Н.Энхбаяр гэдэг бонд гаргая
2012 оны 12 сарын 10
Н.Энхбаяр гэдэг бонд гаргая
Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаярын гомдлыг хэлэлцэх шүүх хурал өчигдөр боллоо. Анхан болон дунд шатны шүүхээс түүнд албан тушаалаа урвуулан ашиглаж онц их хэмжээний хөрөнгө завшсан хэргээр нийт 25 сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, дөрвөн жилийн хорих ялаар шийтгэсэн. Иймээс тэрбээр Улсын дээд шүүхэд гомдол мэдүүлээд байсан билээ. Харин Улсын дээд шүүх түүний гомдлыг шүүн хэлэлцээд ТВ-9 телевиз болон Эрдэнэт үйлдвэрт ган бөмбөлөг нийлүүлэхтэй холбоотой хэргийг хэрэгсэхгүй болгож 2.6 жилийн ял оноолоо.
Харин МАХН-ын дарга, Монгол Улсын гуравдахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр түүний гомдлыг Дээд шүүх хэлэлцээд хэрэгсэхгүй болгохгүй бол өлсгөлсөн зарлахаа мэдэгдээд байгаа. Түүний өлсгөлөн зарлах гэж байгаа нь анхны тохиолдол биш. Тэрбээр энэ оны дөрөвдүгээр сард сүр дуулиантайгаар баривчлагдсаныхаа дараа 11 хоног хуурай өлсгөлөн зарласан билээ. Түүний зарласан өлсгөлөн батлан даалтад гаргах шийдвэрийн хүчинд зогссон юм. Тэрбээр хоригдох ял сонссон ч одоогоор сайд нарын гэгддэг хоёрдугаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Дээд шүүх түүнд ял оноосон нь түүнийг улс төрийн тавцангаас арчин хаяж байгаа хэрэг.
Ингэхэд Монгол Улсын гуравдахь Ерөнхийлөгч Н.Энхбаярыг хэлмэгдүүлэлтэд хүргэсэн улс төрийн карерь хэзээнээс эхлээд хаана төгсчихөв өө.
Намбарын Энхбаяр 1985 онд МАХН-д гишүүнээр элсжээ. Энэ мөчөөс эхлэн түүний мандан бадралын үе эхэлсэн гэж болно. Тэрбээр МАХН-ын дарга, УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч гээд сууж болох төрийн бүх өндөр суудалд суусан. Ингэснээр тэрбээр Монгол Улсын хаан шиг байлаа. Түүнийг хаан байхад Н.Энхбаярыг тойрон хүрээлэгчид хэмээх нэр томъёо гарч ирсэн. Харин одоо түүнийг тойрон хүрээлэгчидээс нь цөөн хэсэг нь л түүний төлөө үйл хэргээ зориулж явна. Үлдсэн хэсэг нь түүнийг үнсэнд хаясан шалз мэт болгосон юм. Тэрбээр 2009 онд Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвшин ялагдсанаас үүдэн уруудах шатандаа орсон гэж хэлж болно.
Н.Энхбаяр 2009 оны ялагдлаа намын нөхдөөсөө үздэг. Түүнийг намынхан нь АН-ынхантай нийлж унагасан хэмээдэг. 2010 онд тухайн үеийн МАХН нэрээ сольж МАН болгосны дараа Н.Энхбаяр тэргүүтэй хэдэн гишүүд 2011 оны нэгдүгээр сард МАХН-ыг дахин байгуулсан юм. Гэвч тэд МАХН гэх бүх товчилсон нэрийг хайгаад ч олдсонгүй. Учир нь Улсын бүртгэлийн Ерөнхий газарт МАХН гэж товчлогдох ямарч нэр үлдээгүй байжээ. Гэхдээ Н.Энхбаяртангуудыг их азтай гэж хэлж болно. Өнгөрсөн оны зургадугаар сард Улсын дээд шүүх тэдэнд МАХН гэдэг нэрийг ашиглаж болно гэсэн шийдвэр гаргасан нь Н.Энхбаярт барьсан Ц.Элбэгдоржийн хамгийн том бэлэг байв.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн гаргасан энэ шийдвэр нь АН-ынханы хувьд хамгийн том боломжийг авчирсан юм. Ц.Элбэгдорж МАХН гэдэг нэрийг Н.Энхбаярт бэлэг болгосноороо улс төрийн ууган хүчин МАН-ыг болон гишүүд, дэмжигчдийг нь хоёр хувааж чадсан юм. Энэ бол Ц.Элбэгдоржийн АН-д байгуулсан хамгийн том гавьяануудын нэг байлаа.
Гэвч тэжээсэн бяруу тэрэг эвдэнэ гэгчээр МАХН нэртэй Н.Энхбаярын нам өдрөөс өдөрт хүрээгээ тэлсээр байлаа. Энэ нь Ц.Элбэгдорж төдийгүй АН, бүр МАН-ынханы ч жихүүдэс төрүүлж эхэлсэн юм. Хачирхалтай нь УИХ-ын 2012 оны сонгуулийн өмнө буюу өнгөрсөн дөрөвдүгээр сард түүнийг АТГ-ынхан аавынх нь гэрээс хөл нүцгэн, бор оймсыг нь гозолзуулаад баривчлаад явсан. Цагтаа “Авлигын загалмайлсан эцэг” гэгдэж байсан энэ хүнийг АТГ-ынхан баривчилснаар түүний унасан нэр хүнд сэргэсэн гэж хэлж болно.
Энэ мөчөөс л Н.Энхбаярын ясны чанар цухуйж эхэлсэн юм. Тэрбээр өлсгөлөн зарлаад юу ч идэж уухгүй байх үестээ нэгэн мэдэгдэл хийлээ. Тэр нь “Ард түмний дэмжлэг албан тушаалаас үнэтэй” гэж. Энэ үгийг сонссон, дээр нь бор оймс нь гозолзоод АТГ-т баривчлагдаад явж байгаа дүр зургийг нь харсан монголчууд Н.Энхбаярыг өмөөрч байлаа.
Н.Энхбаяр МАХН-ыг байгуулсныхаа дараахан М.Энхсайханын МҮАН-тай хамтарч “Шударга ёс” эвслийг байгуулав. М.Энхсайхан тэр хоёр ийнхүү гар барилцсаныхаа хүчинд “Шударга ёс” эвсэл УИХ-д 11 суудал авч чадлаа. Гэхдээ энэ нь Н.Энхбаяр, М.Энхсайхан хоёрын чадвартайнх биш, монголчуудын өрөвч зантай холбоотой гэх хүн олон бий.
Харин түүнд шат шатны шүүх хурал ял оноосоор. Энэ үед Н.Энхбаяртай “Дэр нэгтгэсэн” М.Энхсайхан нүүр буруулах нь тэр. “Шударга ёс” эвслийнхэн төдийгүй МАХН-ынхан Н.Энхбаярыг улс төрийн зорилготой хэлмэгдүүлж байна гэж үзэж байсан. Тэгвэл М.Энхсайхан “Энэ баривчилгааг улс төрийн зорилготой гэж үзэхгүй байна” хэмээн хэлсэн нь эвсэл задарч эхэлснийг илтгэж байгаа хэрэг. Анхнаасаа бүрэлдэж эхэлж байхад нь л улс төр судлаачид, улстөрчид “Шударга ёс” урт наслахгүй гэж хэлж байсныг тэд нотолсоор..
Тэгвэл нөгөө талд Н.Энхбаярын даган баясагч, тахин шүтэгчид УИХ-д байгаа “Шударга ёс” эвслийн 11 дэх суудлыг Н.Энхбаяр, түүний хүү Э.Батшугар хоёрын нэгийнх байх ёстой хэмээн тунхаглан зарласаар. Бүр СЕХ-ноос нэрийг нь өргөн мэдүүлсэн Ц.Оюунбаатарыг бөөрөлхөж тангарагийг нь өргүүлэхгүй байсаар.
Гэвч Н.Энхбаярыг Дээд шүүх буруутай гээд үзчихлээ. Ингэх нь анхнаасаа л мэдэгдэж байсан юм. Учир нь хэрэв Дээд шүүх Н.Энхбаярыг буруугүй гэж үзвэл тэрбээр УИХ-ын гишүүн болно. Цаашлаад ирэх жил болох Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө. Мэдээж өрөвч ард түмэн түүнийг сонгох нь тодорхой болоод байна. Үүнийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон АН, МАН-ынхан бүгд мэдэж байгаа. Тиймээс түүнийг ирэх жилийн Ерөнхийлөгчийн сонгууль өнгөртөл торны цаана суулгах сонирхолтой хүн Ерөнхийлөгчөөс эхлээд олон байгаа гэсэн үг.
Тэгвэл одоо яах вэ. Н.Энхбаярын ар гэрийнхэн Монголын бүх шатны шүүхээр явж, зарга үүсгэн, гомдол мэдүүлээд тусыг эс олов. Н.Энхбаяр одоо өлсгөлөн зарлаад ч нэмэргүй. Ерөнхийлөгчид хандаад мөн л тусыг эс олох нь тодорхой. Тэд олон улсын хүний эрхийг хамгаалах байгууллагад хэд хэдэн удаа хандаад нааштай шийд ирүүлэхгүй байгаа. Бүх зүйл одоо хааш нь ч хөдлөхөөргүй болчихов бололтой.
Хамгийн гашуун үнэн нь Ардчилсан Ерөнхийлөгчийн үед Н.Энхбаяр шоронд орсон нь үнэн. АН-ынхан Н.Энхбаярыг суллуулахгүй нь үнэн. Нөгөө нэг үнэн нь түүнд оноосон ялыг цуцлахгүй бол Засгийн газраас гарахаа мэдэгдээд байгаа МАХН-ынхан үзэл бодлоосоо ухрахгүй нь үнэн.
Байдал нэгэнт ийм болсон тул Н.Энхбаярыгаа шорон руу нь илгээгээд оронд нь Н.Энхбаяр гэдэг бонд гаргая. Яагаад болохгүй гэж.

Н.БУДСҮРЭН
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив