УИХ-ын чуулганы танхимд “Зөн билгийн тулаан” явуулъя
2012 оны 12 сарын 17
УИХ-ын чуулганы хуралдаанаар Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаар ярилцаж байх үед гишүүд бүгдээрээ л сэтгэлзүйчид болчихсон мэт харагдаж байв. Төрийн түшээд маань иргэдийнхээ сэтгэцийн асуудалд санаа зовж, түүнд анхаарлаа хандуулж байгаа нь хамгийн бахархууштай. Тэдний ярианы сэдэв нь сэтгэцийн өөрчлөлт, нийгэм тэр аяараа стресст орсон гэхчилэн байдаг л зүйл. Гэтэл зарим нь хүмүүсийн сэтгэцийн хямралд бөө, лам, үзмэрч, шашин нөлөөлж байгаа талаар дурьдаж байлаа. Гэхдээ ихэвчлэн залуу гишүүдийн амнаас энэ үг гарч байхыг сонсоход инээдтэй ч юм шиг, эсвэл эмгэнэлтэй ч юм шиг. Тэдний яриаг сонсоход ёстой л нөгөө соц нийгмийн үеийн “Шашин бол оюун ухааныг мунхруулагч хар тамхи мөн” гэдэг уриа санагдлаа. Хувцасны загвар тодорхой давтамжтайгаар эргэдэг гэдэг шиг уриа, лоозон ч бас эргэдэг юм уу даа. Тэдний сэтгэлзүйч болон хувирах үест томоогүй ч гэмээр нэг бодол толгойд орж ирлээ. Чуулганы танхимд сууж байгаа гишүүдийн дунд тэдний яриад байгаа бөө, лам, үзмэрч бүгд л сууж харагдах юм. Тэгэхээр ер нь УИХ-ын чуулганы танхимд “Зөн билгийн тулаан” явуулбал ямар вэ. Яах вэ дээ. Төрийн их зайран гэж байдаг шиг түрүүлснийг нь “Төрийн үзмэрч” болгоё. Ерээд онд Төрийн үзмэрч Ч.Дашцэрэн гэж байсан даа. Тэгэхээр энэ цагт яагаад байж болохгүй гэж. Харин чуулганы танхим дахь “Зөн билгийн тулаан”-д хэнийг оруулах вэ.

УИХ-ын гишүүн Н.Батбаяр
Эдийн засгийн хөгжлийн сайд түүнийг бөө болж, тэнгэртэй холбогддог гэдэг. Бөө болсноосоо хойш тэрбээр өөрийгөө “Фортуна Батбаяр” гэж дуудуулах тун дургүй болсон тухай ойр тойрныхон нь ярьдаг. Нэг хэсэг ам нээвэл Мөнх тэнгэрийн тухай лекц уншдаг болсон гэж байгаа. Түүгээр ч үл барам 99 тэнгэрийг тахиж, тэнгэр шүтлэгийг Монголын төрийн шашин болгох саналыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон УИХ-д тавихыг эрмэлздэг гэх яриа ч бий. Харин тэрбээр өөрийгөө бөө биш харин мөнх хөх тэнгэртэй холбогддог хүн гэж хэлдэг. Н.Батбаяр өнгөрсөн сард болсон Эзэн Чингис хааны мэндэлсэн баярын өдрөөр Их хаадын хөргийг Төрийн ордонд залсан нь түүний мөнх тэнгэртэй холбогддогтой холбоотой ч байж болох.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан

УИХ-д дархан суудалтай энэ гишүүнийг өвөрхангайчууд Гэгээнтэн гэдэг. Ямартай ч энгийн биш тэрбээр нутаг усныхаа иргэдтэй уулзаж явахдаа орсон айлдаа сан тавьж хиймор лундааг нь сэргээгээд гардаг гэж байгаа. Тэгэхээр шаггүй гэгээнтэн тэрбээр Зөн билгийн тулаанд оролцоход болохгүй зүйлгүй.




УИХ-ын гишүүн Р.Гончигдорж

Ардчилалтай зэрэгцэн Төрийн ордонд данстай болсон түүнийг мөн л энгийн хүн биш гэдэг. Тэрбээр 2008 оноос хойш үсээ урт ургуулсан олны дунд түүнийг бөө болсон гэх яриа үүсгэсэн. Харин Р.Гончигдорж гишүүн өөрийгөө бөө биш хэмээн албан ёсоор зарлаад амжсан. Хэдийгээр тэрбээр бөө биш ч том хувилгааны хойд дүр гэдэг. Учир нь өвөг эцэг нь Архангайдаа нэртэй том хувилгаан байсан аж. Тиймээс нутгийн зон олон, Р.Гончигдоржийн ах дүү, хамаатан садан нь түүнийг өвөөгийнхөө хойд дүр хэмээн өргөмжилсөн байдаг.


УИХ-ын гишүүн Ц.Нямдорж

Хууль зүйн сайд асан тэрбээр бөө, лам алин ч биш. Харин олон нийт түүнийг үзмэрч гэдэг. Учир нь улс төрийн халуун тогоонд болж буй үйл явдлыг тэрбээр урьдчилан хэлж чаддаг шидтэй. Олон зүйлийг урьдчилж ярьсан тэрбээр хамгийн сүүлд л гэхэд “Н.Энхбаяр, М.Энхсайхан хоёрын нөхөрлөл удахгүй ээ. Та нар харж л байгаарай” гэж хэлсэн. Энэ нь тун удахгүй батлагдаж М.Энхсайхан нэг л өдөр “Би Н.Энхбаярыг хэлмэгдсэн гэж бодохгүй байна” хэмээн хэлснээр тэдний таван сум зангидсан нөхөрлөл нь эцэслэгдэв. Түүнчлэн Шинэчлэлийн гэгддэг Засгийн газар байгуулагдах үед “Н.Алтанхуяг аа, чи Засгийн газартаа дандаа урвагч нарыг нэгтгэж байна. Д.Тэрбишдагва удахгүй чиний ар нуруунд чинь хутга зооно. Харж л байгаарай” хэмээн хэлсэн нь биеллээ олж Шадар сайд Д.Тэрбишдагва Засгийн газраас гарахаа илэрхийлсэн.

Дээрх хүмүүсийн хэл яриа, хийж буй үйлдлээс харахад тэднийг яагаад тулаанд оруулж болохгүй гэж. Тэдний дээр хэдхэн хоногийн өмнө гишүүний тангаргаа өргөсөн Г.Батхүү, Д.Арвин хоёрыг оруулсан ч болохгүй зүйлгүй. Д.Арвин гишүүнийг дэргэдээ өөрийн гэсэн бөөтэй гэх сураг бий. Бөөгийнхээ хүчээр их хатдын сүнстэй хөөрөлдсөн ч гэх яриа бий. Тэгэхээр түүнийг бөөтэй нь цуг оруулъя. Мөн Г.Батхүү гишүүнийг орхигдуулж болохгүй. Учир нь тэрбээр мөнгө байвал бүх зүйл бүтдэгийг монголчуудад харуулж чадсан тул оруулах нь зүйтэй. Мөнгөний хүч аугаа юм чинь “Зөн билгийн тулаан”-д түрүүлчих ч юм бил үү.

Н.БУДСҮРЭН Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив