Г.Батхүү, Д.Зоригт нараас болж “Алтангадас”, МоАХ-ныхны хагарал дахин сэдэрлээ
2012 оны 12 сарын 4
Г.Батхүү, Д.Зоригт нараас болж “Алтангадас”, МоАХ-ныхны хагарал дахин сэдэрлээ
УИХ-ын чуулганаар нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг батламжлах асуудал хэлэлцэх гэтэл чуулган гацаанд орчихов. Чуулганы хуралдааныг гацаасан гол эзэд нь Өвөрхангайн X тойрогт АН-аас нэр дэвшигч Г.Батхүү, Д.Зоригт нар. Тэднээс болж УИХ дахь МАН-ын гишүүд түмний доог болон байж буйдантай суулт зарлаж, чуулганыг хуралдуулахгүй байж чадсан. Тэдэнтэй Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж элбэлцэн байж Г.Батхүү, Д.Зоригт нарын тангараг өргөх асуудлыг хойшлуулсан юм. Гэсэн ч нэмэр болсонгүй олны үзэж байгаагаар шүүх засаглалыг гартаа авсан гэх Г.Батхүү, Д.Зоригт нарын нэрийг СЕХ дахин өргөн барьж, тэдний УИХ-ын гишүүний бүрэн эрхийг батламжлахаар болов. Гэтэл энэ удаад МАН-ынхан буйдантай суулт хийсэнгүй. Тэд зүгээр л чуулганы хуралдаанд оролцсонгүй. Гэтэл тэдэнтэй, тэдэнгүй ирцээ бүрдүүлээд чуулганаа хуралдуулчихдаг байсан АН-ынхан энэ удаад чуулганыг хуралдуулж чадсангүй. Ирц хүрээгүй буруугаа тэд “Шударга ёс” эвслийнхэн рүү чихэж байгаа сурагтай. Үгүй яах вэ. Ингэх нь аргагүй. Учир нь УИХ-д эзэнгүй байгаа “Шударга ёс” эвслийн нэг суудлыг МАХН-ынхан Н.Энхбаяр, Э.Батшугар хоёрын нэгнийх нь хэмээгээд өмчилчихсөн. Гэтэл эвслийн жагсаалтын дагуу Ц.Оюунбаатар байгаа тул түүний нэрийг СЕХ өргөн барьсан. Тиймээс МАХН-ынхан энхрий хайрт удирдагчийнхаа эсвэл түүний хүүгийн суудлыг Ц.Оюунбаатарт өгөхгүй гэсэндээ МАН-ынхантай гар барилцсан хэрэг.
Тэгвэл үнэн хэрэгтээ УИХ-ын чуулган хуралдаж, Г.Батхүү, Д.Зоригт нарын гишүүний бүрэн эрхийг батламжилж чадаагүй нь АН-ынханы дотоод хагарлаас үүдэлтэй хэмээн эх сурвалж хэллээ. АН бол өөр, өөрийн эрх ашиг бүхий бизнесийн бүлэглэлүүдийн нэгдэл. Тэд дуртай үедээ нэгдэж, дургүйгээ хүрвэл задардаг. Үүний нэг тод илрэл нь АН-ынхан 2009 онд болсон Ерөнхийлөгчийн сонгуулиар анх удаа дотоодын бүх фракци, бүлэглэлүүдээ нэгтгэж чадсан. Ингэж чадсанаараа Ц.Элбэгдоржийг Монгол Улсын Анхны ардчилсан Ерөнхийлөгч хэмээн дуудуулж чадсан.
Тэгвэл энэ удаад АН-ын хагарлын эхлэлийг “Алтангадас”, МоАХ-ныхон эхлүүллээ. УИХ-ын сонгуулийн дүнд олон болсон АН-ынхан албан тушаалыг аль болох тэнцүү хуваарилахыг хичээсэн. Н.Алтанхуяг Шонхор, Ардчилсан хүчний холбоо, МҮДН, МоАХ-ны гол гол лидерүүдийг зохих суудалд нь тавьсан юм. Тиймээс одоохондоо “Шонхор” фракцийнхан “Алтангадас”-ыг эсэргүүцэхгүй байгаа. Учир нь олон нийтийн хэлдгээр З.Энхболдыг хууль зөрчин байж УИХ-ын дарга болгочихсон. Тиймээс “Шонхор”-ынхоны ам одоохондоо” үдээтэй” байгаа. Харин нэг нөхөр л сондгойрч гарч ирчихээд байна. Тэр бол “Женко” Х.Баттулга. Шалтгаан нь Г.Батхүү, Д.Зоригт нар. “Женко” анхнаасаа л энэ хоёрыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Түүнийтэй цуг МоАХ-ныхон ч тэднийг эсэргүүцэж байгаа нь Н.Алтанхуягийн “Алтангадас”-ынханы дургүйг ихэд хүргэж байгаа гэнэ. Үүний дээр Н.Алтанхуягийн сэтгэлийн зовлонг нэмж байгаа бас нэг асуудал байна. Г.Батхүү, Д.Зоригт нарыг эсэргүүцсэн МАН-ын эсэргүүцлээс гадна “Шударга ёс” эвсэл түүний толгойг өвтгөж, айдаст автуулаад байгаа. Учир нь хэрэв МАХН-ынхан Н.Энхбаяр, Э.Батшугар хоёрын нэгийг заавал УИХ-д суулгана гэсэн хэвээр байвал эцэстээ эвсэл хүссэн хүсээгүй задрахад хүрнэ. Үүнээс болж Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээр огцроход хүрнэ. Магадгүй Н.Алтанхуяг, Х.Баттулга нарын хагарал хурцадвал Засгийн газрын үйл ажиллагаанд ч нөлөөлж мэднэ. Тэгэхээр АН-ынхан засгийн эрхийг гартаа авсан 1996-2000 онуудад дөрвөн Засгийн газар байгуулагдаж байсан түүх давтагдаж мэдэхээр байна.

Н.БУДСҮРЭН
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив