Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг ажлын хэсэгт буцаалаа
2012 оны 12 сарын 20
Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг ажлын хэсэгт буцаалаа
Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн үдээс хойшхи хуралдаанаар  Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай, Хууль хүчингүй болсонд тооцох тухай, Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай, Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг, түүнчлэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг  хийсэн юм.
Мөн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.  Төрийн албаны зөвлөлийн гишүүнийг чөлөөлөх, томилох тухай асуудал, зарим төслийг хууль санаачлагчид нь буцаах тухай асуудлыг ч Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж, гишүүд 18.00 цаг хүртэл “А” танхимд хуралдлаа.
 Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулан, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар тогтсон. Энэ нь УИХ дахь МАН-ын гишүүд бүлэгтэй  болох эхний алхам тавигдлаа гэсэн үг юм.
Хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүн Н.Батцэрэг асуулт асууж, байнгын хорооны дарга А.Бакей хариулт өгсөн. Мөн зарчмын зөрүүтэй асуудлаар санал хураалгах үеэр С.Баярцогт, Д.Дэмбэрэл, Р.Бурмаа нарын  гишүүдийн гаргасан саналууд болон найруулгын шинжтэй зарим саналыг хэлэлцсэн бөгөөд гурван ч санал дэмжлэг аваагүй болно.
Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүний бүрэн эрхтэй холбоо бүхий асуудлаар Ц.Нямдорж, Д.Дэмбэрэл, Ж.Энхбаяр, Х.Тэмүүжин нарын гишүүд асуулт асууж, саналаа хэлсэн. Энэ хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг  байнгын хорооны гишүүд дэмжив.
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай, Хууль хүчингүй болсонд тооцох тухай, Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай, Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн боловч,  Ажлын хэсгийг  дахин ажиллах шаардлагатай гэж үзээд,  хэлэлцүүлгийг тодорхой хугацаагаар  хойшлууллаа.
 Энэхүү хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачлан боловсруулж УИХ-д өргөн мэдүүлсэн бөгөөд  хэвлэл, мэдээллийн хэрэгслийн өмчлөгчийг олон нийтэд тодорхой зарлана. Өмчийн эзэн солигдвол  тухай бүрт нь мэдээллийн хэрэгслээр дамжуулан ил тод мэдээлнэ  зэрэг заалтууд тусгаад байгаа юм.
Харин Байнгын хороогоор анхны хэлэлцүүлгийг хийж эхлээд явж байх хугацаанд   төсөл санаачлагчийн зүгээс  хуулийн төсөл дэх наймдугаар зүйлийн  зарим заалтуудыг  бүхэлд нь татах санал гаргасан. Энэ нь хэлэлцүүлгийг нэлээд өрнүүлж, М.Батчимэг, Д.Лүндээжанцан, Я.Содбаатар, С.Баярцогт, Ж.Энхбаяр, Г.Уянга, Р.Бурмаа, Н.Энхболд нарын гишүүд санал бодол, байр сууриа илэрхийлж байлаа.

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ