Н.Алтанхуяг аа, наад урвагчдаа хөөгөөд гаргаач
2012 оны 12 сарын 25
Н.Алтанхуяг аа, наад урвагчдаа хөөгөөд гаргаач
МАХН-ынхан засгаас гарахаа мэдэгдээд 13 хонолоо. Гэтэл өнөө хэр нь Ерөнхий сайдад албан ёсоор өргөдөл, хүсэлтээ өгөөгүй байгаа. Тэдний засгаас гарах эсэхийг “Шударга ёс” эвслийн Удирдах зөвлөл хуралдаж байж шийддэг юм байх. Ийм шалтгаанаараар өнөөг хүртэл юу ч болоогүй юм шиг хэдэн сайд, дэд сайдууд нь зөөлөн суудалдаа шигдсээр байна. Үнэхээр л Удирдах зөвлөлөөр шийдүүлдэг байсан юм бол тэд яах гэж ард олны санаа сэтгэлийг үймүүлж, шоу тавих ёстой гэж. Үнэндээ МАХН-ын дарга Н.Энхбаярын гомдлыг хэлэлцэхийн өмнөхөн засгаас гарахаа илэрхийлсэн тэдний санаа бодол нь зөвхөн намын даргынхаа төлөө гэдгийг олон нийт мэдэж байгаа.

Ер нь тэд ингэж өөх ч биш, булчирхай ч биш сав л хийвэл засгаас гарахаа мэдэгдэж, нийгмийг хутган үймүүлж байхын оронд “Гай болохоор зай бол” гэдэг шиг зайгаа тавибал таарна. Хэрэв тэд засгаас гарахаа мэдэгдэх үедээ өргөдлөө өгөөд гардгаараа гарсан бол одоо шинэ засаг бүрддэгээ бүрдчих хугацаа өнгөрлөө. Гэтэл тэд юун өргөдөл өгөх. Харин ч сайдын сэнтийгээ алдчих вий гэхээс Н.Алтанхуягийн хаалгыг татахаас айж байна.
Анхнаасаа л МАХН-аас Засгийн газар орсон Д.Тэрбишдагва, Ч.Улаан, Н.Удвал, О.Чулуунбат гээд бүгд урвагчид гэдгийг олон нийт мэдэж байгаа. Тэдэнд нам гэдэг цахилгаан шатанд суугаад албан тушаалд очих ганц гүүр нь. Өмнө нь МАН-д байхдаа тэд намын нэрээр сайдын сэнтийд заларч явсан нөхдүүд. Гэсэн ч МАН-аас илүү МАХН-д байвал арай амар албан тушаалд очино хэмээн тооцоолж урвасан гэж байгаа. Тэдний дарга Н.Энхбаяр “Ард түмний дэмжлэг албан тушаалаас үнэтэй” гэж хэлсэн. Тэгвэл дээрх урвагчдын хувьд “Албан тушаал ард түмнээс үнэтэй” гэдэг уриатай гээд хэлчихэд буруудахгүй болов уу.
Д.Тэрбишдагва УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгийн даргаар томилогдоод сарын дараа л Шадар сайд болсон. Ч.Улаан УИХ-ын дэд дарга болчихоод аравхан хоногийн дараа Сангийн сайдад томилогдсон. Энд Н.Энхбаярыг шүүх хурал болж байхад Д.Тэрбишдагва шинэ Засгийн газрын Шадар сайд болчихоод оргилуун дарс буудуулж явсан.
Д.Тэрбишдагва, Ч.Улаан хоёр УИХ-ын сонгуулийн өмнө МАХН-д элсэж байсан. Хүмүүс тэднийг Н.Энхбаярын хүн юм чинь аргагүй гэж байсан. Гэтэл одоо тэд сайд болчихоод намынхаа Гүйцэтгэх зөвлөлийн үгийг ч сонсдоггүй гэж байгаа. Намын гишүүдийн үг тэдэнд хүрнэ гэвэл бүр үлгэр болох биз. Улс төрд мөнхийн эрх ашиг гэж байхаас мөнхийн дайсан гэж байдаггүй гэдэг боловч энэ бол тэдний мөн чанар.

Ер нь Н.Алтанхуяг сайд аа, МАХН-ын Д.Тэрбишдагва, Ч.Улаан, Н.Удвал гурвыг дэд сайдуудтай нь хөөгөөд гаргахад танай Засгийн газар чимхийн төдий ч чичрэхгүй. Харин ч танай намд ашигтай юм биш үү. АН-ын төлөө хөдөө хөхөрч, гадаа гандаж явсан, УИХ-ын гишүүн ч үгүй, сайдын суудал ч үгүй үлдсэн нөхөд зөндөө бий. Тийм байхад тэр гурваар шантаажлуулаад сууна гэвэл инээдтэй л байна.
Тиймээс Н.Алтанхуяг сайд аа, та МАХН-ын гурван сайдыг яш одоо засгаас гарга. Тэд яахыг нь харъя.

Н.БУДСҮРЭН
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив