МАН, МАХН-ынхан Г.Батхүү, Д.Зоригт, Ц.Оюунбаатар нарын эсрэг хүч хавсарна
2012 оны 11 сарын 30
 	 МАН, МАХН-ынхан Г.Батхүү, Д.Зоригт, Ц.Оюунбаатар нарын эсрэг хүч хавсарна
МАН-ынхан өчигдөр МАХН-ынхантай нууцаар уулзав. Тэд ийнхүү нууцаар уулзсан нь өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар таван гишүүний бүрэн эрхийг баталгаажуулах эсэх асуудлаар хэлэлцэхтэй холбоотой аж.
УИХ-ын чуулганы өнөөдрийн  хуралдаанаар СЕХ-ноос өргөн мэдүүлсний дагуу МАН-аас У.Хүрэлсүхийн оронд намын жагсаалтаар орж ирж байгаа Д.Сарангэрэл, Баянзүрх дүүргийн 22 дугаар тойргийн дахин сонгуулиар ялалт байгуулсан Д.Арвин, МАХН-ын эзгүй суудлын эзэн болох Ц.Оюунбаатар, Өвөрхангайн 10 дугаар тойрогт АН-аас нэр дэвшсэн Г.Батхүү, Д.Зоригт нарын талаар хэлэлцэж, тангараг өргүүлэх юм. Харин МАН-ынхан өнөөдрийн хуралдаанд саад хийж болзошгүй хэмээн судлаачид болон олон нийт үзэж байгаа. Учир нь өмнө нь АН-ынхан чуулганаар Г.Батхүү, Д.Зоригт нарыг тангараг өргүүлэхээр оруулж ирэхэд МАН-ынхан эсэргүүцэж Төрийн ордны дотор, гадаа зэрэг жагсаал цуглаан хийсэн. Урьд нь үргэлж алга ташилт, хүндэтгэлийн дор явж байсан МАН-ын лидерүүд болох С.Батболд, Ц.Нямдорж, Д.Дэмбэрэл тэргүүтэй УИХ дахь МАН-ын гишүүд чуулганы хуралдааны танхимын хаалгыг буйдангаар таглан хоёр хоног суулт зарласан билээ. Харин Сүхбаатарын талбайд МАН-ын гишүүд эсэргүүцлийн жагсаалыг хоёр хоног хийсэн.
Тэгвэл өнөөдөр УИХ дахь МАН-ын гишүүд олны яриад байгаа шиг буйдантай суулт хийхгүй, МАН-ын гишүүд дэмжигчид Сүхбаатарын талбайд жагсаал цуглаан хийхгүй нь тодорхой боллоо. Тэд аргаа өөрчилжээ. Өвөрхангайн тойргоос нэр дэвшигчдийн маргаан шүүхийн шатанд явж байгаа. Гэтэл Сонгуулийн ерөнхий хороо Г.Батхүү, Д.Зоригт нарын нэрийг УИХ-д өргөн барьсаныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа МАН-ынхан, “Шударга ёс” эвслийн 11 дэх суудал Н.Энхбаяр, түүний хүү Э.Батшугар хоёрын нэгийнх байх ёстой гэж үзсэн МАХН-ынхан нар чуулганы өнөөдрийн хуралдааны үеэр нууц хөзрөө дэлгэнэ.
Сонгуулийн ерөнхий хороо МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс намын жагсаалтаар орж ирж байгаа Ц.Оюунбаатарын нэрийг өргөн барьчихаад байгаа. УИХ-ын 2012 оны сонгуулийн дараа Ц.Оюунбаатар “Би намын даргаа хүндэтгэж, хүн чанар гаргаж байгаа тул одоохондоо тангараг өргөх бодолгүй байгаа” гэж хэлж байсан. Гэтэл сүүлийн үед тэрбээр “Би ирэх долоо хоногт тангаргаа өргөнө” хэмээн ярих болсон. Тэвчээрийн хязгаар байдаг гэдэг шиг түүний хүн чанар дууссан нь энэ хэмээн ярих хүн ч бий. Гэвч түүнийг МАХН-ынхан эсэргүүцэж байгаа. Гэвч МАН, МАХН-ын аль алинд нь хүч хүрэгдэхгүй болсон эл асуудал УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэгдэхээр болчихлоо.
МАН-ынхан яагаад буйдантай суултаа хийж болохгүй гэж. Тэд өмнө нь чуулганыг хуралдуулахгүй байж болоод л байсан шүү дээ гэх асуулт гарч ирнэ. Тэгвэл МАН-ынхан өнөөдөр буйдантай суулт хийвэл МАН-аас тангараг өргөх гэж байгаа Д.Арвин, Д.Сарангэрэл нар тангаргаа өргөж чадахгүйд хүрнэ. Тэгэхээр буйдангийн хэрэггүй болж байна гэсэн үг. Нөгөөтэйгүүр энэ хоёрыгоо тангараг өргүүлэх гээд чуулганы хуралдаанд оролцвол АН-ынхан олноороо хүч түрж Г.Батхүү, Д.Зоригт хоёрыгоо тангараг өргүүлчихнэ. Түүнчлэн Ц.Оюунбаатарын эсрэг байгаа МАХН-ынхан дэндүү цөөхүүл тул мөн л хүчин мөхөсдөнө. Тэдний эцсийн арга нь нэгдэж байж Г.Батхүү, Д.Зоригт, Ц.Оюунбаатар нарын эсрэг кноп дарах. Үүнээс өөр гарах гарц тэдэнд үлдсэнгүй.
Тэгвэл УИХ дахь МАН, МАХН-ын гишүүд нийлээд АН-аас олон болж чадахгүй бол яах вэ гэдэг асуулт ч мөн гарч ирж байна. УИХ-д одоогоор МАН-ын 24, МАХН-ын зургаан гишүүн байгаа. Тэд нийлээд дөнгөж 30 болно. Гэтэл УИХ 70 гишүүнтэй байгаа тул тооны харьцаа мөн л дутна. Хэрэв МҮАН-ынхан “Шударга ёс” гэдэг нэрээ хамгаалахыг хүсвэл дөрвүүл МАХН-ынхантайгаа ижил байр сууринд байна. Тэгэхээр тэд 34 болно. Ингэсэн байхад учиртай. УИХ-д бие даагч гурван гишүүн байгаа. Тэднээс С.Ганбаатар, Ц.Даваасүрэн нар тэдний талд зогсох нь тодорхой. Үүний дээр ИЗНН-ын хоёр гишүүний сонголт байна. Ингэхээр бараг л асуудал шийдэгдчихэж байгаа юм. Бас болоогүй УИХ дахь АН-ынхан дотор Х.Баттулгаас эхлээд Г.Батхүү, Д.Зоригт нарын эсрэг кноп дарах нөхдүүд цөөнгүй бий.
Ингэхээр шүүхийн шийдвэрийг өөрсдийн талд гаргуулж, СЕХ, Үндсэн хуулийн Цэцийг ч гартаа авсан гэгдэж буй Г.Батхүү, Д.Зоригт нар ямарч саадгүйгээр УИХ-ын танхимд орж ирсэн ч эсрэг кнопны өмнө хүчин мөхөсдөж магадгүй ажээ. Ямартай ч өнөөдрийн дүр зураг нэг иймэрхүү харагдаж байна. Хуралдааны шийдвэрийг харах л үлдээ.

Н.БУДСҮРЭН
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив