Э.Бат-Үүл дарга аа, нийслэлчүүдэд тэшүүр тараая
2012 оны 12 сарын 11
Э.Бат-Үүл дарга аа, нийслэлчүүдэд тэшүүр тараая
Сүүлийн үед гадуур нэгэн яриа тархах болж. Хотын хүүхнүүд зундаа балет бүжиглэж, өвөлдөө уран гулгагч болдог гэж. Хошин ч гэсэн энэ үнэн үг л дээ. Үнэхээр л бүсгүйчүүд маань зун нь шалбааг дундуур өлмий дээрээ гүйлдэж, өвөлдөө мөсөн дээгүүр яг л уран гулгалтын тамирчин аятай гулгадаг. Харин уран гулгалтын тамирчин байх нь илүү эрсдэлтэй. Тэд зориулалтын тэшүүргүйгээс өмссөн гутлынхаа өсгийг хугалах, халтирч унаад өвдөг тохойгоо шалбалах, цаашлаад тархи толгойгоо гэмтээж ясаа хугалах магадлалтай. Дээр нь нийслэлчүүд бүгдээрээ баян болохоор том жижиг машин хотоор нэг холхилдоно. Харамсалтай нь тэд тголдуу халзан дугуйтай явдаг. Тиймээс уран улгагч нарт бүр ч халгаатай. Хаа нэгтэйгээс гарч ирээд мөргөөд унагачих гээд тун зовлонтой. Тэдэнд мөргүүллээ гэхэд “Хүний зам дээр яах гэж явсан юм. Миний буруу биш. Тэр хотын удирдлагууд чинь замаа цэвэрлүүлээгүйгээс боллоо. Энэ зам чинь мөсөн гулгуур болчихоод байхад тормос гишгээд ч нэмэр алга” хэмээн өнөө муу буурал толгойтой, баатар дарга руу минь буруугаа чихээд байх юм. Уул нь ч Үүл дарга нийслэлийн албан байгууллагуудыг ойр орчмынхоо 50 метр квадрат газрыг цэвэрлэж байх үүргийг өгсөн л дөө. Гэвч түүнийг нь биелүүлж байгаа газар тун ховор. Тиймээс явган явж байгаа хүмүүс ёстой л уран гулгалтын шилдэг тамирчин гэдгээ харуулахаас өөр замгүй.
Үүний дээр Хот тохижилтынхон гэгддэг шар хантаазтангууд өглөө эртхэндээ зам талбайгаа цэвэрлэж харагддаг байсан одоо бүр больж. Хотын төвөөр явж байгаа машинууд гэж яг л яст мэлхий. Ялангуяа жаахан цас, хялмаа хаясны дараа бол олигтойхон явна гэж горьдсоны ч хэрэггүй. За тэгээд мөлхөж яваа машины өмнүүр зам хөндлөн гарч яваад мөргүүлсэн хүний хохь л болно гэсэн үг. Нөгөө талаар хотын захын замтай бол бүр ярих ч хэрэггүй. Тэнд чинь л ёстой тэшүүрийн талбай бий болчихоод байна. Ялангуяа автобусны зогсоол орчимд бол жинхэнэ янзтай. Тэшиж очоод л савж унаад байх нь тэр. Автобуснууд нь зогсох гэж байгаа нь энэ гээд халзан дугуйгаараа бүр мөлийлгөөд хаячихсан. Тэнд бол харин жүжиг ший, уран гулгалтын тэмцээн гээд бүгдийг үзэж болно. Харамсалтай нь оролцогчдын ихэнх нь хүүхэд, хөгшид байдаг болохоор үзэж баясахаасаа илүүтэй “яс хавталзсаар” байгаад эцэстээ бухимдаад дуусна.
Саяхан манай Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Хотын төвд цанаар гулгах боломжтой боллоо” гээд Залуусын соёл амралтын хүрээлэнд цанаар гулгаж яваагаа ихэд гайхуулан ярьж харагдсан. Харин түүнийг нь харсан иргэд “Тэртэй тэргүй цанаар биш, хоёр гутлынхаа улыг халзартал тэшүүрдэж байна даа” хэмээн ярьж байсныг нь сайд лав сонсоогүй байх.
Нэгэнт нийслэлчүүд цас мөсөндөө хүч хүрэхээ больсон болохоор хотын даргад хошуу хүргэмээр санагдлаа. Э.Бат-Үүл дарга аа, нийслэлчүүдэд ер нь тэшүүр тараавал ямар вэ. Тэд хүссэн хүсээгүй уран гулгалтын тамирчин болчихсон юм чинь тэшүүр өгчихвөл асуудлыг арай хурдан шийдчих юм биш үү. Нэгдүгээрт, тэшүүртэй болсон иргэд спортоор хичээллээд эрүүл мэндэд нь тустай. Хоёрдугаарт, тэшүүртэй юм чинь заавал машин асааж, бензин зарлагадаж, хотын түгжрэл үүсгэх шаардлагагүй. Дээр нь агаарын бохирдолд автомашины утаа багагүй нөлөөлдөг гээ биз дээ. Тиймээс энэ ер нь боломжийн арга юм шиг санагдлаа. Ядаж л шар хантаазтангуудыг цас, мөсөө арилгасангүй гэж бухимдах шаардлагагүй, албан байгууллагуудыг ойр орчмынхоо 50 метр талбайг цэвэрлэсэнгүй гэж дарамтлах ч хэрэггүй болно. Тэгэхээр аль аль талдаа ашигтай арга байгаа биз.

Н.БУДСҮРЭН
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив