АН-ынхан сонгуулийн дүнд нөлөөлөхөөр улайрч байна
2012 оны 11 сарын 28
АН-ынхан сонгуулийн дүнд нөлөөлөхөөр улайрч байна
Аймаг, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгууль болоод тав хоног болж байна. Гэсэн ч орон нутгийн сонгуулиар аль нам, хэн гэдэг нэр дэвшигч ялалт байгуулсан нь одоо хэр нь тодорхойгүй л байна. Үүнийг олон нийт ирц хүрээгүйгээс үүдэлтэй хэмээн ойлгож байна. Сонгуулийн ерөнхий хорооныхон ч сонгууль болсны маргааш буюу арваннэгдүгээр сарын 22-ны өдөр ийм тайлбар хийж байсан. Тэд гурван аймгийн мэдээ ирээгүй байна. Үүнийг нэгтгээд албан ёсны дүнг зарлана гэсэн. Гэтэл нөгөө талаас орон нутгийн хурлын сонгуулийн дүн гарахгүй удаж байгаа нь саяхан батлагдсан хуультай холбоотой аж. Хуулиараа орон нутгийн сонгуулийн хороо бүх дүнг нэгтгэн гаргаад ИТХ-даа өргөн мэдүүлдэг гэнэ. Үүний дараа ИТХ нь Сонгуулийн ерөнхий хороонд мэдүүлдэг байна. Энэ бас хачирхалтай заалт шүү. Яагаад УИХ-ын сонгуулийн дүнг шууд авч болоод байсан СЕХ Орон нутгийн хурлын сонгуулийн дүнг ИТХ-аар нь дамжуулж авах гэж. Үүнд л нугалаа байгаад байна. Нөгөөтэйгүүр гуравхан аймгийн сонгуулийн мэдээ ирмэгц Орон нутгийн хурлын сонгуулийн дүнг танилцуулна гээд байсан Сонгуулийн ерөнхий хороо яагаад таг чиг болчихов оо. Хуульдаа таваас долоо хоногийн дотор дүнг олон нийтэд зарлана гэж заасан болохоос тэр хүртэл зарлаж болохгүй гээгүй шүү дээ. Түүнчлэн Сонгуулийн ерөнхий хорооныхон УИХ-ын сонгуулийн дүнг урьдчилсан байдлаар хэдэн цагийн зайтай мэдээлж болоод байсан. Гэтэл энэ удаа тэд хэдэн цагийн зайтай байтугай хэд хоногийн зайтай ч зарлахгүй байгаа нь ямар учиртай вэ.
Тэд үнэндээ “Амаа үдүүлчихсэн” болохоор тэр. СЕХ-г Н.Алтанхуяг тэргүүтэй АН-ынхан гартаа авчихаад “Олон нийтэд нэг ч мэдээлэл хүргэж болохгүй” гэж үүрэгдсэн сурагтай. Арга ч үгүй биз. Сонгуулийн ерөнхий хороо урьдчилсан байдлаар дүнгээ танилцуулаагүй байхад АН-ын дарга, Монгол Усын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Төрийн ордонд сэтгүүлчдийг цуглуулан “Орон нутгийн хурлын сонгуульд манай нам хавтгайд нь яллаа” хэмээн мэдээлчихсэн. Үүнд нь олон нийт итгэсэн учраас АН-ынхан албан ёсны дүнг өөрсдийн мэдээлснээр гаргахыг эрмэлзэж байгаа хэрэг. Үнэндээ нийслэлийн есөн дүүргийн хоёроос бусад нь ялалт байгууллаа гэсэн.
Өнгөрсөн зун болсон УИХ-ын 2012 оны сонгуульд гадаадад ажиллаж, амьдарч буй монголчууд санал өгсөн. Тэгэхдээ хувь хүнд биш намд санал өгсөн билээ. Тэдний саналыг урьдчилан аваад, УИХ-ын сонгуулийн дараа нэгтгэн гаргасан. Энэ нь олон нийтэд багагүй эргэлзээ төрүүлээд амжсан юм. Учир нь УИХ-ын сонгууль болохоос хэд хоногийн өмнө гадаадад байгаа монголчууд саналаа өгсөн өдрөөс эхлэн АН-ынхан “Гадаадад байгаа монголчууд АН-ыг сонголоо” хэмээн зарлаж эхэлсэн. Үүнийг хүмүүс үнэндээ “Тархи угаах” оролдлого гэж байсан ч яг сонгуулийн дүн гарахад үнэхээр АН-ынханы хэлснээр болсон билээ. Тэд гадаадад байгаа монголчууд АН-ыг сонгосон гэдгийг яаж урьдчилан мэдсэн юм бол. Сонгуулийн дүн яагаад тэдний хэлснээр гарсан гэж. Энэ мэтчилэн асуулт хариугаа хүлээсээр мартагдсан ч Орон нутгийн хурлын сонгуулиар АН-ынхан яг л энэ аргаа хэрэглэж байна. АН үнэхээр хавтгайд нь ялчихав уу.
Үнэндээ Орон нутгийн хурлын сонгуульд АН-ынхан өөрсдөө хэлээд байгаа шигээ ялалт байгуулсан нь хуудуутай гэдгийг зарим эх сурвалжууд хэлж байна. Учир нь АН-ын ялалт байгуулсан гээд байгаа дүүргүүдэд сонгогчдын ирц хүрээгүй юм байна. Тэгэхээр нэгэнт “Бид бүр олуулаа болчихлоо” гээд зарлачихсан АН-ынхан, АН-ын дарга Н.Алтанхуяг нар өөрсдийн зарласныг баталгаажуулах хэрэгтэй болно. Ингэхийн тулд тэд үнэхээр өрөвдмөөр арга хэрэглэж байгаа гэнэ. Үүнд нь УИХ-ын дарга З.Энхболд ч оролцож байгаа сурагтай. Эх сурвалжийн хэлснээр УИХ-ын дарга З.Энхболд нийслэлийн ирц хүрээгүй дүүргүүдэд УИХ-ын сонгуулиар санал өгсөн гадаадад ажиллаж, амьдарч буй монголчуудын саналыг нэмж тоолох санал тавьсан гэнэ. Тиймдээ ч Гадаад харилцааны яамны мэргэжилтэнг дуудаж энэ талаар зөвлөлдсөн тухай эх сурвалж хэллээ. Хэрэв энэ үнэн бол харамсалтай л юм. Үгүй яах вэ. Тэртэй тэргүй гадаадад байгаа монголчууд АН-ыг сонгосон гэж байгаа. Тэгэхээр тэдний саналыг нэмж тоолбол нийслэлийн сонгогчдын ирц бүрдэж, АН ялалт байгуулна гэсэн үг. Гэтэл үнэндээ энэ бол хууль зөрчиж байгаа хэрэг. Аймаг, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд тухайн нутаг дэвсгэрт тогтвортой оршин суудаг иргэн хамрагдана эж заасан байгаа. Тэгвэл гадаадад ажиллаж, амьдарч байгаа монголчуудыг орон нутагтаа тогтвортой оршин суусан гэж үзэхгүй.
Үүний дээр нийслэлийн Баянзүрх дүүрэгт УИХ-ын сонгуулийн дахин санал хураалт болсон. Үүнд МАН-ын хоёр гишүүн хоорондоо өрсөлдсөн юм. Гэтэл энэ ч бас нэг шоу болон хувирах бололтой. Учир нь Баянзүрх дүүргийн 79 хэсгийн хорооны 25-д нь ирц хүрсэн, 54 нь ирц хүрээгүй гэж байгаа. Гэхдээ УИХ-ын сонгуулийн дахин санал хураалтаар ирц хүрсэн хүрээгүй, УИХ-ын сонгуулийн босго оноо болох 28 хувьд хүрсэн эсэх нь хамаарахгүйгээр аль илүү санал авсан нь ялалт байгуулдаг. Гэтэл УИХ-ын гишүүн асан Д.Арвин, Баянзүрх дүүргийн дарга Б.Батзориг хоёрт энэ нь үйлчлэхгүй бололтой.
Учир нь баянзүрхчүүд сонгуульдаа идэвхгүй оролцсон нь тэднийг сонгох дургүй байсных хэмээн зарим улстөрчид тайлбарлаж байна. Түүгээр ч үл барам одоо Баянзүрх дүүрэгт бүх намууд нэг нэг нэр дэвшигч тавьж, тэдний хооронд дахин санал хураалт явуулж болно ч гэж ярих УИХ-ын гишүүн байх юм. Түүгээр ч үл барам Орон нутгийн хурлын тухай сонгуулийн хуульдаа дахин гар хүрч, засвар хийх ч зүйлийг ярьж байна. Учир нь мөнөөх л ялалтын төлөө. Хэрэв АН-ынхан үнэхээр дээрх үйлдлүүдийг хийвэл монголчуудыг дэндүү доромжилж, дорд үзсэн хэрэг болно.
Төрийн толгойд гарсан эрхмүүдийн үйлдэл арай ч дэндлээ. Тэд олон нийтийг зүгээр л утсан хүүхэлдэй мэт үзэх болж. Бүхнийг өөрсдийн хүсэл тааллаар зохион байгуулж, өөрсдөдөө ашигтайгаар эргүүлэхийг хүсэж байна. Угтаа ард түмэн тэднийг шинэчлэлийг хийгээсэй хэмээн сонгосон баймаар. Арай ч ингэж доромжилно чинээ санаагүй. Монголчууд тэнэг биш. Тиймээс хэрэв АН-ынхан монголчуудыг дорд үзэх эл үйлдэл нь хэтэрвэл дуугүй суугаад байхгүй л болов уу.

Н.БУДСҮРЭН
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив