АН-ынхан албан тушаалыг бүр олуулаа хуваах гэнэ
2012 оны 11 сарын 28
АН-ынхан албан тушаалыг бүр олуулаа хуваах гэнэ
УИХ-ын 2012 оны сонгуулиар АН-ынхан “Хүн шиг амьдаръя Улс шиг хөгжье” гэсэн уриатайгаар оролцсон. Харин өнөөдрийн байдлаар харахад монголчууд улс шиг хөгжиж, хүн шиг амьдрахгүй нь тодорхой юм байна. УИХ-ын сонгууль болсноос хойш дөрвөн сар гаруйн хугацаа өнгөрлөө. Энэ бол хийе гэсэн хүнд багагүй зүйлийг амжуулах хугацаа. Гэтэл ард олны итгэлийг хүлээж УИХ-д олуулаа болж, Засгийн эрхийг гартаа авсан АН-ынхан өнөөдөр хүртэл нэг л зүйлийг их сайн хийв. Энэ бол албан тушаалын хуваарилалт буюу бялуу хуваалт.
Дөрвөн сарын хугацаанд тэд ийм л ажил хийлээ. Үүний үр дүнд төрийн албанд ажиллаж байсан өчнөөн хүн ажилгүйчүүдийн эгнээнд шилжих шив дээ. Албан тушаалын хуваарьлалт хэрхэн эхэлсэн нь их сонин. АН-ынхан Засгийн газраа бүрдүүлж амжаагүй байхад баатар Э.Бат-Үүл нийслэлийн Засаг дарга болохоор улайрч үүнийг нь өмнөх Ерөнхий сайд хүлээн зөвшөөрснөөр түүнийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч болгов. Тэрбээр албан тушаал аваад анхны томилгоогоороо Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ах Ц.Арсландоржийг нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын даргаар томилов. Энэ мэдээллийг сонссон монголчууд шуугиад эхлэхээр Ц.Арсандорж албан тушаалаа татгалзаж буйгаа зарласан. Энэ ч аргагүй биз. Ирэх жил Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байхад Ц.Элбэгдорж дахин өрсөлдөх нь тодорхой. Тиймээс сонгуульд ялалт байгуулахад сөрөг нөлөө үзүүлэх талтай. Учир нь Элбэгээ Ерөнхийлөгчийн хэлсэн “Төрд шүглэсэн төрлийн хэлхээг тасална” гэдэг амлалт бий. Тэгэхээр түүнд үүнээс өөр сонгол байгаагүй.
За харин үүний араас жинхэнэ төрийн алба төрлийн алба болон хувирах нь тэр. Ерөнхий сайд болсон Н.Алтанхуяг хүргэн дүү Г.Дэнзэнгээ Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга, дүүгээ Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга болгочихов. Г.Дэнзэн нь явсаар “Эрдэнэс тавантолгой” компанийн ТУЗ-ийн даргын албыг давхар хаших нь тэр. Тэдний араас Хуульзүйн сайд Х.Тэмүүжингийн дүү Х.Хулан Боловсрол, шинжлэх ухааны яамны Хуулийн хэлтсийн дарга, УИХ-ын дэд дарга С.Баярцогтын дүү С.Баярбат Эрчим хүчний яамны газрын дарга боллоо. Түүнчлэн УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж ах Ш.Төмөрбаатарыгаа Нийслэлийн өмчийн харилцааны дарга болгоод амжсан бол УИХ-ын гишүүн А.Бакей эхнэрээ бас нэг яаманд газар, хэлтсийн даргаар томилуулав.
Ах дүүсийн томилгоо үүгээр дуусаагүй сонсоод байхад ил далд нэлээд томилгоо явж л байгаа сурагтай. Хамгийн сүүлд л гэхэд АН угшилтай “Шударга ёс” эвслийн гишүүн Г.Уянга өөрийн нөхөр А.Баатархуягийг МОНЦАМЭ агентлагийн даргаар томилуулаад авав. Түүнчлэн УИХ-ын гишүүн Ж.Батзандан төрсөн ах Ж.Бат-Эрдэнийгээ Монголын цахилгаан шуудан компанийн ерөнхий захирлаар, С.Одонтуяа нөхөр н.Өлзийдүүрэнгээ Газрын тосны газрын дарга болгож дөнгөв.
Ах дүү, амраг садны томилгооны дараа туслахууд нэлээд дэвшиж байна шүү.  УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингийн туслах н.Номингэрэл Хууль зүйн яаманд, Гишүүн асан Г.Батхүү ч туслах бүсгүй н.Оюунцэцэгээ Боловсролын яамны Хяналт-мониторингийн газрын дарга болсон бол Хүн амын хөгжил, нийгэм хамгааллын сайд С.Эрдэнийн туслах Т.Сэр-Од орон нутгийн хурлын сонгуулиар нэр дэвшиж байгаа сурагтай. Төрийн албыг төрлийн алба болгох гэсэн бас нэг илрэл нь С.Эрдэнийг эхнэр хүүхэд бүр жолооч нь хүртэл энэ сонгуульд өрсөлдөж байгаа сурагтай.
АН-ынхан албан тушаалын аль амттайг шиж сонгохдоо тун сайн юм. Ер нь тэд өлсгөлөн бар шиг улс юм. Ханаж цадна гэдгийг мэдэхгүй. УИХ-ын сонгуулийн дараа дөрвөн сарын турш албан тушаалын хуваарилалт хийсэн АН-ынхан одоо бүр олуулаа дайрах гэнэ шүү.
АН-ынхан орон нутгийн хурлын сонгуулиар “Бүр олуулаа бүхлээр нь шинэчилье” гэсэн уриатай оролцож байгаа аж. Энэ уриаг харахад л тэдний юу хийх нь тодорхой байна. “Бүр олуулаа бүх албан тушаалын эздийг нь сольё” гэсэн үг юм биш үү.

Н.БУДСҮРЭН


Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив