Чингэлтэйн Д.Ганболд МАХН-д урважээ
2012 оны 12 сарын 25
Чингэлтэйн Д.Ганболд МАХН-д урважээ
Чингэлтэй дүүргийн МАН-ын хороо Орон нутгийн хурлын сонгуульд ялалт байгуулсан. Тэд ИТХ-ын 35 суудлын 26-г нь өөрсдийн болгож чадсан юм. МАН нэгэнт олонхи болсон учраас дүүргийн Засаг дарга болон ИТХ-ын даргыг сонгох эрхтэй гэсэн үг. Тиймээс энэ эрхээ эдэлж өнгөрсөн долоо хоногт хуралдан Засаг дарга болон ИТХ-ын даргаа тодруулсан. Ийнхүү дүүргийн Засаг даргаар Д.Ганболд, ИТХ-ын даргаар Д.Бат-Эрдэнэ нар тодроод байгаа юм.

Д.Ганболдын тухайд хотод цөөнгүй жил ажилласан. Тодруулбал, Нийслэлд Төрийн сангийн даргаар арван жил ажиллаж байгаад 2008 оноос өдийг хүртэл дүүргийн Засаг даргаар томилогджээ. Тэнгис кинотеатрын дэргэд баригдаж байгаа барилга дээрээс төмөр унаж 19 настай залуу амиа алдсаны дараа дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийн олонхийн шийдвэр гарч түүнийг огцруулахаар болсон юм. Мөн дүүргийн нутаг дэвсгэр дэх замбараагүй газар олголттой түүнийг холбоотой гэдэг. Ийнхүү дүүргийн ИТХ-ын шийдвэрийг Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл батламжилсан ч тэрбээр Засаг даргын тамгаа хүлээлгэн өгөлгүй нэг хэсэг тэмцсэн юм. Чингэлтэй дүүрэгт өнгөрсөн жилүүдэд үе үеийн МАН дарга нар эрх барьж ирсэн. Өнгөрсөн хугацаанд Чингэлтэй дүүргийн газрыг хууль бусаар олгосон, иргэдийн эрх ашгийг хохироосон, ая тухтай амьдрах орчныг алдагдуулсан, өнөөгийн бөглөрөл түгжрэлд гол хувь нэмрээ оруулсан бүлэг фракцийн нөхдүүд удирдаж ирснээс биш дүүргийн Засаг даргаар ажилласан шиг ажиллах удирдлага байгаагүй юм. Д.Ганболд аливаа зүйлийг шийдэхдээ аль болох башир арга хэрэглэдэг нэгэн. Тэрбээр УИХ-ын болон нийслэлийн ИТХ-д нэр дэвшигчид нэр дэвшсэн тойрогтоо ялалт байгуулахын тулд есөн бусын бусармаг арга, саам хэрэглэдэг өмнөх зуршилаасаа огтхон ч салаагүй. Ямар сайндаа Орон нутгийн хурлын сонгуулиар нэр дэвшсэн тойргийнхноо аймаг, аймгаар нь цуглуулж уулзаад, “Бид чинь нэг нутаг усны хүмүүс” гэж хошгируулан, саналыг нь авах гэж улайрсан гэдэг.

Чингэлтэй дүүргийн ИТХ-ын даргаар тодроод байгаа Д.Бат-Эрдэнийн тухайд их  сонирхолтой этгээд. Тэрбээр өөрийн нэрээ Дамжингийн Бат-эрдэнэ гэдэг ч үнэн хэрэгтээ Дамжингийн Батмөнх гэдэг нэртэй гэдэг. Д.Бат-Эрдэнийг УИХ-ын гишүүн, Нийслэлийн засаг дарга асан Ц.Батбаяр анх Нийслэлийн авто замын газрын даргаар томилж байсан түүхтэй. Түүнийг Нийслэлийн Авто замын газрын даргын албан тушаалд ажиллаж байхад нь түүнийг АТГ-аас шалгаж түүний жинхэнэ нэр нь Д.Бат-Эрдэнэ биш, Д.Батмөнх болохыг, түүнчлэн иргэний бичиг баримт болон дээд боловсролын дипломыг хуурамчаар үйлдсэн болохыг тус тус олж тогтоосон байдаг. Хамгийн сонирхолтой нь ийм хуурамч, худалч, авлигач, зальхай хүнд Чингэлтэй дүүргийн иргэд итгэл үзүүлэн хоёр ч удаа нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчээр сонгочихсон байх юм. Д.Бат-Эрдэнийг нийслэлийн Авто замын газарт байхдаа олон тендерийг өөрийн хүмүүстээ өгч хувь авч багагүй хөрөнгөжсөн гэдэг. Мөн түүний хувийн “Эрдэнэ-суварга” ХХК нь Чингэлтэй дүүргийн 39 дүгээр сургууль , өрхийн эмнэлэг, цэцэрлэг, хорооны байрыг өвөл дулаанаар хангах нэрээр төсвөөс их хэмжээний хөрөнгө жил бүр гаргуулан авдаг гэлцдэг.

Гэвч өдгөө Чингэлтэй дүүргийн ИТХ-ын гишүүд хэдэн сарын өмнө огцорсон экс Засаг дарга Д.Ганболд болон хуурамч нэртэй гэгддэг Д.Бат-Эрдэнэ нарыг томилохоор хэлэлцээд сууж байна. Харин зарим гишүүд нь  Т.Аюурсайхан болон УИХ-ын гишүүн асан Д.Очирбат нарын нэгийг Засаг дарга болгох саналтай байгаа юм байна. Харин Д.Ганболд Чингэлтэй дүүргийн МАН-ын хорооны дарга учраас гишүүдээ цуглуулан өөрийгөө сонгуулах бүхий л аргыг сэдэж байгаа бололтой. Үүгээр ч зогсохгүй МАХН-д урвах гээд Шадар сайд, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагватай хэд, хэдэн удаа уулзаж яваа сурагтай.

Д.Ганболдыг Чингэлтэй дүүргийн Засаг даргаар хуулийн дагуу Хотын дарга Э.Бат-Үүл батламжлах ёстой. Гэвч хэдхэн сарын өмнө огцорсон даргыг гаргаж баасан дээрээ халтирдаг тэнэг хүн Э.Бат-Үүл биш. Хэрхэхийг харах л үлдлээ.

У.САРАНГЭРЭЛ
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив