Хүүгээ тэвэрсэн ээж, Төр барилцсан түшээ аль аль нь монгол хүн
2012 оны 11 сарын 18
Хүүгээ тэвэрсэн ээж, Төр барилцсан түшээ аль аль нь монгол хүн
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Зүүнбүрэн сумын заагаар урсах Орхон, Сэлэнгэ голын бэлчрээр гол гаталж явсан найман хүн осолджээ. Тэднээс зургаан том хүн нь амьд гарч, найман сартай хүүгээ тэвэрсэн Н.Саранчимэг мөсөн дээр тэгнэн гол уруудсаар сураг тасраад удаж байна. Энэ явдал 13 хоногийн өмнө буюу арваннэгдүгээр сарын 4-ний өдөр болсон юм. Гэвч өнөө хэр нь ээж хүү хоёрыг олоогүй байна. Тэдний тухай эхний хэд хоногт шуугиж байгаад одоо ч амьд байхгүй биз хэмээж, одоо бараг мартах тийшээ хандлаа. Яагаад, юуны учир тэднийг зүгээр л мартаж болно гэж. Тэд бидэнтэй л ижил хөх толботой монгол хүн. Тэр тусмаа ширээний тавцангийн чинээ мөсөн дээр бяцхан хүүгээ элгэндээ тэвэрч, хэн нэг нь ирж аврахыг хүлээн, хөхнийхөө сүүг дуустал хүүгээ хөхүүлсэн ээжийг мартах ёсгүй.

Ой хүрээгүй хүүгээ тэвэрсэн 27 настай Н.Саранчимэг усанд урсаж байхдаа нөхөртөө “Ганбат аа, миний хань сэлээд байгаарай. Чи заавал амьд үлдэх ёстой. Хүүхдүүддээ нэг нь ч гэсэн амьд үлдэх хэрэгтэй. Чи чадна аа зүтгээд бай" хэмээн захиж байхдаа намайг аврах монгол хүмүн байгаа гэдэгт итгэж байсан. Тэрбээр усанд урсаж яваа ч нөхөр рүүгээ ирж яваа аюулыг хараад "Ханиа том мөс ирж байна. Доошоо ороорой" хэмээн хашгирч, ханиа авраад өөрөө урссан. Ийнхүү орилж байхдаа тэр өөрийгөө амьд үлдэнэ гэдэгтээ итгэж байсан биз. Түүгээр ч зогсохгүй тэрбээр харанхуйн дунд ойролцоо хөвөх эмэгтэйд хандаж "Цэрэнням эгч ээ, битгий сандраарай. Одоо хүмүүс ирээд голоос татаад авчихна. Гурвуулаа ямар голд живчихсэн биш. Мөсөн дээр хөвж яваа болохоор амьд гарна л гэсэн үг. Намайг орилохоор хүү маань айгаад уйлаад, ээрээд байна. Та хүмүүст чимээ өгөөрэй. Би хүүдээ мөөмөө өгчихлөө.  Хүүгээ л норгохгүй юмсан” гэх зэргээр зоригжуулж байжээ. Гэвч ойрхон хөвж явсан Цэрэнням гуай голын эрэгт хүрээд Н.Санчимэгийг хүүгээ голын эрэг рүү шид гэхэд “Усанд унагаад урсгачихвал яах билээ” хэмээсээр урсан оджээ.

Түүнийг аврахаар Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрынхан очсон ч аврах багажгүйгээс аварч чадахгүй дэмий л гол даган гүйлдэж байсан гэнэ. Урсгал ус тэднийг хүүгээ тэвэрсэн эхийг аврахыг хүлээгээд зогсохгүй нь лав. Тиймээс үхэл амьдралтай тэмцсэн эх дэмий л орилсоор урсаа биз. Хамгийн сүүлд түүний тусламж эрэн орилох дууг Сэлэнгэ мөрний дагуух Хилийн заставт манаанд гарч байсан Хилийн цэргийн 0243 дугаар ангийн манааны ахлагч сонссон байна.

"Ядахдаа хүүг минь амьд дээр нь авчих л даа. Би та нараас гуйж байна. Авраарай" хэмээн чангаар орилох дууг хилийн цэргийнхэн сонссон ч түүнд бас л тусалж чадсангүй. Түүнээс цаашлаад Тавтын заставын харуул ч "Авраарай. Хүү бид хоёр энд байна. Авраач дээ" хэмээн орилон уйлах дууг нь сонссон ч мөн л аварч чадаагүй аж.
Үнэхээр үрээ гэсэн эхийн сэтгэл хэчнээн аугаа болохыг Н.Саранчимэг өөрийн биеэр бидэнд мэдрүүллээ. Тас харанхуй шөнө хүйтэн усанд хөвж явахдаа тэр хүүгээ дааруулахгүйн тулд өөрөө хэчнээн их даарсан бол доо. Онцгойгийнхон очоод аварч чадаагүй түүнийг алсад сүүмийх хилийн цэргийнхэн ч аварч чадаагүй учир тэднийг хил даван урссан байх хэмээн үзжээ. Гэвч тэд сураггүй л байна. Одоо амьд гэж итгэхэд бэрх. Гэвч алдсан хүн арван тамтай гэдэг шиг ээж хүү хоёрыг ар гэрийнхэн нь амьд л байгаасай хэмээн залбирч суугаа. Энд тэнд хэн нэг нь авраад байлгаж байгаа юм биш байгаа даа гэхчилэн тэд аль болох сайныг хүсэж байгаа. Харин тэднийг гэх эх орон байгаа эсэх нь эргэлзээ төрүүлж байна. Хийлдэг завинаас өөр гартаа барьсан зэвсэггүй Сэлэнгийн онцгойгийнхонд хэн найдах билээ. Өчигдөрхөн Сэлэнгийн Онцгойгийн даргыг ажлаас нь халсан гэх мэдээлэл цацагдсан. Тэр хүнийг ажлаас нь халаад яах ч билээ. Үнэхээр албан тушаалтныг ажлаас нь халаад амиа алдсан хүнийг босгоод ирдэг бол ингэхээс өөр яах ч билээ. Гэвч энэ арай биш юмаа.

Хэдэн жилийн өмнө буюу 2005 онд УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай Хөвсгөлд далайд завьтай явж байгаад алга болсон мэдээ цацагдаж байлаа. Тэр үед тэрбээр УИХ-ын гишүүн байсан тул түүнийг орон даяар онцгой анхаарч Онцгой байдлын албаныхныг дайчлан байж олсон. Гэтэл эрхэм гишүүн Л.Гүндалай ээждээ тэврүүлсэн Г.Шинэбаяр хоёр ижилхэн л монгол хүн байлтай. Өнгөрсөн хавар экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр өлсгөлөн зарлахад монголчуудын элэг эмтэрч байсан гэдэг. Ямар ч байсан түүний төлөө 100 гаруй мянган хүн гарын үсэг зураад байгаа. Гэтэл МАХН-ын дарга Н.Энхбаяр малчин бүсгүй Н.Саранчимэг хоёр хоёулаа л монгол хүн байлтай.
Яагаад, хэн ч хүүгээ тэвэрсэн эхийн төлөө дуугарахгүй байна вэ. Тэнд тэсгэм хүйтэнд голын усанд, дарга нарын суудаг том модон ширээ биш эгэл айлын жижигхэн ширээний тавцан шиг мөсөн дээр хүүгээ энгэртээ тэвэрч, хөхөө ширгэтэл хөхүүлсэн эхийн төлөө зовнихгүй байна вэ. Тэр бүсгүй урсаж явахдаа өмөлзөх үр хүүхэд, өмөөрөх эх оронтой гэдэгтээ итгэж байсан. Түүний амиа даатгасан мөс нь хөдөлбөл л унах тийм жижигхэн мөс шүү дээ. Яс, махаа таслан байж төрүүлсэн үрээ зүгээр нэг усанд урсгачихгүйн тулд тэрбээр өөрөө хөлдөж, хөдөлж чадахгүй болтлоо л үхэлтэй тэмцсэн байж таараа.

Үртэй ижий бүхэн, ээжтэй хүн бүхэн тэднийг санах ёстой. Төр засгийн өндөрлөгүүд ээжээс л төрсөн баймаар. Ганц нисдэг тэрэг явуулаад хүүгээ тэвэрсэн эхийг аврахын оронд Чингэсийн төрсөн өдөр тэмдэглээд, сонгууль яриад сууж байж болно гэж үү. Бидний цөөхөн монголчуудад нэг ч гэсэн халуун амь алт, эрдэнэс, албан тушаалаас үнэтэй. Бид дайн болж буй улсаас илүүтэйгээр зуурдаар, өвчнөөр бие биенээ алдаж байна. Хэн нэг нь улс төр ярьж, албан тушаал хөөцөлдөхөөс илүү зуурдын агаад гэнэтийн ослоос монгол хүний халуун амийг илүүд үзэж, тэднийгээ аварч чаддаг баймаар...

Н.БУДСҮРЭН
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив