Я.Содбаатар: МАН-ын гишүүд УИХ-д ирц бүрдүүлэх хэмжээнд ажиллана гэвэл үгүй
2012 оны 12 сарын 6
 	 Я.Содбаатар: МАН-ын гишүүд УИХ-д ирц бүрдүүлэх хэмжээнд ажиллана гэвэл үгүй
МАХН Засгийн газраас гарах, МАН-ыг бүлэгтэй болгох асуудалд АН-ынхан завсарлага авсан халуухан үйл явдал улс төрийн хүрээнд өрнөлөө. Үүнтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Я.Содбаатартай ярилцлаа.

-Өнгөрсөн долоо хоногт Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүдийн ирц хүрээгүй гэдгээс МАН-ын бүлгийг байгуулах асуудлыг хойшлуулсан. Гэтэл өчигдөр АН-ынхан яг энэ асуудлаар завсарлага авлаа. Үүнийг юу гэж үзэж байна вэ?
-УИХ дахь МАН-ын бүлгийг байгуулах асуудалд бүх л хэлбэрээр чаргуулдаж, удаашруулж байна л даа. Өнөөдөр байгаа эрх зүйн орчин, ард түмний сонголтын хүрээнд МАН-ын бүлэг байгуулагдана. Хүссэн ч, эс хүссэн ч бүлгийг байгуулах юм.  Харин цаг хугацааны асуудал бий. Улс төрд өрсөлдөөн, тэмцэлдээн байдаг. Гэхдээ юмныхаа мөн чанар, зарим асуудлын тохироон дээр монголчуудын хэлдгээр эр хүн шиг байдаг тийм зан чанараа барьж үлдээсэй гэж харж байна. Улс төрд явж байгаа муухай үзэгдэл дахиад л даамжирч байна.

-Тухайлбал ямар үзэгдэл даамжирч байна гэж...?
-Өвөрхангай аймгаас сонгогдсон хоёр гишүүний асуудлыг  шийдвэрлэхэд бүлэг байгуулахыг барьцаалдаг ч юм уу. Тодорхой нэг улс төрийн үйл явц өрнөхөөр түүнийг өөр үйл явдлаар барьцаалдаг. Нэг талдаа барьцааны улс төрийг АН-ынхан олон жил хийж ирсэн. Энэхүү буруу соёл нь өнөөдөр ч гэсэн яваад байгаад эмзэглэж байна. УИХ-ын тухай хууль, УИХ-ын дэгийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах асуудал ганцхан МАН-ын УИХ дахь бүлгийн асуудлыг шийдэж байгаа юм биш. Цаана нь төрийн эрх барих хамгийн дээд байгууллага нь өөрөө ирэх дөрвөн жилд ямар дэг журам, бодлого үйл ажиллагаагаар явах юм бэ. Нэг талаараа тоглоомын дүрмээ ойлгох, тохирох үйл явц юм. Тиймээс бүлгүүд яаж ажиллах, Засгийн газрын мөрийн хөтөлбөр, төсвийг хэрхэн хэлэлцэх, УИХ-ын дарга гэж хэн юм, цаашилбал намын бүлгүүд байгуулах, маргаантай асуудалд хэрхэн завсарлага авах вэ гэхчилэн УИХ-ын өөрийнх нь үйл ажиллагаатай холбоотой, амьдралд тулгамдаад байгаа тэр зүйлийг шийдвэрлэх юм. Анхнаасаа л буруу мордсон үйл явцаа засъя гэсэн хуулийн төсөл байгаа. Гэхдээ цаг хугацаа шаардах юм шиг байна. Гэвч хэн нь улс төрд хүншгүй, голгүй тоглож байна вэ гэдгийг манай ард түмэн харж байгаа байх. Би АН-ын бүлгийн гишүүд бүгд ийм байр суурьтай гэж ойлгохгүй байгаа. Үүсээд байгаа нөхцөл бол өнгөрсөн жилүүдэд манай намтай улс төрийн заваан, бохир наймаа хийж, ажил албан тушаал, даргын сэдэр зүүх гэж явдаг, намаа ялсан ялагдсан ч ямар нэг байдлаар дарга болох гэж гүйдэг цөөн хүний үйл явц байх.

-Бүлэгтэй болсноор энэ хугацаанд олон асуудлыг шийдвэрлэх боломж байсан байх. Бүлэггүй байснаар алдсан зүйл бий биз?
-УИХ-д МАН бүлэгтэй байснаар 20 гаруй гишүүний эрх ашиг гэхээс илүү сонгогчдын эрх ашиг хөндөгдөөд байгаа юм. Улс орны хөгжлийн төлөө хамтраад ажил гэж биднийг сонгосон. УИХ-д олонхи гэж алга. 39 суудал авсан нам байхгүй. АН суудлын илүүтэй гэдгээрээ санаачилж бусад улс төрийн хүчинтэй нэгдэж засгаа байгуулсан. Бид янз бүрийн юм яриагүй. Төсөв, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг нь баталж өглөө. Гэхдээ өнгөрсөн 100 хоногийг харахад хэд, хэдэн суурь юм руу орж байгаад эмзэглэж байгаа юм. Нэгдүгээрт, ардчилал гэж 22 жил ярьж, улс төрийн хүчнүүд үнэт зүйлээ болгосон байхад суурь ухагдахуун гэдгээр ардчилсан сонгуулийг байхгүй болгож, шүүхийн шийдвэрийн дагуу нэр дэвшигчид нь парламент, иргэдийн хурлын танхимд орж ирэх гэж оролддог үйл явц өрнөлөө. Сонгуульд өрсөлдсөн, санал өгөхөөр эрхээ эдэлсэн, сурталчилгааны арга хэмжээнд дээр зогсож үгийг нь сонссон хүн буруутан болж байна. Шүүх хүчний байгууллага сонгуульд оролцохоор ардчилсан сонгууль биш болдог. Энэ үйл явц манайд ороод ирлээ. Иргэдийн сонголт, сонгогчийн санал эцсийнх байдаг. Сонгогчийн санал хаан байдаг гэдэг үзэл баримтлал үгүй болж байна.

-Гэхдээ нэг намын шийдвэрээр хэрэгжүүлж байгаа асуудал шүүмжлэлтэй, учир дутагдалтай байна гэж үзэх хүн бий. Та үүнийг хувьдаа хэрхэн дүгнэх вэ?
-Парламентад 22 жилийн хугацаанд муу, сайн ч муудалцаж, сайдалцаж байгаад асуудлыг ойлгож, зөвшилцөл гэдэг юмаар шийдэж ирсэн. Нэг ёсны ардчиллын үнэт зүйл болсон ойлголцол, зөвшилцил, хамтарч ажиллах механизмыг бид янз бүрийн байдлаар явуулсан. Ямар ч байсан 22 жилийн хугацаанд сөрөг, эрх барьж байгаа хүчний хувьд ойлголцолд хүрээд явж ирсэн. Гэтэл энэ механизмыг тасалж эхэллээ. Энэ нь ардчилсан парламентын төлөвшилд сөрөг алхам, ухралт боллоо. Бид бүхний харж байгаагаар сөрөг хүчний дуу хоолой байхгүйгээр парламентад олонхийн дарангуйлал гэдгийг бий болгон түрэхээр, гарч байгаа хууль, дүрэм их олон алдаа дутагдалтай байна. Хамгийн наад захын жишээ гэхэд орон нутгийн хурлын сонгууль жонхуй шиг юм болсон. Дүн өвлийн хүйтэнд Монгол Улс сонгууль хийж болдоггүй юм байна гэдгийг харлаа. Маш олон сум, дүүрэгт дахин сонгууль болж, хэдэн арван сая төгрөг салхинд хийссэн. Сүүлдээ 10 гаруйхан хувийн санал авч, түүнээсээ хүссэн ч хүсээгүй батламжилдаг утгагүй байдал руу түлхэж байна. Энэ нь улс орны явж байгаа зам дээр ухралт болно. Ард олны амьдралд алдаа оноотой шийдвэр гаргалаа. МАН бүлэггүй байснаар хаалт зогсолт, дэмжээд явъя гэхэд боломжгүй байх зэрэг олон асуудал ажиглагдаж байна.

-Чуулган өнөөдөр хуралдана. Өвөрхангайн асуудлаас болж дахиад хойшлогдох нь гэсэн эргэлзээ байна. Та бүхэн Улсын дээд шатны шүүхийн шийдвэрийг хүлээж байгаа. Шийдвэр нь ирсэн үү?
-АН-ынхан сайд дарга болъё, хөрөнгө мөнгө шийдүүлье, эрх мэдэл нэмэгдүүлье гэхээр ирцээ 100 хувь биелүүлээд хуралдчихдаг. Хууль дүрмээ асуудлын дагуу явуулъя гэхээр ирц хүргэхгүй болчихдог. Халуун зунаас эхлүүлээд дарга цэргээ шийдэхдээ ирцээ бүрдүүлээд ирсэн. Түүгээрээ л явах ёстой шүү дээ. Хууль зөрчин байж УИХ-ын даргаа сонгосон. Нэг ёсондоо албан тушаал авч, ууж идэх болохоор болдог, төрийн ажил явагдахаар яагаад тасалдуулаад байна вэ гэдэг ойлгомжгүй байгаа. Тиймээс МАН-ын гишүүд УИХ-д орж ирц бүрдүүлэх хэмжээнд ажиллана гэвэл үгүй. Ард иргэд биднийг сонгохдоо үүрэгтэй оролцож, дуу хоолой нь болж ажил гэж оруулсан болохоос АН-ын хүмүүсийн ирцийг бүрдүүлэх хэмжээнд бай гэж оруулаагүй. Энэ утгаараа ирцээ бүрдүүлж хурлаа хийх асуудал нь эрх барьж байгаа хүчний үүрэг. Тиймээс тэд үүргээ биелүүлэх ёстой гэж харж байгаа. УИХ-ын гишүүдээ элэг бүтэн болгох асуудал нэн чухал. Өнөөдрийг хүртэл элэг бүтэн болохгүй байгаа асуудалд УИХ-ын даргаасаа эхлүүлээд эрх барьж байгаа хүчин анхааралдаа авах ёстой. Гэхдээ элэг бүтэн болгож байгаа юм гэж хууль зөрчиж, сонгогчдын сонголтон дээгүүр давж гишгэж болохгүй. Би Өвөрхангайн асуудлыг давж болдоггүй улаан шугаман дээгүүр давсан гэж бодож байгаа. Үнэхээр 4000-5000 хүнээр давуу саналтай хүнийг шүүх болон хөрөнгө мөнгөөр далайлгасан зүйл болоод байна. Үнэн гэж байдаг бол Өвөрхангайд сонгогдсон Н.Төмөрхүү, С.Чинзориг хоёр тангаргаа өргөх ёстой. Гэхдээ өнөөгийн нийгэмд үнэн гэдэг юм өдрийн од шиг ховор зүйл болчихлоо.

-МАХН Засгийн газраас гарна гэж мэдэгдлээ. Шинэчлэлийн Засгийн газар урт наслахгүй гэдэг нь энэ болж байна уу?
-Эрх зүйн талаас үзэхэд нэлээд ойлгомжгүй нөхцөл байдал үүсэх байх. Ялангуяа Засгийн газрын бүтэц зохион байгуулалт, УИХ-ын үйл ажиллагаатай холбоотой. Ер нь энэ удаагийн парламент байгуулагдсанаасаа хойш нэг тийм учраа олохгүй яваад байна. Олонхи болсон, бусад улс төрийн хүчнүүдийн хороонд ойлгомж муутай байгаад байгаа юм. Дүн өвлийн хүйтэнд ийм нөхцөл байдал үүсэх нь иргэдэд сайн биш муу нөлөө л үзүүлнэ.

-Ингэхэд таныг чөлөө аваагүй гадаадаар явж байгаад ирсэн гэсэн мэдээлэл байсан. Энэ үнэн юм уу?
-Миний хувьд их сургууль төгсөөд Шинжлэх ухааны академид ажиллаж байсан. Тэр үедээ эрдэм номын мөр хөөж, академийн хоолоос хэдэн жил хороосон. УИХ-ын гишүүн болсон ч МУИС-д эрдмийн ажил хийж байгаа. Үүнтэй холбогдуулж олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцсон. Удахгүй эрдмийн ажлаа дуусгаж, ном хэвлэлтэд өгнө. Эрдмийн ажлынхаа чиглэлийг УИХ-ын удирдлагад мэдээлсэн. Ирц хүрээгүй шалтгаантай холбогдуулаад миний нэр дурдагдсан юм билээ.  

-Засгийн газраас 1,5 тэрбум ам.доллартай тэнцэх бондыг олон улсын зах зээл дээр арилжааллаа. Ингэснээр Монгол Улсын нэр хүнд өснө гэж үзээд байгаа. Та үүнийг юу гэж харж байна?
-Монгол Улс өнөөдөр 9,2 тэрбум ам.долларын гадаад өртэй байна. 9,2 тэрбум ам.долларын 2,2 тэрбум нь Засгийн газрын болон ард иргэдийн нуруун дээр байгаа өр. 22 жилийн хугацаанд бий болсон өр гэсэн үг. Цаана нь үлдэж байгаа долоон тэрбум ам.долларын өр хувийн компанидын өөрсдийнхөө эрсдлээс хүлээсэн үүрэг байгаа юм. Үүнтэй адилхан хувийн хэвшлийнхэн өөрсдийнхөө эрсдэл, бизнесийн үйл ажиллагаагаар зээл аваад явж болох байтал улс хувийн хэвшлийнхний өмнөөс ачаагаа үүрч, бонд гаргаж байгааг бид нэг талаас буруу үйл явц гэж үзэж байгаа. Засгийн газрын бондын хэрэгжилт хэр байна гэдэг нь чухал. Нөгөөтэйгүүр бондын зарцуулалтыг хэн хянаж байгаа гэдэг учир дутагдалтай байна. 1,5 тэрбум ам.долларын бондыг олон улсын зар дээл дээр арилжаалснаар үүрэг хүлээчихлээ. Тэгэхээр үр дүнтэй, бодит тооцогдох байж ашиг тус гарах ёстой. Монголд мөнгө нь ороод ирж байгаа учраас тавих хяналт, хэрэгжилтийг сайжруулах хэрэгтэй. Энэ чиглэлээр тодорхой санал санаачилгыг манай намын бүлгээс гаргаж байгаа.

-Улсын төсөвтэй тэнцэхүйц энэ мөнгийг томоохон төсөл хөтөлбөрт санжүүжүүлж, үр дүнгээ өгөх байдлаар хэрэгжүүлнэ гэж байгаа. Төмөр зам, эрчим хүчний эх үүсвэр гарахад зарцуулах нь зөв үү?
-Үүнд анхаарал хандуулах цаг одоо эхэлж байна. Нэг ёсны эрхийг нь өгчихлөө. Юм хийе гэж санаачилсан, боломжийг нь олгосон. Харин үүнийгээ хууль дүрмийн хүрээнд, Монгол Улсын ирээдүйд ашиг, тустайгаар босгох ёстой. Мөнгө босгох нэг хэрэг. Үр дүнтэй ашиглах, өдөр бүр тоолуулаар гүйж байгааг сайн бодолцох нь зүйтэй. Засгийн газрын дунд, урт хугацааны өрийн бодлогод яаж нөлөөлөх вэ гэдэг олон зүйлийг харж хийх хэрэгтэй. Өнөөдөр МАН-ын өнгөрсөн жилүүдэд бүтээсэн бүх зүйлийг хараар будах гэж оролдож байна. Гэхдээ энэ бонд босож байна гэдэг бол өнгөрсөн жилүүдэд МАН-ын ямар ч байсан Монгол Улсын эдийн засгийг олон улсын давцанд гаргаад ирсэн юм байна гэдэг үнэлгээ. Тэгэхгүй гуравхан сар болсон Засгийн газар ийм хэмжээнд аваачиж байгаа юм биш.
-Ярилцсанд баярлалаа.
                          
 С.МӨНХБАЯСГАЛАН
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив