МАХН-ынхан Засгийн газраас гарахаар сүрдүүлэв
2012 оны 12 сарын 5
МАХН-ынхан Засгийн газраас гарахаар сүрдүүлэв
МАХН-ын Гүйцэтгэх товчоо өчигдөр орой хуралдаж, Засгийн газраас гарахаа мэдэгдлээ. Шалтгаан нь мэдээж намын дарга Н.Энхбаяртай холбоотой. Өнгөрсөн дөрөвдүгээр сард АТГ-ынхан МАХН-ын дарга Н.Энхбаярыг сүр дуулиантайгаар баривчилж, түүнд хоёр ч шатны шүүх хурлаар дөрвөн жилийн ял оноосныг улс төрийн хэлмэгдүүлэлт гэж үзэж байгаа. Анхан шатны шүүх хурлаас Н.Энхбаярт хорих ял оноосны дараахан шинэ Засгийн газрыг бүрэн бүрдүүлж ч амжаагүй байхдаа МАХН-ынхан улс төрийн хэлмэгдүүлэлтээ зогсоохгүй бол Засгийн газраас гарна гэдгээ мэдэгдэж байсан. Гэвч тэд өнөөг хүртэл Засгийн газраас гараагүй байсан. Гэхдээ өчигдөр орой ийм шийдвэр гаргалаа. Үнэндээ МАХН-ынхан хамтарсан Засгийн газрын аль өнгөтэй, өөдтэй суудал бүрийг авч байсан. Тэр бүү хэл Шадар сайдтайгаа гурван сайдын суудал авсан тэд эвсэл байгуулсан МҮАН-ынханд ганцхан суудал өгсөн. Үүний дээр дэд сайдуудыг ч өөрийнхөө намынханаас сонгосон. Түүнчлэн Н.Энхбаярын хүү Э.Батшугарыг Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр томилуулж чадсан. Энэ бүгдийг зөвхөн Н.Энхбаяр гэдэг хүнийг улс төрийн зорилгоор хэлмэгдүүлж байна гэсэн шантаажийн дор авсан гэдгийг олон нийт хэлж байгаа. Тэд бялууны амттайг нь өөрсдөө хүртээд арай шим муутайг нь МҮАН-ынхандаа өгдөг гэсэн хошин үг ч явдаг.

Үүний дээр УИХ дахь “Шударга ёс” эвслийн 11 дэх суудал. МАХН-ынхан 11 дэх суудлаа Н.Энхбаяр, Э.Батшугар хоёрын нэгийнх байх ёстой гэдгээ аль эрт мэдэгдсэн. Гэтэл Сонгуулийн ерөнхий хорооноос намын жагсаалтад бичигдсэн Ц.Оюунбаатарын нэрийг өргөн бариад байгаа. Харин МАХН-ынхан энхрий хайрт намын дарга, түүний хүү хоёрт өмчилсөн УИХ-ын нэг суудалд Ц.Оюунбаатарыг суулгахгүйн тулд өнгөрсөн долоо хоногт байнгын хороо, УИХ-ын чуулганы хуралдааныг хуралдуулахгүй байж чадсан. Түүнчлэн “Шударга ёс” эвслийн бүлэг өчигдөр хуралдаж Ц.Оюунбаатарын оронд Э.Батшугарыг оруулж ирэхээр хэлэлцсэн гэж байгаа. Үгүй энэ Э.Батшугар гэдэг хүнд Монголын төр ямар өртэй юм бэ. Түүний эцгийг АТГ баривчилж, шүүхийнхэн ял оноосных төлөөсөнд айл гэр болж тоглож байгаа хүүхэд шиг Э.Батшугарт албан тушаал өгч, авч байгааг юу гэж ойлгох вэ. Хэр баргийн аавын хүүд олддоггүй Монголбанкны дэд ерөнхийлөгчийн суудлыг Э.Батшугар зүгээр л бэлгэнд авсан. Гэтэл энэ нь багадаад Төрийн ордонд залрах гэнэ. Ёстой л үлгэрт гардаг эрх гүнжийн амьдралтай хүн юм гэхээс өөр хэлэх үг алга даа. Гэтэл Н.Энхбаярын хүүг эрхлүүлэн тоглож байгаа МАХН-ынхан одоо Засгийн газраас гарахаа мэдэгдэж байна.

Энэ бүгдээс Монголын төр “Шударга ёс” эвслийн шуналд идэгдлээ гэж харагдаж байна. Тэд үнэхээр ханаж цадахаа мэдэхгүй байх шиг ээ. Үнэхээр Н.Энхбаярыг улс төрийн зорилгоор хэлмэгдүүлж байна гэж үзсэн юм бол анхнаасаа яах гэж АН-ынхантай гар барилцан засагт орсон юм бэ. Тэд Засгийн газраа бүрдүүлж эхлэхдээ л задрах нь тодорхой байсан. Ядаж л эвслийг нэгтгэсэн Н.Энхбаяр, М.Энхсайхан хоёр эвслийг задлахаар шийдсэн гэдэг нь хоёр сарын өмнө бараг тодорхой болсон. Харин “Шударга ёс” эвсэл задрах эхлэлийг Н.Энхбаярынхан тавьлаа.

МАХН-ынхан “Шударга ёс” эвсэл гээгүй МАХН-ын гишүүд Засгийн газраас гарна гэж байгаа нь эвсэл задарч байгааг илэрхийлж байна. Эвсэл задарвал эвсэлтэй гэрээ байгуулж, хамтран Засгийн газар байгуулсан Н.Алтанхуяг яах вэ. Мэдээж эвсэл задарвал Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорно.
Ямартай ч МАХН-ынхан Засгийн газраас гарахаа илэрхийллээ. Харин шатрын хөлгийн дараагийн нүүдлийг МҮАН-ынхан болон Н.Алтанхуяг хэрхэн нүүх бол...

Н.БУДСҮРЭН
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив