“Эрдэнэт”-ийн захирлуудын ээдрээтэй хувь заяа ба “Эрдэнэт”-ийг чиглэсэн эрх баригчдын нүүдэл
2012 оны 11 сарын 16
“Эрдэнэт”-ийн захирлуудын ээдрээтэй хувь заяа ба “Эрдэнэт”-ийг чиглэсэн эрх баригчдын нүүдэл
Монгол-Оросын хамтарсан "Эрдэнэт" үйлдвэрийн Совет өчигдөр хуралдлаа. Уг хуралд оролцохоор ОХУ-ын төрийн өмчит “Ростехнологи” компанийн ерөнхий захирал Сергей Викторович Чемезов иржээ. Уг нь “Эрдэнэт” үйлдвэрийн зөвлөлийн хурал оны сүүлийн сард болдог боловч энэ удаад арай эрт болж байгаа нь учиртай. Советийн хурлаар олон асуудал хэлэлцэхийн нэг нь “Эрдэнэт”-ийн даргын халаа сэлгээ. Монголд өнгөрсөн зургадугаар сарын сүүлээр болсон УИХ-ын сонгуулийн үр дүнгээр засаг солигдсон. Ингэснээр Төрийн яам, агентлагуудын дарга нар ээлж дараалан солигдож, улмаар төрийн мэдлийн компаниудын захирлуудын халаа сэлгээ үргэлжилсэн юм. Төрийн өмчийн “Эрдэнэс МГЛ”, “Эрдэнэс Тавантолгой” компаниудын удирдах зөвлөл, дарга нар солигдсоны дээр МИАТ, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захиралыг ч солив. Халаа сэлгээний дараагийн бай нь мэдээж төрийн түрийвчийн эх үүсвэр “Саалийн үнээ” гэгддэг “Эрдэнэт” үйлдвэр. Энэ үйлдвэрийн захирлын хувь заяа хэзээнээсээ л эрх баригчийн гарт байсан юм.

Хэдийгээр Оросоос С.В.Чемезов хүрэлцэн ирсэн ч монголчуудын гарт гол түлхүүр байгаа. Учир нь тус үйлдвэрийн 51 хувийг Монгол, 49 хувийг “Ростехнологи” эзэмшдэг. Тэгэхээр том хөзрөө дэлгэх эрх нь манай талд байна. Зарим эх сурвалжийн мэдээлснээр “Эрдэнэт”-ийн шинэ захиралд УИХ-ын гишүүн асан Д.Одхүү, Да.Ганболд, “Эрдэнэс MGL” ХК-ийн захирал асан Б.Энэбиш нарын нэр яригдаж байгаа аж. Эдгээрээс “Эрдэнэс MGL” ХК-ийн захирал асан Б.Энэбишийн магадлал тун бага байгаа бөгөөд өрсөлдөөн Д.Одхүү, Да.Ганболд хоёрын дунд өрнөх бололтой.

УИХ-ын гишүүн асан Д.Одхүү цагтаа Ш.Отгонбилэг агсны өрөөний хаалгыг эвдэж орж байсан. Тэр үед З.Энхболд Төрийн өмчийн хорооны дарга байсан бөгөөд Д.Одхүү гэдэг “цэрэг”-тэйгээ очиж Ш.Отгонбилэгийг унагасан гэдэг. Энэ хүнийг “цалин нэмсэн” гэж ажилчид нь ам сайтай байдаг байсан. Гэвч Ш.Отгонбилэг агсан 50 сая төгрөг шамшигдуулсан гэх хэрэгт холбогдсон.
Одоо Улсын Ерөнхий прокуророор ажиллаж байгаа Д.Дорлигжав “Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар ажиллаж байхдаа Кипр улсын банк руу 800 мянган ам.доллар зувчуулсан гэх хэрэгт холбогдоод амжсан.
УИХ-ын гишүүн асан Х.Наранхүүг “Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар ажиллаж байхдаа 10 гаруй тэрбум төгрөг хувьдаа завшсан гэгддэг бөгөөд энэ хүн одоо Н.Энхбаяр нартай хам хэрэгтэн болчихоод байгаа.

Ч.Ганзоригийн хувьд түүнийг Н.Энхбаяр Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа өөрийн дотнын хүн, мэдлэг боловсрол, үйлдвэр, худалдааны салбарт ажилласан туршлагаар нь онцлон “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирлаар томилохыг дэмжсэн гэдэг. Тиймээс 2007 оны арванхоёрдугаар сард хуралдсан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Зөвлөл өмнө нь Үйлдвэр, худалдааны сайд, Сангийн дэд сайдаар ажиллаж асан Ч.Ганзоригийг ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилж, 2008 оны нэгдүгээр сард жинхэлсэн юм. Харин өнгөрсөн оны 12 сард Ч.Ганзоригийн “Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар ажиллах бүрэн эрхийнх нь хугацаа дууссан боловч түүнийг нь сунгасан байдаг. Харин одоо Ч.Ганзоригийг УИХ-ын гишүүн Д.Хаянхярваад сонгуулийн үеэр тараах мөнгийг нь Эрдэнэт үйлдвэрээс гаргаж өгсөн хэмээн яригдах болсон. Тиймээс Д.Хаянхярвааг эгзэг нь таарвал эгүүлэн татаж мэдэхээр байгаа.

Монгол-Оросын хамтарсан “Эрдэнэт” үйлдвэрийн захирлуудын хувь заяа нэг иймэрхүү. Харин одоо тус үйлдвэрийн даргын марафонд хэн түрүүлэх вэ гэдэг нь олны сонирхлыг татаж байна. Марафонд дээр хэлсэнчлэн УИХ-ын гишүүн асан Д.Одхүү, Да.Ганболд, “Эрдэнэс MGL” ХК-ийн захирал асан Б.Энэбиш нар яригдаж байгаа.
Б.Энэбиш саяхан “Эрдэнэс МГЛ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын албаа сайн дураараа өгсөн. Гэтэл энэ нь алсын хараатай зүйл байсан гэх нь байна. Учир нь тэрбээр Ерөнхий сайд Н.Алтанхуяг, УИХ-ын дэд дарга С.Баярцогт нартай үй зайгүй гэр бүлийн найзууд төдийгүй “Алтан гадас” фракцид харьяалагддаг гэнэ. Тиймээс “Эрдэнэс МГЛ”-ийн захирлаас “Эрдэнэт” нь илүү өгөөжтэй гэж үзсэн гэсэн яриа олон нийтийн дунд тархаад байгаа.

Харин Да.Ганболдын хувьд Монголын ардчилалд өөрийн гэсэн байр суурийг эзэлсэн, Төмөр замын хэрэг эрхлэх газрын дарга, Нийслэлийн Засаг даргын орлогч нэгэн. Гэвч энэ оны УИХ-ын 2012 оны сонгуульд Сонгинохайрханд нэр дэвшиж өвдөг шороодсоноос хойш албан тушаалын томилгоо бүрт нэр нь дуулдаж байгаа ч хойш нь сугарч үлдээд байгаа. Сайдын сэнтий, “Монгол банк”-ны ерөнхийлөгч, Монголын төмөр замын даргад нэр нь дуулдаж байсан ч аль алинд нь тэр очоогүй. Харин “Эрдэнэт”-ийн захиралд магадлалтай байгаа хэмээн эх сурвалжууд өгүүлж байна.
Тэгвэл УИХ-ын гишүүн асан Д.Одхүү нэгэн цагт Ш.Отгонбилэг агсныг эзгүй хойгуур хаалгыг нь эвдэж тамга тэмдгийг нь хүчээр авч, “Одхүүдэх” гэдэг нэр томъёог гаргасан. Гэтэл одоо мань хүн “Эрдэнэт”-ийнхээ захирал болох гэж зүтгэж явна. УИХ-ын дарга З.Энхболдтой тун дотно байдаг тэрбээр “Шонхор” фракцид харъяалагддаг. Түүнчлэн МоАХ-ны дарга Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгыг ч эргүүлдэн гүйх болсон. Сүүлийн үед Төрийн ордонд өнжих шахам эргэлдэх түүнийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг хүлээн зөвшөөрөх эсэх нь тодорхойгүй байгаа.
Ямартай ч энэ гурван эрхэм “Эрдэнэт”-ийн захирлын суудлын төлөө битүүхэн өрсөлдөж байна. Харин Зөвлөлийн хурал ямар шийдвэр гаргахыг хүлээх л үлдэх шив дээ.

Н.БУДСҮРЭН Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив