С.Сарантуяа: Ардын жүжигчин гэдэг цол надад ирэх болов уу гэж хүлээж байгаагүй
2012 оны 11 сарын 16
С.Сарантуяа: Ардын жүжигчин гэдэг цол надад ирэх болов уу гэж хүлээж байгаагүй
УДЭТ-ын жүжигчин С.Сарантуяаг Монголын Улсын ардын жүжигчин цол тэмдгээр энгэрээ мялаагаад байх тэрхүү агшинд цөөн хором ярилцлаа.

-Юуны өмнө Ардын жүжигчин хэмээх цол хүртсэнд www.info.mn сайтынхаа уншигчдын өмнөөс баяр хүргэе. Энэ сайхан цол тэмдгээр энгэрээ мялаалгах мөчид юу бодогдож байв?

-Үндэсний бахархлын өдрөөр энэ сайхан шагналыг хүртсэндээ маш их баяртай байна. Тэргүүний гэгдэх хүмүүстэйгээ, тэр дундаа театрын урлагийнхныгаа төлөөлөн энэ хүндтэй шагналыг авч байгаа нь азтай юм даа. Шагнал хүртэх тэр мөчийг үгээр хэлэхийн аргагүй, үнэхээр хувь тавилан надад энэ өдрийг хайрлажээ гэж бодогдож байлаа.

-Та олон сайхан дүрийг чадварлаг бүтээсэн, үзэгчдийн хайртай жүжигчний нэг. Харин хамгийн анх тайзнаа бүтээж байсан дүрээ дурсахгүй юу?

-Багшийн дээдийн кино драмын анги гэж байхад суралцаж, төгссөн. 1980 онд сургуулиа төгсөөд Улсын драмын эрдмийн театрт ирж ажиллаж байлаа. Түүнээс хойш өдийг хүртэл ажиллаж байна. Хамгийн анх авсан дүр гэвэл Ардын жүжигчин, Төрийн соёрхолт С.Оюун агсны зохиол “Ширүүн тулааны өмнө” жүжгийн Бурмаагийн дүр дээр ажиллаж байсан. Тэр дүрдээ их хайртай, одоо ч гэсэн сэтгэлээс гардаггүй. Магадгүй анхны дүр гэдгээрээ сэтгэлд хоногшсон болов уу.

-Театрт олон Ардын жүжигчинтэй мөр зэрэгцэн ажилладаг. Өөрөө Ардын жүжигчин болно гэдэг бас л бахархалтай хэрэг биз?

-Тэгэлгүй яах вэ. Манай театр олон сайхан алдартнуудтай. Энэ нэр хүндэд хүрнэ гэдэг театрын урлагийн ач, буян. Жүжигчний маань мэргэжил энэ нэр хүндийг авчирлаа.

-Театрт жүжигчнээр ажиллаад 32 жилийн дараа Монгол Улсын ардын жүжигчин болж байна. Энэ шагналыг хүртэх юмсан гэж өмнө нь бодож байв уу?

-Би Ардын жүжигчин гэдэг цол надад ирэх болов уу гэж хүлээж байгаагүй. Манай уран бүтээлчдийн эрхэм зорилго сайн жүжиглэж, сайхан дүр бүтээж ард олондоо хүргэх юмсан гэж боддог. Түүнийхээ төлөө ажиллана уу гэхээс цол тэмдгийн араас хөөцөлдөх нь уран бүтээлийн эрхэм зорилгод халтай шүү дээ.

-Та эмэгтэй, эх хүний дүрийг илүүтэй гаргадаг. Энэ дүрд тоглох нь ойр байдаг уу?

-Жүжигчин хүнд янз бүрийн дүр ирнэ. Сүүлийн үед голдуу ээжийн дүр оногдож байгаа. Насны хувьд ч гэдэг юм уу эх хүний дүр оногддог байх. Гэхдээ би ямар ч дүрийг бүтээж чадах ёстой гэж өөрийгөө зоригжуулдаг.

-Энэ жил театрынхаа үзэгчдэд ямар дүрүүдээр бэлэг барих гэж байна вэ?

-Төлөвлөсөн зүйл бий. Хамгийн гол нь сайхан дүрүүдийг гаргах юмсан гэж бодож байна.

-Та тайзны уран бүтээлээс гадна дэлгэцийн олон кинонд тоглосон. Магадгүй энэ шагналыг хүртэхэд энэ бүхэн нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй?

-Удахгүй шинэ бүтээлээрээ үзэгч олонтойгоо уулзана. Энэ зун бүтээсэн “Домогт Ану хатан” киноны Галдан бошготын эх Юм-Агс гэж хатны дүр дээр ажилласан. Жүжигчин хүн бүхнийг сөрж зогсдог. Би тэр эрч хүчээрээ л ажиллаж явна.

-Ярилцсанд баярлалаа.

С.БАЯСГАЛАН
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив