Чуулганы танхим нээлттэй ч гишүүд хуралдаандаа суугаагүй долоо хоног
2012 оны 12 сарын 3
Чуулганы танхим нээлттэй ч гишүүд хуралдаандаа суугаагүй долоо хоног
Өнгөрсөн долоон хоногт улс төрийн амьдрал эрээнтэй, бараантай өнгөрлөө. Нэг хэсгийнх нь ажил ид өрнөж байхад Төрийн ордонд ажил зогсонги байв. Харин Н.Алтанхуягийн тэргүүлсэн Шинэчлэлийн Засгийн газар 100 хоногт хийсэн ажлаа олон нийтэд танилцууллаа. Яамдад хөл хөдөлгөөн ихтэй өнжсөн хэрэг л дээ. Засгийн газрын тэргүүн ирэх дөрвөн жилд шинэчлэл хийнэ гэж амласан удаатай. Тиймдээ ч яамдыг хэрхэн ажиллаж, цаашид юу хийж хэрэгжүүлэх вэ гэдгээ танилцуулах даалгавар өгсөн билээ. Тиймээс өнгөрсөн долоон хоногт сайд нар завгүй, ажилчид нь амрах завгүй өнгөрүүлсөн юм.
    Орон нутгийн хурлын сонгуулийн санал хураалт энэ сарын 21-нд болсон. Гэвч энэ өдрөөс хойш сонгуулийн дүнг албан ёсоор танилцуулах байгууллага байсангүй. Учир нь Сонгуулийн ерөнхий хороо тухайн аймаг, сум дүүргийн сонгуулийн хороод мэдээллээ нэгтгэж ИТХ-даа уламжилсаны дагуу олон нийтэд мэдээлэх ёстой гэж гүрийв. Ингэсний эцэст өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн мэдээлэл хийж, 21 аймгийн дүн болоод нийслэлийн гурван дүүрэгт аль нам ялалт байгуулсаныг албан ёсоор зарлалаа. Гэвч 147 хэсэгт дахин санал хураалт явуулахаар болж, энэ долоо хоногийн сүүлийн өдрүүд мөн л сонгуулиар амьсгаллаа.
    Харин улс төрийн амьдралд өрнөсөн эрээнтэй, бараатай зүйлийг онцлоход таван гишүүний тангараг өргүүлэхтэй холбоотой асуудал байв. МАН-аас Д.Сарангэрэл, Д.Арвин, АН-аас Д.Зоригт, Г.Батхүү, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс Ц.Оюунбаатар нар УИХ-д орж ирж, гишүүнийхээ бүрэн эрхийг баталгаажуулах байсан юм. Гэвч Өвөрхангайн X тойргийн маргаанаас болж Төрийн ордны ажил зогсонги байдалтай болсон хэрэг. Зарим гишүүний тангараг өргөхүүлэхийг хэлэлцэх гэж чуулганыг хуралдуулах гэхээр МАН-ынхан гэдийж, танхимдаа орж ирэхгүй байдлаа энэ удаа ч гэсэн гаргав. Өмнө нь ингэж байсан гэсэн үг. Үнэн хэрэгтээ Өвөрхангайн X тойргоос УИХ д МАН-ын гишүүн С.Чинзориг, Н.Төмөрхүү нар биш АН-ын хоёр тангараг өргөхөөр болсон нь гол асуудал. Тэр ч утгаараа эдгээр нэр дэвшигчийн гомдлын хариуг Улсын дээд шүүхээс ирүүлсэний дараа тангараг өргүүлэх эсэхийг шийдье гэж МАН-ынхан АН-тай тохиролцсноор пүрэв, баасан гарагт товлогдсон чуулганы хуралдаан хойшлогдсоор байгаа юм. Гэхдээ УИХ дахь МАН-ын гишүүд чуулганы танхимыг хааж, буйдантай суулт хийдгээ үргэлжлүүлсэнгүй. Чуулганы танхим нээлттэй ч гишүүд хуралдаандаа суугаагүй ийм л долоо хоног өнгөрсөн нь энэ. Нөгөөтэйгүүр Сонгуулийн ерөнхий хороо МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс намын жагсаалтаар орж ирж байгаа Ц.Оюунбаатарын нэрийг УИХ-ын даргад өргөн барьчихаад байгаа. Гэвч түүнийг МАХН-ынхан эсэргүүцэж байгаа гэх нь бий. Төрийн ордонд МҮАН ын дарга М.Энхсайхан намын нөхөдтэйгээ сэмхэн хуралдсан явдал ч гарсан билээ. Түүнчлэн МАН ынхантай тохиролцоо хийсэн юм.
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнай “Ник” компанид дөрвөн тэрбум 965 сая төгрөгийн торгууль ногдуулав. Нефть импорлогч компаниуд тэр дундаа “Ник” шатахуун хомсдсон гэж үнээ нэмсэн ч шалгалтаар шатахуун нь ердийн хэрэглээтэй байсан аж. Иймээс ШӨХТГ-аас “Ник” компанид хариуцлага тооцсон нь энэ.

С.БАЯСГАЛАН
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив