Монголын төр Н.Энхбаярт бууж өглөө
2012 оны 12 сарын 11
Монголын төр Н.Энхбаярт бууж өглөө
Өнгөрсөн баасан гарагт Улсын Дээд шүүх МАХН-ын дарга Н.Энхбаяр нарын гомдлыг хэлэлцлээ. Гэтэл Дээд шүүх Н.Энхбаярт анхан болон дунд шатны шүүхээс оноосон дөрвөн жилийн ялыг нь 2.6 жилийн хорих ял болгоод өөрчилчихөв. Тэгэхээр анхан болон дунд шатны шүүх байгууллага Н.Энхбаярыг буруу шүүсэн гэсэн үг үү.
Угтаа нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүх Н.Энхбаярыг ТВ-9 телевиз болон Эрдэнэт үйлдвэрт ган бөмбөлөг нийлүүлэхтэй холбоотой хэрэг, “Өргөө” зочид буудал, “Улаанбаатар таймс” сонины байрыг хууль бусаар хувьчилсан хэрэгт буруутган, албан тушаалаа урвуулан ашиглаж онц их хэмжээний хөрөнгө завшсан хэргээр нийт 25 сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, дөрвөн жилийн хорих ялаар шийтгэсэн. Үүнийг нь дунд шатны шүүх хэвээр үлдээсэн. Гэтэл Дээд шүүх ТВ-9 телевиз болон Эрдэнэт үйлдвэрт ган бөмбөлөг нийлүүлэхтэй холбоотой хэргийг хэрэгсэхгүй болгож, албан тушаалаа урвуулан ашиглаж,  эрх бүхий албан тушаалтантай бүлэглэн “Өргөө” зочид буудал, “Улаанбаатар таймс” сонины байрыг хууль бусаар хувьчилсан хэрэгт буруутган 2.6 жилийн ял оноолоо. Хуулийн дагуу Н.Энхбаярт оноосон ял шийтгэлийн хугацаанд түүний хоригдож байсан хугацааг оруулж тооцно. Н.Энхбаяр өнгөрсөн дөрөвдүгээр сарын 12-13-нд шилжих шөнө баривчлагдсан мөчөөс түүний хоригдож, эмнэлэгт хэвтэж байсан хоногууд мөнөөх 2.6 жилээс нь хасагдана гэсэн үг. Тэгэхээр Н.Энхбаярт бараг ял оноогоогүйтэй адил. Тиймээс Н.Энхбаяр ирэх жил болох Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа суллагдана гэсэн үг. Магадгүй тэрбээр дахин нэг нүүдэл хийвэл суллагдаад ирэх жилийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр байна.
Нэгэнт Улсын Дээд шүүхээс анхан болон дунд шатны шүүх Н.Энхбаярт хүчээр ял оноосон байна гэх шийдвэр гаргачихлаа. Харин одоо түүнийг “Авлигын загалмайлсан эцэг биш” хэмээн зарлах л үлдэх шив дээ.
Ингэх л байсан юм бол яах гэж олны өмнө оймсыг нь гозолзуулан баривчилсан юм бэ. Эцэстээ ийм шийдвэр гаргах байсан юм бол Сүхбаатар дүүргийн шүүх яах гэж гурван хоног хуралдсан юм бэ. Хэдийгээр төрийн өндөр албан тушаал хашиж явсан ч авлигатай холбогдсон л бол хуулийн өмнө хариуцлага хүлээх ёстой гэдэг үгийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нийслэлийн иргэдтэй уулзах үеэрээ хэлж байсан. Түүнчлэн Н.Энхбаяртай хамтарч таван сум багцалж, сонгуульд хамт өрсөлдөн, засаг хамт байгуулалцсан М.Энхсайхан нь хүртэл түүнийг хэлмэгдсэн гэж үзэхгүй байгаагаа илэрхийлсэн. Гэтэл Дээд шүүх түүнийг хэлмэгдсэн гээд үзчихдэг байна шүү.
Одоо бүр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Н.Энхбаярыг ирэх цагаан сараар өршөөлөөр суллах гэнэ” гэсэн мэдээлэл байна. Үгүй тэгээд Монгол төр, Монголын ард түмэн, шүүхтэйгээ хэдхэн улстөрчийн тоглоом болж байна уу.
Н.Энхбаяр гэдэг хүн шоронгоос Монголын төрийг удирддаг болоод удаж байна. Одоо нэг хачирхалтай жишиг тогтлоо. МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл АН-тай хамтарч Засгийн газар байгуулах гэж байхад МАХН-ынхан Засгийн газраас гарна гэсэн. Гэтэл Н.Энхбаяр эмнэлгээс Засгийн газар тогтвортой байх ёстой гэсэн утгатай захидал бичсэн. Үүнээс болж МАХН засгаас гарахаа больж, улс төр  тогтвортой болж, түүнийг дагаад төр засаг үймэлдэхээ больчихдог гэнэ. Үнэндээ Засгийн газрын бүрэлдэхүүнд МАХН-ын гурван сайд л байгаа. Тэд огцорлоо гээд Засгийн газар тэр чигээрээ огцрох нь юу юм.
Гэтэл өнгөрсөн долоо хоногт МАХН-ынхан мөн л Засгийн газраас гарахаа илэрхийлэв. Гэхдээ бүр Ерөнхий сайдыг албан ажлаар гадаад явах өдөр нь шүү. Улс төрийн шийдвэр бол шийдвэр л байх ёстой. Гэтэл Н.Алтанхуяг өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт Киргизээс ирсэн. Харин МАХН-ынхан одоо болтол засгаас гарах бичгээ Ерөнхий сайдад өгөөгүй байгаа. Үнэнийг хэлэхэд МАХН-ынхан арай л андуурч байна. Тэд өөрсдийгөө эрх барьж байсан МАХН гэж бодоод байгаа юм биш биз дээ. Энэ арай биш юм аа. АН олонхи болсон юм чинь Засгийн газраас гуравхан сайд гарлаа гээд өвдөг сөхөрнө гэж үү.

Н.БУДСҮРЭН
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив