхийлөгч МАН-ыг бүлэгтэй болгохоор хууль санаачлан оруулж ирсэн. Үүнийг эсэргүйцэж байна гэж ойлгож болох уу?
-МАН-ын дураараа авиралт хэрээс хэтэрч байгаа. Харамсалтай нь Ерөнхийлөгч МАН-ыг бүлэгтэй болгох тухай хууль санаачилж оруулж ирж байлаа. Би хувьдаа дэмжихгүй. Буруудна гэж ойлгож байна. Нэг нам, хүнд зориулж хуулийн төсөл санаачлан оруулж ирж болохгүй.
-У.Хүрэлсүх УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдлөө. Энэ шийдвэрийг юу гэж үзэж байна вэ?
-Энэ нь тухай хүний асуудал. У.Хүрэлсүх гишүүнээсээ татгалзах шийдвэрээ гаргасан. Үүнийг УИХ-ын гишүүний олонхи нь дэмжсэн. Энэ бол байдаг л зүйл. Ар гэрийн гачигдал, хувь хүнд тохиолдсон зовлон бэрхшээлийг бид ойлгодог байх ёстой. УИХ-ын гишүүний ажил амаргүй. Өдөр, шөнөгүй хуралддаг, дээр нь хуулийн төсөл боловсруулна. Маш их хэл амтай, байнгын хяналтад байдаг. Амархан ажил биш. Тиймээс тэр нөхрийн зовлонг ойлгож байна. Гэхдээ нэг зүйлээс болгоомжилж байгаа. Дур нь хүрэхээр УИХ-д орж ирдэг, дургүй нь хүрэхээр өргөдлөө өгөөд гараад явдаг байдал үргэлжлэх юм бол төрийн тогтвортой үйл ажиллагаанд, ард түмний итгэл сэтгэлд хортой гэж ойлгож байгаа. Ийм явдал газар бүү аваасай гэж хүсэж байна.
-Намрын чуулган найм хоног завсарлаад үргэлжилнэ. Чуулган үргэлжлэхэд Өвөрхангайн тойргийн сонгогчид тангаргаа өргөх болов гэж харж байна. Гэхдээ МАН, АН-ын гишүүний аль нь тангараг өргөх бол?
-Сонгуулийн маргааныг шүүхийн журмаар шийдэх нь зүйд нийцнэ. Түүнээс бус сонгуулийн асуудлыг УИХ, нэг гишүүнийг хэсэг гишүүн нь шийддэг, аль эсвэл шийдэхгүй байдаг зүйл энэ хорвоод байхгүй. Шүүхийн журмаар болоод Үндсэн хуулийн хүрээнд шийдэх ёстой. Тэр нь Өвөрхангай юу, Увс уу гэдэг нь чухал биш. Бүх юм хууль дүрмийнхээ хувьд шийдэгдээсэй билээ гэж хүсэж байна.
-Та УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байгаа. Энэ хүрээндээ барилгын асуудлыг анхааралдаа авсан гэсэн үү?
-Засгийн газраас өргөн барьсан, АН-аас гаргаж байгаа хууль болгон биднийх. Бид нэгэн хөтөлбөртэй сонгуульд орсон. Тиймээс тэр хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн төлөө багаар ажиллаж байгаа. Хувь гишүүд хууль өргөн барих, тогтоолын төсөл санаачлах эрх нь байгаа. Энэ хүрээнд УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн ахлагчийн хувьд барилга, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжинд өөрчлөлт оруулах асуудлыг хариуцаад ажиллаж байна. Өнгөрсөн долоо хоногт байнгын хороогоор хэлэлцүүлсэн. Ирэх долоо хоногт хуулийн төслөө УИХ-ын даргад өргөн барина. Ирэх онд барилгын улирал эхлэхээс өмнө барилгын үйлдвэрлэл, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орчинг үндсээрээ өөрчилсөн байх ёстой гэсэн байр сууринд байгаа.
-Барилга тойрсон асуудал ар, араасаа л гарлаа. Олон хүн гэмтэж, амь насаа алдсан тохиолдол ч бий. Тэгэхээр энэ бүгдийг хуулиар цэгцэлж өгнө гэж ойлгож болох уу?
-Зөвшөөрөлгүй барилга баригддаг. Авлига албан тушаалын хүнд суртлаас болоод барилгын салбарт хүндрэл тулгарч байгаа. Дээр нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орчин, хяналт сул байгаагаас болоод иргэд амь нас, эрүүл мэндээр хохирох явдал газар сайгүй гардаг болсон. Жилд дунджаар барилгын ослоос болж 100 гаруй хүн амь насаа алдаж байна. Зам тээвэр, уул уурхайн салбарыг оролцуулахад үйлдвэрлэлийн осол  1700-2000 тохиолдол бүртгэгдэж байгаа явдал бий. Тэгэхээр монгол хүний алтан амь нас өдөр болгон эрсдэж байна. Үүнийг хэрхэн арилгах, монгол хүний амь настай холбоотой үнэт зүйлийг яаж хамгаалах вэ гэдэг нь чухал. Хуучин цагт барилгын хяналтыг төр хариуцдаг байсан. Өнөөдөр бол барилгын салбар хүчтэй хөгжиж байгаагаас болоод төрийн хяналт шалгалтын механизм хүчрэхгүй болсон. Тэгэхээр хяналт шалгалтын шинэ механизм бүрдүүлэх, эрх зүйн орчныг бий болгох зайлшгүй шаардлага тулгарч байгаа юм. Тиймээс УИХ-аар тогтоолын төсөл гаргаж, батлуулаад Засгийн газарт чиглэл үүрэг өгнө. Засгийн газар эрх зүйн шинэ орчныг бүрдүүлэх, барилгын салбарт стандарт гаргахаар ажиллах ёстой. Ирэх оны хаврын чуулганаар энэ чиглэлийн хуулийн төсөл хэлэлцэгдэж батлагдах болно.
-Ярилцсанд баярлалаа.

С.МӨНХБАЯСГАЛАН
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив